Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

Чуулган завсарлалаа

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 85.1 хувийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.

    Хуулийн үзэл баримтлалд төрийн албанд ажиллагсад нь хувийн сонирхлоо нийтийн сонирхлоос дээгүүрт тавихгүй байхыг чухалчлан зааж байгаа юм. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр авлигын индексээр Монгол Улс 116-д жагсаж, төр нь авлигад идэгдсэн болохыг дэлхий дахинд зарлачихаад байгаа. Энэ хууль батлагдсанаар авлига, хээл хахууль тэдэн хувиар багасна гэсэн судалгаа бий юу гэдгийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаас лавлалаа. Байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар хэлэхдээ “Авлигын индекс тэдэн хувиар буурна гэж хэлэх боломжгүй, тодорхой хэмжээний үр дүн дагуулна. Энэ хууль батлагдсанаар гол нь төрийн албыг хувьчлаад авчихсан юм шиг байдал хязгаарлагдаж, хувийн ашиг сонирхлыг нийтийн ашиг сонирхлоос дээгүүрт тавьж болохгүй гэдгээ хууль эрх зүйн хүрээнд мөрдөж ажиллах тэр зохицуулалтыг тусгаж өгсөн” гэсэн хариулт өглөө. Ингээд эл асуудлыг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлснээр энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдааныг завсарлуулсан юм.

    Г.Дарь   

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж