Сонирхлын зөрчлийн сонирхолтой загварууд

Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

Сонирхлын зөрчлийн сонирхолтой загварууд

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Энэ үг заримд нь цоо шинэ мэт сонсогдож байж магад. Гэхдээ саяхан нэгэн иргэн Сангийн сайд С.Баярцогтыг “Нью-Йоркийн бирж дээр хувийнхаа зардлаар очиж, “Айвенхоу майнз”-ын хувьцаагаа арилжаалж эхэлсний таван жилийн ойд цан цохисон нь сонирхлын зөрчилтэй байна” хэмээн УИХ-ын Ёс зүйн дэд хороонд гомдол гаргаснаас үзэхэд олон нийтийн дунд “ашиг сонирхлын зөрчил” гэдэг ойлголт хэдийнээ хэвшсэн ойлголт болжээ гэсэн үг. Цоо шинэ зүйл бол биш. Харин энэ талаарх эргэцүүлэл УИХ, хууль тогтоогчдын дунд ямархуу байгаа нь хуулийн хэлэлцүүлгийн явцаас харагдах биз. С.Баярцогтын хувьд Сангийн сайд төдийгүй УИХ-ын гишүүн хүн. Засгийн газрын түвшинд бол энэ тохиолдолд уг асуудлыг авч үзэх арга зам, хуулийн зохицуулалт байхгүй учраас иргэд УИХ-ын Ёс зүйн дэд хороонд гомдол гаргасан хэрэг. Харин ашиг сонирхлын зөрчлийг хуульчилчих юм бол төрийн албаны шат болгонд асуудлыг яриад, шийдээд явах боломжтой болно.

    Иргэдийн гаргасан гомдлын дагуу Ёс зүйн дэд хороо асуудлыг хэлэлцээд “Сайд хувийнхаа зардлаар Нью-Йорк явсан байна, “Айвенхоу майнз” болон “Оюутолгой” ХК-иас зардлаа даалгасан гэх баримт байхгүй тул асуудлыг хаалаа” гэсэн билээ. Нэг талаас харвал, аз болоход Сангийн сайд маань Нью-Йорк орох онгоцны тийз болоод зочид буудлын өрөөний төлбөрийг халааснаасаа хийчих чадвартай байгаад төсөвт ихээхэн хөнгөлөлт үзүүлсэн нь сайн хэрэг. Гэвч нөгөө талаас нь харвал хуульд зааснаар УИХ, Засгийн газрын гишүүний албан томилолтын зардлыг төсвөөс гаргах ёстой. Учир нь тэд төрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулж байгаа учраас. Энэ жишгээс гажсан тохиолдолд тухайн этгээд хувийн сонирхлоор уг асуудалд хандаж байна гэж үзэхээс өөр аргагүй. Ингээд амьдрал дээр бодитой оршиж байгаа зүйлийг хуульчилж чадаагүйн улмаас ашиг сонирхлын зөрчил гэдэг зүйл нийгэмд газар авч, авлига, гэмт хэргийн түвшинд хүртлээ гаараад байгаа билээ.

    Саяхан Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөл “ёлк”-оо хийж, Ерөнхий сайд С.Батболдыг урин “Алтан хуур” хэмээх шагнал олгож, таван сая төгрөг дагуулсан байна. Ерөнхий сайд ч энэ өдөр ихээ өгөөмөр загнаж, өргөмжлөлөө өөртөө үлдээгээд, таван сая төгрөгийг орон нутгийн хөгжлийн санд хандивласан тухай магтууг хэвлэлүүд дуу дуугаа аван нийтэлсэн билээ. Саяхны хэрэг учраас уншигчид санаж ч магадгүй. Уг нь бол хуулиараа төрийн өндөр албан тушаалтан сарын цалингаасаа давсан үнэтэй бэлэг авсан тохиолдолд тэр нь улсын орлого болон хураагдах, эсвэл үнийн зөрүүг нь татварт төлөх учиртай. Харин Ерөнхий сайд маань үүнийг үл ойшоон нутгийн зөвлөлөөс өгсөн шагналыг өөрийнх гэж үзээд хариу бэлэглэчихсэн. Үүнийхээ оронд “Төрийн албаны хууль, төрийн өндөр албан тушаалтны ёс зүйд харш байна” гэдгийг ил хэлээд уг шагналыг гардаж авахаас татгалзсан бол зүйд нийцэх байв. Эсвэл өөрийн албан тушаалын цалинд олгодог сая төгрөгийг хасаад үлдэгдэл дөрвөн сая төгрөгийг төсөвт оруулахаа мэдэгдсэний дараа тэр таван сая төгрөгийг сая нутгийн хөгжилд хандивлаж болно л доо. Өөрөөр хэлбэл, уг мөнгө мөн чанараараа Ерөнхий сайдын өөрийн халааснаас гарч байна аа гэсэн үг.

    Харин Ерөнхий сайдын сая хийсэн үйлдлийг бол өөрийн албан тушаал, ажил хэргийн нэр хүндийг ашиглан санхүүгийн давуу байдлыг олж авсан, түүнийгээ хувийн сонирхлоор зарцуулсан хэрэг болж байгаа юм. Харамсалтай нь үүнийг манайд тусгайлан хуульчлаагүй учраас Төрийн албаны хуульд дөнгөж цухалзаад өнгөрсөн сонирхлын зөрчлийн асуудлыг хэн ч тоож үздэггүй.

    Бас нэг факт. Өнгөрсөн жилийн өдийд Улаанбаатар хотын гаалийнхан шинэ жилээ тэмдэглэхээр өөрсдийн харьцдаг компани тус бүрээс 200 мянган төгрөгийн хандив цуглуулжээ. Эргээд гуйх нүүрээ бодон бүх компаниуд л эрвийх дэрвийхээрээ мөнгө хандивлаж, харин нэг компани хандив өгөхөөс татгалзжээ. Гэтэл уг компани өнгөрсөн нэг жилийн турш гаалийнханд ад шоо үзэгдэж, үүдэнд нь чулуу нясалсан учир энэ жил хандив өгөхөөр болж, энэ тухай нь дуугүй өнгөрөхийг компанийн захирал танил сэтгүүлчээсээ гуйсан байна. Энэ авлига биш үү, төрийн албан тушаалыг хувийн сонирхолдоо ашиглаж байгаа хэрэг мөн үү? Энэ жишгээр гаалийн байцаагч бүр хэдэн компаниас хандив нэрээр авлига авсныг шалгаж тогтоосон газар байна уу?

    Хэрвээ аль нэг хувийн компанийн менежер нэг яамны төрийн нарийн дээр ороод “Манайх шинэ жилээ хийх гэтэл хямралд өртөөд. Та манай шинэ жилийг ивээн тэтгэнэ үү” гэвэл ямар хариу сонсох бол. Өөрөөр хэлбэл төрийн албаны шат дамжлага бүр дээр ашиг сонирхлын зөрчил гэдэг зүйл бий болоод, тэр нь авлига, гэмт хэргийн түвшинд хүртлээ цэцэглээд байгааг төрийн түшмэлээс ганц гарын үсэг гуйсан хүн бүр хэлээд өгнө л дөө. УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу өнгөрсөн зун хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Дээхэн үед биллиард тоглуулж, ганц шил виски бэлэглээд ажлаа бүтээдэг байсан бол одоо тоохоо больж, өгсөн вискигээр нь духыг нь хага цохиод, ганц хоёр зуун мянган төгрөг сарвайвал “Үүнийгээ овоонд өргө” гэж доромжилдог болсон тухай ч нууж хаалгүй ярьсан шүү дээ.

    Удаах факт. Шадар сайд М.Энхболд Монголын уяачдын холбооны тэргүүн, жил жилийн баяр наадмаар баяр наадмын комиссийн даргын үүргийг давхар гүйцэтгэсээр ирсэн. Гэтэл мань хүн өөрөө хурдан моринд хамгийн их хоббитой, хамгийн олон хурдан морьдтой хүн. Жил жилийн наадмаар “Миеэгомбын Энхболдын…” хэмээн цоллуулдаг хурдан ажнайнуудыг наадамчид лав андахгүй.  Тиймээс ч хурдан морьдод өгдөг бай шагнал, бооцоо, ивээн тэтгэгчид, компаниудын шагналын хэмжээ гэрлийн хурдаар өсч байна. Өнгөрсөн зун Хөвсгөл аймагт болж, Чингүнжавын 100 жилийн ойд зориулсан “Хотгойдын хурд-2010”, Эрдэнэтэд болсон бүсийн наадмын түрүү морины шагнал 10 саяас хол давсан. Айргийн таван морьдын бай нийлээд 40-50 саяд хүрч байлээ. Энэ бүхэнд МАХН-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан Шадар сайдын нэр нөлөө, оролцоо зайлшгүй бий нь тодорхой. Компаниуд баяр наадмыг ивээн тэтгэхдээ мөн чанар агуулгынх нь хувьд биш, хэн гэдэг улстөрч, хэр нөлөөтэй хүн зохион байгуулж байгаагаар нь хэмжиж, хандив, шагналаа амладаг болсон цаг. Энэ наадамд зориулж улсын төсвөөс тэрбум төгрөг гаргаж, 367 саяар нь хөшөө босгочихоод бөөрөн дээр нь МАХН-ын дарга асан Санжийн Баяр, АМХЭГ-ын дарга Доржпүрэвийн Батхуяг нарын нэрийг сийлж, Зүүний хүчний холбоо гэгч улс төрийн байгууллагыг мөнхөлснийг юу гэж нэрлэх вэ?

    За, тэгээд замын компанитай УИХ-ын гишүүн нэг км замын өртгийг тооцож, төсвийг нь батлаад, барилгын компанитай УИХ-ын гишүүн Барилга, хот байгуулалтын сайд хийгээд, тендер шалгаруулаад эхлэхээр манайд ашиг сонирхлын зөрчил агуулаагүй салбар ч гэж үгүй болж байна. “Очир төв” компанийн захирал Д.Дамба-Очир л гэхэд Төв аймгийн замыг там болгоод таван жил болсны дараа сая УИХ-д сонгогдоныхоо дараа замынхаа төсвийг дахин батлуулж, энэ жил ашиглалтад өгөх жишээтэй. Угаасаа манайхан зам барихдаа заавал талыг нь иднэ, идсэн мөнгөөрөө ёс юм шиг үнэтэй жийп авна, үнэтэй жийпээ муу зам дээрээ ёр юм шиг эвдэж дуусгах нь монгол зан юм хойно. Хэрвээ тэдний хувийн ашиг сонирхлыг нийтийнхээс зааглаад өгчихсөн бол  нөхдүүд ингэж дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэхгүй л байсан байлгүй.

    Б.СЭМҮҮН

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж