Монголын сагсан бөмбөгийн холбоо

Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

Монголын сагсан бөмбөгийн холбоо

1940-өөд оны сүүлээр манай оронд урилгаар ажиллаж байсан Зөвлөлт-Хятадын мэргэжилтнүүд ажилчид чөлөөт цагаараа сагсан бөмбөг тоглодог байсан бөгөөд тэднээс офицерийн сургуулийн сонсогчид зарим залуучууд суралцаж байснаар энэ спорт манай оронд үүсэх эхлэл нь тавигдсан ажээ. Энэ үеэс хойш сагсан бөмбөгийн спорт манай оронд дэлгэрч 1954 онд УАШТ албан ёсоор зохион байгуулж, тус тэмцээнд нийгэмлэгүүдийн эрэгтэй, эмэгтэй багууд оролцон, "Алдар" нийгэмлэгийн эрэгтэй баг бусдыгаа хошуучлан аваргаар тодорч байжээ.

1962 онд сагсан бөмбөгийн спортын ууган мастер Содномын Чойен болон манай улсад уригдан  ажиллаж байсан ЗХУ-ын /хуучнаар/ гавъяат тамирчин, гавъяат багш В.В.Горохов нар Монголын сагсан бөмбөгийн холбоог анх санаачлан Холбооны даргаар анагаах ухааны доктор, профессор Г.Шагдарсүрэн, нарийн бичгийн даргаар А.Дансранжав, үзэл суртал сурталчилгаа зохион байгуулагчаар С.Чойён, шүүгчдын зөвлөлөөр С.Пүрэв /улсын шүүгч/ секц дугуйлангийн багшаар дасгалжуулагч багш Л. Аюурзана /СМ/ Н.Цогт /СМ/ зэрэг хүмүүсээр томилон ажиллуулж байсан түүхтэй билээ.

МСБХолбоо нь байгуулагдсан цагаасаа эхлэн сагсан бөмбөгийн спортын мэргэжилтнүүд болон тус спортыг сонирхогчид, хүүхэд залуучуудын дунд олон тэмцээн уралдааныг зохион байгуулж ирсэн бөгөөд 1994 онд шинэчлэгдэн зохион байгуулагдаж, энэ спортыг үүсгэгч эх орон АНУ-ын баг тамирчидын туршлагыг судлан Н.Золжаргал, Одонжил, Батжаргал, Амьбөх Нямдорж нарын санаачлагаар анхдугаар лигийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулжээ. Анхдугаар лигийн тэмцээнд:

– Баттулга дасгалжуулагчтай “1+11” баг
– Ц.Цэвэрбал дасгалжуулагчтай "Азийн чоно"
– Б.Дамба дасгалжуулагчтай "Генералууд"
– Д.Маргад-Эрдэнэ дасгалжуулагчтай "Алтайн бүргэдүүд"
– Уртнасан дасгалжуулагчтай "Хөх тэнгэр"
– Дархан-Уул аймгийн "Угалзын цөөврүүд" багууд оролцож байсан бөгөөд анхдугаар Үндэсний Лигийн Аварга шалгаруулах тэмцээний Аварга гэх эрхэм хүндтэй цолыг Баттулга дасгалжуулагчтай "1+11" баг хүртэж байжээ.

Монголын шигшээ багийн тамирчид 1956 онд БНХАУ-ын Өвөр монголын Хөх хотноо зохиогдсон, Хятад-Монголын төмөр замчдын урлаг спортын бэсрэг наадамд оролцож анх удаа хилийн дээс алхаж хятадын баг тамирчидтай ширүүн өрсөлдөөнтэй тоглолтыг үзүүлж, тун ялимгүй оноогоор хожигдож байсан нь Монголын баг тамирчид гадаадын багтай хийсэн анхны тоглолт байжээ. Мөн энэ онд Киргиз ССР-н баг тамирчид манай оронд ирж, нөхөрсөг уулзалт тоглолтыг хийж байжээ.

МСБХолбоо нь Азийн сагсан бөмбөгийн холбооны 44 дэх гишүүнээр 2000.12.21нд, ОУСБХ-ны 144 дэх гишүүн орноор 2000.12.29-нд тус тус элсэн орсон байна. Монголын сагсан бөмбөгийн спортын мэргэжилтнүүд болон МСБХолбоо нь гадаад улс орнуудын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах, туршлага солилцох олон талт үйл ажиллагааг явуулсаар ирсэн бөгөөд 2006 онд БНСУ-ын дасгалжуулагч Пак Сун Гин анх удаа Монголд дасгалжуулагчаар хоёр жилийн хугацаатайгаар ажиллахаар ирж байсан ба одоог хүртэл ажиллаж лигийн багийг дасгалжуулж олон чадварлаг тамирчидыг бэлтгэсээр байна. Мөн 2006 онд Азийн СБХолбооны комиссор шүүгч Ли Как Куан ирж, Монголд ОУ-ын шүүгч, дасгалжуулагчийн семинарыг зохион байгуулсан. Энэ семинар нь 60 суралцагчаар 3 өдөр үргэлжилэн төгсөгч бүрт сертификат олгосон байна.

Монголд анх 2006 онд ОУ-ын чанартай тэмцээн зохион байгуулагдсан бөгөөд тус тэмцээнд БНСУ-ын Дангүүк сургуулийн шигшээ багийн тамирчид, ОХУ-ын Металлург хотын шигшээ баг, Эрхүүгийн шигшээ баг, Монголын шигшээ багууд оролцож, хурд хүчээ сорин өрсөлдсөнөөс тэргүүн байрыг Өмнөд Солонгос, удаах байруудыг ОХУ, Монголын багууд тус тус эзэлж байжээ.

Сагсан бөмбөгийн спортыг сонирхогч, тус спортоор хичээллэгчидийн тоо жил ирэх тусам өсч байгаа нь энэ спорт манай оронд хурдацтай хөгжиж байгаагийн илрэл юм. Одоогоор МСБХ нь,

    * Өсвөрийн УАШТ
    * Идэрчүүдийн УАШТ
    * Залуучуудын УАШТ
    * Насанд хүрэгчдийн УАШТ
    * Нэрэмжит тэмцээнүүд
    * Ахмадын УАШТ
    * ОУ-ын тэмцээн
    * Холбоодын цомын тэмцээн
    * Оюутны лигийн тэмцээн
    * Дээд лигийн тэмцээнийг жил бүр зохион байгуулж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж