Дэлхийн спорт: Долоо хоногийн онцлох үйл явдал 03.29-04.04

Хуучирсан мэдээ: 2010.04.05-нд нийтлэгдсэн

Дэлхийн спорт: Долоо хоногийн онцлох үйл явдал 03.29-04.04

Өнгөрөгч долоо хоногт дэлхийн спортын ертөнцөд болсон үйл явдлыг эргэн сөхвөл, Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох “Аваргуудын лиг”-ийн шөвгийн наймын эхний тоглолтууд хамгийн ихээр олны анхаарлын төвд байсан гэж болно. Хөгшин тивийн шилдэг найман багийн эхний учраа өнгөрөгч лхагва болон пүрэв гаригийн шөнө болж өнгөрсөн юм. Харин хариу тоглолтууд энэ долоо хоногт өрнөж, хагас шигшээд өрсөлдөх дөрвөн багийн нэр тодрох учиртай.

Уэйн Рүүни “Аваргуудын лиг”-ээс чөлөө авлаа

Дуулиан, шуугиантай үргэлжилж буй 2009-10 оны улирлын “Аваргуудын лиг”-ийн дөрөвний нэг шигшээд учраа таарсан Германы “Баейрн Мюнхен” гуравдугаар сарын 30-ны мягмар гаригийн шөнө талбайдаа Английн “Манчестер Юнайтед”-ыг хүлээн авсан бол мөн энэ үеэр Францын “Лион”, “Бордо” нарын тоглолт Лион хотын “Стад де Жерлан” цэнгэлдэхэд болов. “Баейрн” нэмэлт цагт амжиж гоол оруулснаар өрсөлдөгчөө 2:1-ээр хожсон бол “Лион” 3:1 харьцаагаар “Бордо”-г буулган авчээ.
“Баейрн”-ий довтлогч Ивица Олич тоглолтын сүүлийн мөчид багтаа ялалт авчирсан чухал гоолыг оруулснаар тэд хариу тоглолтын өмнө давамгайлах байр суурьтай болсон. Тоглолт дөнгөж эхлээд хоёр дахь минутад Сэр Алексийн хайртай цэрэг Уейн Рүүни тооны харьцааг нээж, багтаа тэргүүлэл авчирсан байна. 1999 оны Аваргуудын лигийн финалд германчуудыг буулган авч байсан “МанЮ”-гийн довтолгооны гол хүч нь Рүүни байсан бөгөөд тэрбээр ийнхүү улирлын 34 дэх, “Аваргуудын лиг”-ийн зургаа дахь гоолоо оруулжээ. Талбай дээрээ тоглосон германчууд илүү тоглолт гаргаж байсан боловч 77 дахь минутад л сая тэнцээний бөмбөгийг оруулсан юм. Фрэнк Риберигийн гүйцэтгэсэн чөлөөт цохилт азаар Эдвин Ван дер Саарын хаалганд орсон гэж болно. Үндсэн цаг өндөрлөж, Олич нэмэлт цагт Эврагийн алдааг ашиглан, Ван дер Саарын хаалганд ялалтын гоолыг оруулснаар тоглолтын эцсийн шүгэл дуугарчээ. Тоглолтын дараа Сэр Алекс “Бид хангалттай сайн төвшинд тоглож чадсангүй. Баейрн биднээс сайн байлаа. Тоглолтын үр дүнд урам хугарч байна” гэжээ. Хоёр багийн хариу тоглолт лхагва гаригт Манчестер хотын “Олд Траффорд” цэнгэлдэхэд болох учиртай. Харамсалтай нь, “Улаан чөтгөрүүд”-ийн довтолгооны гол хүчин болсон Уейн Рүүни гэмтлийн улмаас тоглолтод оролцох боломжгүй байгаа билээ. Харин “Аваргуудын лиг”-ийн шөвгийн наймд үлдсэн Францын хоёр төлөөлөгчийн тулаан Лион хотноо өрнөж, 3:1 харьцаатай талбайн эзэн багийн ялалтаар өндөрлөсөн юм. Талбай дээрээ итгэл төгс ялалт байгуулсан “Олимпик Лион” ирэх лхагва гаригт “Бордо”-гийн талбайд зочилно. Харин ялсан нь “Барса” эсвэл “МанЮ”-гийн ялагчтай хагас шигшээд учирна.

“Арсенал”, “Барса” нар эвийн гэрээ байгуулав

Өнгөрөгч сарын 31-ний шөнө “Арсенал”, “Барселона” нарын тоглолт “Эмират” цэнгэлдэхэд болж, 2:2 харьцаатай тэнцээгээр өндөрлөсөн. Тоглолтын эхнээс л “Барса” олон ч удаа ширүүн довтолгоо эхлүүлсэн ч Мануэль Альмуния тэднийг удаа дараа зогсоосоор байсан юм. Златан Ибрахимович, Лионель Месси, Педро нарын гоолын боломжийг хааж, Альмуния үнэхээр топ зэрэглэлийн хаалгач гэдгээ баталж чадсан. Улмаар тоглолтын эхний хагаст тооны харьцааг нээгээгүй бөгөөд хоёрдугаар хагас дөнгөж эхэлмэгц Ибра өрсөлдөгчийнхөө хаалгыг мялааж, багтаа тэргүүлэл авчирчээ. Үүнээс хойш 13 минутын дараа дубль хийж, тооны харьцааг 2:0 болгосон байна. Тоглолтын байдал эвгүйтэж эхэлсэн учир “Мэргэн буучид”-ын дасгалжуулагч Арсень Венгер Тео Уолкоттыг жигүүртээ тоглуулахаар талбайд гаргасан нь нүдээ олсон байв. Ибрагийн гоолоос хойш ердөө 10 минутын дараа Английн шигшээ багийн тоглогч Уолкотт зочин багийн хаалгач Виктор Валдезийн хаалгыг мялаасан юм. Харин тоглолт өндөрлөхийн өмнөхөн Пуйоль Фабрегас дээр алдаа гаргаснаар шүүгч торгуулийн цохилт зааж, улмаар Уолкотт тэнцээний бөмбөгийг оруулжээ. Фабрегасын гоолын боломжийг үгүй хийсэн Пуйоль улаан картаар торгуулж, талбайгаас хөөгдсөн учир лхагва гаригт “Ноу Кэмп” цэнгэлдэхэд болох хариу тоглолтод оролцох боломжгүй болж байгаа юм. Түүнчлэн “Барса”-гийн шилдэг тоглогчдын нэг Златан Ибрахимович Ла лигийн тоглолтын үеэр гэмтэл авсан нь мөн л ноцтой асуудал болоод байна.
Тоглолтын эцсийн мөчид тэнцээний бөмбөгийг оруулж, эвийн гэрээ байгуулсандаа Арсень Венгер сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн боловч талбайдаа хоёр гоол алдсан нь таагүй хэрэг гэдгийг дурджээ. Тэрбээр “Тоглолтын эхэн үе хүнд байлаа. Барса эхний 20 минутын дотор л хоёр, гурван гоол оруулах боломжтой байсан. Гэхдээ бидний зүгээс тун амархан гоол алдлаа. Гэхдээ манай залуус ч яван чангарч, чамлахааргүй үр дүн гаргасан” гэжээ.
Мөн энэ үеэр “Сан Сиро” цэнгэлдэхэд болсон “Интер Милан” болон “ЦСКА Москва” нарын тоглолт 1:0 харьцаатай талбайн эздийн ялалтаар өндөрлөсөн юм. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 65 дахь минутад Милито оруулсан байна. Хариу тоглолт ирэх лхагва гаригт Москва хотын “Лужники” цэнгэлдэхэд болох ба ялагч нь “Аваргуудын лиг”-ийн хагас шигшээд “Арсенал”, “Барса” нарын ялагчтай учирна.

Мэдээллийн товчоон:

Марадона нохойдоо хазуулжээ. Аргентиний домогт хөлбөмбөгч Дьего Марадона өөрийнхөө тэжээдэг хайртай нохдынхоо нэгэнд хазуулж, улмаар нүүрэндээ гоо сайхны мэс ажилбар хийлгэх шаардлагатай болжээ. Дээд уруул нь сэтэрч, хавдсан байдалтай Марадона өнгөрөгч гуравдугаар сарын 1-ний даваа гаригт Буэнос-Айрос хотын Санаторио Лос-Аркос эмнэлэгт хандсан талаар тус эмнэлгийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Тэрбээр нөхөн сэргээх мэс ажилбар хийлгэсэн бөгөөд биеийн байдал хэвийн, удалгүй эмнэлгээс гарчээ.
Дэвид Хэй дэлхийн аваргын бүсээ амжилттай хамгаалав. Их Британийн хүнд жингийн боксер Дэвид Хэй энэ сарын 2-ны бямба гаригт Английн Манчестер хотноо АНУ-ын Жон Руизийг буулган авч, WBA-ын хүнд жингийн дэлхийн аваргын бүсээ хамгаалах анхны тулаандаа ялалт байгууллаа. 20 мянга гаруй мэргэжлийн тулаан сонирхогчдыг цуглуулсан хоёр тамирчны тулааны эхнээс л эцэс хүртэл Хэй илүүрхэж, ес дэх раундад өрсөлдөгчөө нам цохижээ.
Коби 90 сая ам.долларын гэрээ хийлээ. NBA-ын супер оддын нэг Коби Брайнт “ЛА Лейкерс”-тэй гэрээгээ байгуулсан гэрээгээ шинэчилж, өнгөрөгч баасан гаригт гэрээнд гарын үсэг зуржээ. Шинэ гэрээ ирэх улирлын төгсгөлөөс эхлэн хүчин төгөлдөр болох ба гурван жилийн хугацаатай, 90 сая ам.доллараар үнэлэгдэх гэнэ. Ингэснээр Коби Брайнт 2013-14 оны улирлыг дуустал “ЛА Лейкерс”-ийн бүрэлдэхүүнд байх ба шинэчилсэн гэрээний дагуу Коби 2011-12 оны улиралд 27.4 сая, дараагийн жилд нь 30.2 сая, харин гэрээний сүүлийн жилд 32 сая ам.долларын цалин авах ажээ.
Эргэн ирсэн Клейстерс “Sony Ericsson Open”-д түрүүллээ. Дэлхийн чансааны жагсаалтыг тэргүүлж явсан Бельгийн теннисчин Ким Клейстер Майами хотноо зохиогдсон “Sony Ericsson Open” тэмцээний аваргын төлөө АНУ-ын шилдэг тамирчин Венус Уильямсыг буулган авснаар аваргын цом, 700 мянган ам.долларын шагнал хүртжээ. Хоёр жил гаруй хугацаанд их спортоос хөндий байсан Клейстерс өрсөлдөгчөө 6-2; 6-1 харцьаатай хожсон ба энэхүү нэр хүндтэй тэмцээнд түрүүлснээр чансаа ахиж, дэлхийн чансааны жагсаалтын 10-рт бичигдэх болж байгаа юм.

Бэлтгэсэн С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж