Ерөнхийлөгч бүртгэлийн талаар тодруулав

Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч бүртгэлийн талаар тодруулав

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж иргэний шинэчилсэн бүртгэлд өнөөдөр хамрагдаж, бүртгэлийн дүнтэй танилцлаа. Бүртгэл эхлэхийн өмнө Ерөнхийлөгч сэтгүүлчдэд хандаж, “Улс  орон даяар иргэний шинэчилсэн бүртгэл явагдаж байна. Ерөнхийдөө 90.3 хувьтай байгаа гэсэн. Ондоо багтаагаад бүртгэлийн ажил өндөрлөнө. Гэхдээ хүүхдүүд 16 нас хүрэнгүүт энэ бүртгэлд хамрагдаж байх учир бүртгэл байнга явагдана гэж ойлгож  болно. Мөн аймаг, суманд цөөн тооны бүртгүүлээгүй иргэд бий   байх. Тэр хүмүүст энэ бүртгэл нээлттэй байна биз ээ гэж хэлэв. 

    Ингээд Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны иргэний бүртгэлийн ажилтан Э.Уянга төрийн ордонд ирж, Ерөнхийлөгчийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийг үзэж, хурууны хээ аван бүртгэлд хамрууллаа.

    Ерөнхийлөгч бүртгүүлснийхээ дараа Иргэний бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Мөнхбаатараас зарим зүйлийг асууж лавласан юм.

    Ерөнхийлөгч: -Бүртгэл хийлгэснээр иргэн хүнд ямар ашиг тус байна?

    Л.Мөнхбаатар: -Иргэн  шинэчилсэн бүртгэлд хамрагдсанаар эрхээ хамгаалах, эрхээ эдлэх нөхцөл бүрдэж байгаа юм. Тэтгэвэр, халамж, даатгал, татвар, гааль гээд  бүх сүлжээнд мэдээлэл нь орсноор тухайн хүн төрийн үйлчилгээг авах, үйлчилгээг түргэн шуурхай болгоход ихээхэн ач холбогдолтой гэж ойлгож болно.
    Ерөнхийлөгч: -Гадаадад амьдарч, ажиллаж, сурч буй иргэдээ бүртгэж эхэлсэн үү?

    Л.Мөнхбаатар: – Гадаадад амьдарч, ажиллаж, сурч буй иргэдийг ирэх оны нэгдүгээр улиралд дипломат төлөөлөгчийн газруудаараа дамжуулан бүртгэж эхэлнэ.

    Ерөнхийлөгч: -Ер нь цаашдаа иргэний үнэмлэх солих юм байна гэж ойлгосон. Иргэний үнэмлэх солихдоо хүмүүст дарамт учруулахгүй байхад анхаарах ёстой. Ямар нэг муу хэл яриа дагах учиргүй. Олон оронд ийм бүртгэл хийж, иргэний үнэмлэхний шинэ системд шилжиж байгаа. Хамгийн сайн хийсэн газрын туршлагыг харах байх. Дээр нь олон оронд  нийгмийн хамгааллын дугаар гэж байдаг. Тийм дугаарын систем нэвтэрвэл их зүгээр. Энэ дугаар зуун сая дотор давтагдахгүй гэдэг. Ерөөлөөр Монголын хүн ам олон болох байх.  Цаашдаа зип кодны систем нэвтрэнэ гэж бодож байгаа. Энэ системээр хаяг амархан олдог, шуудангийн үйлчилгээ, төрийн үйлчилгээ очих боломжтой болдог. Бүртгэлээр хүн ам гадаад, дотоодод байгаа нь нийлээд гурван саяд хүрэх нь үү?

    Л.Мөнхбаатар: -Бүртгэлийн дүн тоо гараагүй байна. Гадаадад   амьдарч, ажиллаж, сурч буй хүмүүсийн тоо нэмэгдэж гарах төлөв бий.

    Ерөнхийлөгч: -Би бүгд нийлээд гурван сая болоосой гэж үнэхээр их хүсч байгаа. Дараа нь нэмэгдээд таван сая, 20-30 жилийн дараа 10 саяд хүрчихвэл ард түмэн маань алзахгүй болно. Баялаг бол хүн. Цаашдаа монголчууд улам олон болох ерөөлийг бэлэгдэж явах ёстой гэж бодож байна. 16 нас хүрээд бүртгэгдэж байна. Иргэний бүртгэлийн асуудал дээр эргэлт гаргах ёстой болов уу. Бусад  оронд хүүхэд төрөнгүүт бүртгэдэг. Манайд хүүхдийг иргэн гэж үздэггүй. 16 нас хүрч байж иргэний харилцаанд ордог. Гадаадынхны хүүхэд төрөөд иргэн болдог тэр харилцаанд орох хэрэгтэй. Миний бодлоор энэ бүртгэлээ сайн явуулаад та бүхэн  эрх зүйн зохицуулалт  хиймээр байна.  Монгол Улсын иргэн болох боломжтой, монгол хэл, ёс заншлаа мэддэг хүмүүсийн хувьд нөхцөлийг арай зөөллөмөөр байна. Монголоос гараад гадаадад төрчихсөн хүмүүс өөр орны иргэн болоод байна. Миний санааг зовоож буй нэг зүйл бол монголын харъяатаас 160 хүн гарч байхад нэг хүн орж ирэх харьцаа ажиглагдаж буй явдал юм. Монголын харьяат болж байгаа нь маш бага гарын арван хуруунд багтаж, гарч буй нь мянгаар тоологдох хэмжээнд байна. Иймээс харъяат болох хүн нэмэгдээсэй гэж бодож байна.

    Бүртгэлийн системтэй холбогдуулж иргэддээ хэлэхэд хүн төрөөд төрдөө данстай, нэртэй байна гэдэг их чухал. Эрхээ хэрэгжүүлэх баталгаа үүсч байгаа юм. Бүртгэгдсэн иргэн бол жинхэнэ иргэн. Эрхээ хэрэгжүүлж, нийгмийн хамгаалалдаа хамрагдана. Иргэнийхээ давуу талыг эдлээд явах боломжтой болно. Бүртгүүлэхээс эмээх, болгоомжлох шаардлага байхгүй. Бас давхар бүртгэгдэх явдалд цэг тавьж буй гэж ойлгож байгаа. Манай бүртгэлийн ажилтнууд богино хугацаанд нилээд сайн, амжилттай бүртгэлээ хийлээ. Ерөнхийлөгчөө бүртгэснээр энэ ажил нэг талаар өндөрлөж буй ч шинэ оны  нэгдүгээр улиралд гадаадад буй манай иргэд бүртгэлдээ идэвхтэй оролцоорой гэж хэлэх байна.

    Эх сурвалж http://www.president.mn

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж