2010 оны шуугиант 10 үйл явдал

Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

2010 оны шуугиант 10 үйл явдал

Хүн төрөлхтөн улиран өнгөрч буй 2010 оноо үдэн гаргаж, ирж буй
2011 оноо угтан авахдаа бэлтгэн, шинэ оныг тэсч ядан хүлээн хөгжилдөн
цэнгэлдэж байна. Хүн бүхэн, хамт олон бүр, улс орон болгон үдэн буй
ондоо хийж бүтээснээ цэгнэж, алдаж оносноо дүгнэн буй энэ мөчид МОНГОЛЫН
АНХНЫ ФАНТАЗИ ТААВАРТ СПОРТЫН ВЕБ САЙТ CSPORTS.mn-ий хамт олноос
уншигчид та бүхэндээ зориулан CSPORTS SPECIAL нийтлэлүүдийг бэлтгэн
хүргэхэд бэлэн боллоо. Дэлхий болон дотоодын ертөнцөд 2010 онд болсон
онцлох-шуугиант, сонирхолтой үйл явдлууд болон шилдэг тоглогчид, клубыг
шалгаруулан цуврал хэлбэрээр та бүхэнд хүргэх гэж байгаагийн хамгийн
эхний нийтлэл болох "2010 ОНЫ ХАМГИЙН ШУУГИАНТ 10 ҮЙЛ ЯВДАЛ"-ыг та
бүхэнд хүргэж байна.

10. Жимми Жамп: Алтан цомд малгай өмсүүлэх гэсэн оролдлого

Жимми Жамп хэмээх нэрийг хөлбөмбөгийн хорхойтнууд андахгүй. Тэр 2004 оны
ЕАШТ-ий финалд Испаний тугийг "урвагч" Луиш Фигу руу шидэж байлаа.
Барселонагаас Реал Мадрид руу шилжсэн түүний шилжилтийг тэр хэзээ ч
уучлахгүй гэдгээ илэрхийлэн үүнийг хийсэн бөгөөд хожим Реал Мадрид болон
Барса, тэрчлэн 2005 оны Аваргуудын лигийн Челси болон Ливерпүүл
багуудын тоглолтон дээр хүртэл гарч ирж байлаа. Талбай дээгүүр нүцгэн
эсвэл ямар нэг содон байдалтайгаар гүйдгээрээ тэр алдартай, санаж байна
уу, тийм ээ таны харсан тэр хүн бол Жимми Жамп мөн.

Тэр 2005 оны Аваргуудын лигийн финалыг тасалдуулж Арсеналд тэр үед
тоглож байсан хожмын Барсагийн тоглогч Т.Анрид Барсагийн 14 дугаартай
өмсгөлийг өгч байлаа. 2008 оны ЕАШТ-ий хагас шигшээгийн Герман Туркийн
тоглолтын үеэр Төвд бол Хятад биш гэсэн лоозонг барин талбай дээр гүйж
байлаа. Теннис, сагс, регби бүр Евровишион дууны тэмцээн гээд түүний
түйвээгээгүй газар гэж үгүй. Тэр бол жинхэнэ од, хөгжөөн дэмжигчдийн
бахархал.

Жамп энэ жил 2010 оны ДАШТ-ий шигшээ тоглолтын үеэр өөрийн улаан малгайг
алтан цомд өмсүүлэх гэж оролдсноороо энэ жагсаалтанд орж байна.
Хамгаалалтынхныг хуурч дөнгөн талбай дээр гаран тоглолтыг түр зогсоон
зорьсон зорилгодоо хүрэх бараг дөхсөн ч хэд хэдэн хамгаалагчид хамжин
байж арай ядан түүнийг зогсоож байсан билээ. Алдарт-домогт Жимми Жамп
дараа нь ямар зүйл сэдэх бол? Харж л сууя, сонирхолтой зүйл болох нь
харин тодорхой.


9. 111 жилийн түүх үгүй болсон нь буюу Барса ивээн тэтгэгчтэй боллоо.


Барселона өнгөрсөн жил 77 сая еврогийн алдагдалтай ажиллаж, энэ жилийн
7-р сарын дараах байдлаар 700 орчим сая еврогийн өртэй байлаа. Улмаар
тэд өнгөрсөн сард өөрийн өмсгөл дээрээ QATAR FOUNDATION -ий логог
тавихаар болж, дэлхий дээрх хамгийн өндөр үнэтэй гэрээг байгууллаа.
Гэрээ ёсоор тэд жилд 30 орчим сая еврог авах нь энэ жагсаалтыг тасархай
тэргүүлж байгаа хэрэг болж байгаа бөгөөд Ливерпүүл, МАНЮ клубүүд 23 сая
еврог л ивээн тэтгэгчээсээ авдаг аж. Гэхдээ бид яагаад энэ мэдээг энэ
жагсаалтанд оруулав аа? Хөлбөмбөг бизнес болсон өнөө үед ивээн тэтгэгчээ
солих нь байдаг л асуудал биш гэж үү?

Учир нь Барселона яг энэ бодлогоороо бусад клубээс 111 жилийн турш
ялгагдсаар ирсэн баг байсан юм. Каталанчууд түүхийнхээ хугацаанд ямар ч
ивээн тэтгэгчийн логог мөнгөөр тавиулж байгаагүй бөгөөд хэдэн жилийн
өмнө ЮНИСЕФ-т өөрсдөө мөнгө төлөн логог нь байрлуулах болсон юм.
Алдагдлаа нөхөх оролдлого гэдэг нь тодорхой ч удаан хадгалсан уламжлалаа
тэд ийнхүү алдлаа. Энэ бол 2010 оны шуугиант үйл явдлын нэгт гарцаагүй
орох зүйл юм. Барселона санхүүгийн хувьд тийм сайн биш байдалтай болсон
гэж үү?


8. К.Тевезийн асуудал: ядарсан уу, ядсан уу?


К.Тевез огцом шийдвэр гаргадгаараа алдартай хүн. Өөрийг нь дэлхийн
хэмжээний тоглогч болгон хүмүүжүүлсэн Бока Хуниорсийнхоо гэрээг дуустал
5хан сар тоглооч гэж бүгд гуйж байхад үгүй гэж зүтгэсээр Бразилыг
зорьсон. Дасгалжуулагч нь солигдон, хөгжөөн дэмжигчидтэйгээ муудалцан,
амиа тоглолт үзүүлсээр наймааны цонхны сүүлийн хоромд Коринтиансаас Вест
Хэмд ирэв. Байнга гэмтэлтэй байж, дасгалжуулагчтайгаа хэрэлдэн, тийм ч
гялалзаж чадаагүй ч эцсийн мөчид хэрэгтэй тоглолтоо гарган Вест Хэмийг
Премьер Лигт үлдээчихээд Манчестерийг зорьчихов. Арай гэж тэнд дасав уу
гэтэл баг намайг анхаарахгүй байна гэж гомдоллосоор нэг хотын дайсан
Ситид ирлээ. Байнга шахуу гоолдон, хөгжөөн дэмжигчдийнхээ хайр
хүндэтгэлийг хүлээн, багийн ахлагчаар томилогдоод байсан тэрээр ядарч
байгаагаа, охидоо санаж байгаагаа илэрхийлэн зодог тайлмаар байгаагаа
хэллээ. ДАШТ-ий өмнө ч тэр ингэж хэлж л байсан, гэхдээ энэ удаа илүү
ноцтойгоор хэлж албаны хүмүүстэй хэзээ ч зөвшилцөж чадалгүйгээр
муудалцсан учраас багаас явмаар байгаагаа албан ёсоор хэлжээ. Баг нь
хүлээж аваагүй ч агентууд нь одоог хүртэл Итали, Испанийн багуудтай
холбоотой л байгаа сурагтай. Гэсэн ч баг нь түүнийг явуулахгүй гэдгээ
удаа дараалан хэлж, зодог тайлбал харин 50 сая евро нэхнэ гэдгээ ч
мэдэгдээд амжлаа. Энэ шуугиан хэзээ болтол үргэлжлэхийг, юунд хүрч
дуусахыг цаг хугацаа л харуулах биз ээ.


7. Ододгүй ДАШТ буюу азгүйчүүлийн арми


Хөлбөмбөгийн хамгийн их баяр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд
оролцоно гэдэг ямар ч хөлбөмбөгчний хувьд нэр төрийн хэрэг байдаг.
Гэхдээ хэчнээн алдартай, шилдэг байгаад ч зарим нэгэнд нь тийм завшаан
тохиодоггүй нь харамсалтай. Энэ жилийн ДАШТ-д гэмтлээс болж, азгүйтлээс
болж, дасгалжуулагчаас болж ирээгүй алдартнууд мэдэгдэхүйц их байлаа.

Д.Бэкхэмээр энэ цуврал эхэлнэ. Зөвхөн Английн төлөө л тоглох гэж экс
ахлагч нь хаа холын АНУ-аас Миланд ирэн гайхалтай тоглолтыг үзүүлж
байлаа. Гэтэл улирлын дундуур гэмтэл авчих нь тэр. М.Баллакийг бүх цаг
үеийн хамгийн азгүй тоглогч гэдэгтэй олон хүн санал нийлдэг. 2002 онд
лигтээ, цомдоо, Аваргуудын лигт, ДАШТ-д мөнгөн медаль, 2-р байрт орсон
тэр 2008 онд ч Челситэй энэ амжилтаа давтсан. Тэгвэл тэр 2010 онд
гайхалтай залуу багаа тэргүүлэн оролцох хувьгүй л байж, харамсалтай л
юм. Гэмтэлтэй тоглогчдын жагсаалт Р.Фердинанд, М.Эссьен, Микель,
Л.Диарра, Р.Адлер гээд цааш үргэлжилнэ.

Харин дасгалжуулагчийн шийдвэрээс болж ДАШТ-д оролцоогүй тоглогчдын
тэргүүнд домогт Рауль бичигдэнэ. Үнэндээ аль 2008 оноос хойш гологдсон
түүнийг экс Реалын босс нь дуудчих болов уу гэсэн горьдлого олон хүнд
байсан ч Раульд алтан цомыг өргөх хувь байсангүй. Францын залуу одод
С.Насри, К.Бензема нар Р.Доменекийн гайхалтай шийдвэрээр гэртээ үлдлээ.
Алдарт Д.Марадона Интертэй хамт 3 цом хүртээд байсан Х.Занетти,
Э.Камбьяссо нарыг шигшээдээ дуудсангүй. Тэд ирсэн бол ДАШТ арай өөр
зохиолоор явчих ч байсан юм бил үү. Роналдиньо, Роналдо нар ч гэсэн
ДАШТ-д тоглох эрхгүй байсан гэж үү? Дасгалжуулагч үгүй гэж үзсэн.


6. Уэйн Рүүни Манчестерийг орхино гэв үү?


Английн ард түмэн У.Рүүнид итгэж байлаа. Тэр 66 оноос хойш тэвчээртэй
тэдний хүлээж буй цомыг авчирна гэж найдаж байлаа. Гэвч тэр чадаагүй,
Манчестерийн төлөө 44 тоглолтонд 34 гоол оруулж, ганцаараа шахуу багаа
чирсэн форм нь огт харагдаагүй. Оронд нь ядарсан, туйлдсан, аргаа барсан
энгийн нэг довтлогч шиг харагдаж байлаа. Алжиртай хийсэн тоглолтын
төгсгөлд багийнх нь тоглолтонд ундууцан шүгэлдэн эсэргүүцэж байсан
дэмжигчиддээ зориулан "үнэнч хөгжөөн дэмжигчиддээ баярлалаа" гэж хэлэв.

Рүүни шинэ улирал эхлээд гэмтэлтэй байлаа. Шагайн гэмтлийнхээ улмаас
олигтой тоглолтонд ч оролцсонгүй. Хувийн амьдрал нь ч биеэ үнэлэгчидтэй
холбоотой асуудлаас болон зөрчил тэмцлээр дүүрэн байв. Хэвлэлийнхэнтэй ч
шөргөөцөлдөн зураглаачтай муудалцсан тул шүүхэд дуудагдаад амжив. Гэнэт
10-р сарын 19-нд Сир А.Фергюсон түүнийг гэрээгээ сунгахыг зөвшөөрөөгүй
төдийгүй багаасаа явахыг хүссэн гэж зарлачих нь тэр. Маргааш нь бүр
өөрөө хэвлэлийн хурал хийлгэн, багт нь урт хугацааны төлөвлөгөө байхгүй,
од тоглогчдыг авчрах талаар юу ч хийхгүй байгаа учраас явахаар шийдсэн
хэмээн хэллээ. Бүгд түүнийг хаашаа очихыг таамаглан, томчууд ч сонирхож
байгаагаа нуусангүй. Гэтэл 2хон өдрийн дараа буюу 22-ны өдөр удтал
хэлэлцсний эцэст багтайгаа 5 жилийн шинэ гэрээ Рүүни байгууллаа гэсэн
мэдээг МАНЮ цацлаа. Энэ бүхэн зүгээр нэг шоу байв уу? Эсвэл бүх юм нь
орвонгоороо эргээд байсан Рүүни үнэхээр багаасаа явахыг хүссэн гэж үү.
Бид ээлжит шуугиант үйл явдлаараа Рүүнигийн багаа орхих талаар зарласан
тухайг сонголоо.


5. Шүүгчийн шийдвэр Английн мөрөөдлийг үгүй хийв үү?


Английн шигшээ баг энэ жилийн ДАШТ-д хүчтэй бүрэлдэхүүнтэй оролцсон
билээ. Хэдийгээр хаалгачийнхаа гайгаар АНУ-тай тэнцэж, Алжиртай хуурай
тэнцэн олон нийтэд шүүмжлүүлж байсан ч багийн бүрэлдэхүүн сүүлийн хэдэн
жилд Англид төрөөгүй шилдгүүдийн оргил жил нь байсан юм. 2-р байраар
гарсан тэд энэ тэмцээнд од нь гийсэн Германы залууст бут ниргүүлэн олон
хүнийг гонсойлгож орхисон. Гэхдээ тэднийг ийм байдалд хүргэхэд 100 хувь
биш юм аа гэхэд 70 хувь буруутай хүн нь тоглолтын шүүгч байлаа.

Тооны харьцаа 2:1. Тоглолтын 38 дахь минут. Шигшээгийн гол тоглогч
Ф.Лампард гайхалтай цохилтыг гүйцэтгэлээ. Германы багийн хаалгач М.Нойер
бөмбөгөнд хүрч чадсангүй. Бөмбөг хөндлөвчинд ойн зураасны дотор ахин
ойн хаалгач дээр ирлээ. Гооооооооооооооол!!! Үгүй ээ, Нойер бөмбөгөө
холдуулан өшиглөчихлөө. Шүүгч ч тоглолтыг үргэлжлүүлэхийг зааж,
Англичууд дэмий л бухимдан харамсан үлдлээ. Шүүгч бидний гоолыг
хулгайлчихлаа гэж тэд орилж байлаа.

42 настай Уругвай шүүгч Хорхе Ларрионда энгийн нүдээр харсан ч тооцох
бөмбөгийг тооцсонгүйгээрээ Английн фенүүдийн зүрх сэтгэлд хэзээ ч
арилахгүй хар толбыг үлдээсэн юм. Тэр завсарлагаар бичлэг үзчихээд "Ээ
Бурхан минь, би юу хийчихээ вэ" хэмээн хэлсэн гэдэг. Англичууд нутаг
буцан, ахин 4 жилийг хүлээх болсон бол мань шүүгч хэзээ ч талбай дээр
ахиж гарахааргүй болсон юм. Шударга биш гэж үү? Үгүй л болов уу.


4. Францын баг доторх "хувьсгал" хийх гэсэн оролдлого


2010 оны ДАШТ-д Т.Анригийн "гартай" бөмбөгний ачаар арайхийн оролцсон
Францын шигшээ яаж ч дордсон дэлхийн аваргын цомын төлөө өрсөлдөх
боломжтой багт тооцогдож байлаа. Гэхдээ эхний тоглолтоос эхлээд тэдний
юм юм болохгүй байгаа нь анзаарагдав. Мэдээж урт чихт хэвлэлийнхэн юу
гэж зүгээр суухав, маш олон баримтыг, тэр тусмаа багийн олон нууцыг олон
нийтэд түгээсэн юм. И.Гюркюффийг баян-язгууртан гаралтай юм болохоор нь
ядуу гэрт өссөн хар арьст хөлбөмбөгчид нь гадуурхан, ганцаархнаа
ширээнд суун хоолоо идэж буй залуу хагас хамгаалагчийг өрөвдөм зургийг
сэтгүүлд гаргав. Ф.Рибери дэндүү атаман байна гэж олон тоглогчид багтаа
гомдоллосон тухай, бүр зарим тоглогчид онгоцон дотор л гар зөрүүлээд
амжсан тухай яриа мөн гарав. Сүүлд нь дэндүү дураараа Н.Анелька өөрийг
нь шүүмжилсэн дасгалжуулагч Р.Доменекийг болох болохгүй олон хараалаар
харааж, доромжилсон тул багаасаа хөөгдөн Лондонд ирлээ. Баг нь
тэмцээнээс гутамшигтай, шившигтэй хасагдах нь тодорхой болоод байхад нэр
төрийн тоглолтынхоо өмнө П.Эвра тэргүүтэй тоглогчид бэлтгэл хийхээсээ
татгалзан эсэргүүцэл зарлалаа. Үүнийг нь туслах дасгалжуулагч тэвчилгүй
Эвратай заамдалцан авсныг хажууд нь нэг зураглаач дэлхий нийтэд
дамжуулчихав. Тэр дороо л Францын Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч,
Спортын албаны дарга тэргүүтэй лидерүүд нь сайн дураараа ажлаасаа
халагдах өргөдлөө өглөө. Ямар гай нь Францад тохиолдсныг хэн ч мэдэхгүй,
магадгүй дасгалжуулагчаа солихоо тэмцээнээс түрүүлээд зарлачихсан нь юм
болов уу? эсвэл С.Насри, К.Бенземаг орхин бүрдүүлсэн багтай нь
холбоотой юм болов уу? Удахгүй хэвлэгдэх шигшээгийн албаны хүний намтар
номноос бид дэлгэрэнгүйг уншина гэж найдъя.


3. Терри скандал: Рибери бас Рүүни бас зөндөө олон Францчууд


Жон Терри цагтаа Английн оны шилдэг ааваар тодорч, үлгэр жишээ гэр
бүлтэй хэмээн хэвлэлийнхэнд тоогдож, гайхалтай нэр хүндтэй хөлбөмбөгчин
байлаа. Гэхдээ тэр мөчийг хүртэл… Багийн экс анд Уэйн Брижийн найз
бүсгүй Ванессатай дотно харьцаатай байсан нь тогтоогдож, бүр үр
хөндүүлэх оролдлого хийгдсэн гэдэг нь сонин хэвлэлээр цацагдах
хүртэл…Үр дүнд нь тэр шигшээгийн ахлагчийн туузнаасаа салж, гэр бүлээ
арай гэж авч үлдэн, олон нийтийн дунд "шалиг" нэртэй болов.

Уэйн Рүүни байнга л ирээдүйтэй, гайхалтай авьяастай, шилдэг бүр агуу
хөлбөмбөгчин болно хэмээн олон хүнд үнэлэгддэг тоглогч байлаа. Гэтэл
эхнэрийгээ бие давхар байхад нь биеэ үнэлэгчтэй холбоотой байсан нь
илэрч, түүндээ нэг шөнийн 30000 фунт өгсөн нь тодорхой болж, түүгээр ч
тогтохгүй 16-тайгаасаа эхлээд маш олон биеэ үнэлэгчдэд мөнгө төлж байсан
нь илрэв. Үр дүнд нь тэр Англиас явах дөхөв. Ай Рүүни минь, Найкийн
рекламанд дэмий тоглож тийм үү 😀

Харин Франк Рибери хамгийн хөдөлмөрч, уйгагүй хөлбөмбөгчин гэдгээсээ
гадна хамгийн үнэнч нөхөр гэдгээрээ алдартай байлаа. Эхнэртэйгээ л
гэрлэх гэж муслим шашинтан болж Билал Юүсүф Мухамед гэдэг нэртэй хүртэл
болж байсан болохоор тэр шүү дээ. Гэтэл 4-р сард Францын М6 ТВ Парисын
шөнийн цэнгээний газарт шигшээгийн хэд хэдэн тоглогчид насанд хүрээгүй
биеэ үнэлэгчтэй нэр холбогдсон гэдгийг зарлан, тэдгээрийн нэг нь
Ф.Рибери байсныг тодруулснаар түүний нэр хүнд огцом унав. Ядаж
К.Бензема, С.Гову нар нэг биеэ үнэлэгчтэй өөр өөр хугацаанд холбоотой
байсан нь тодорхой болж олны шившиг болов. Ай Францчууд минь…


2. ФИФА авилгалаар асуудлыг шийддэг гэж үү?


Олон улсын хөлбөмбөгийн холбоо бол дэлхийн хамгийн нэр цэвэр, дэлхийн
хамгийн нэр хүндтэй, хамгийн хүчирхэг, баян, алдартай байгууллагуудын
нэг байлаа. Гэтэл энэ жил болсон хэд хэдэн үйл явдлын дараагаар олон
нийтийн тэдэнд итгэх итгэл тун багасч эхэлсэн юм. Энэ бүхэн 2018, 2022
оны ДАШТ-ийг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөж байсан ОХУ Английн
хөлбөмбөгийн холбооны хэвлэлийн дайнаас эхлэлтэй. Энэ маргаандаа тэд
ФИФАг хутгалдуулан, том тэмцээний шүүгчээ сонгохдоо хүртэл лоббинд
автдаг гэж хэлээд амжив. ОУХХ үүний дараа удирдах зөвлөлийн 2 ч
гишүүнээ, үүний дотор OCEAN-ий ерөнхийлөгчийг хүртэл шалгахаа мэдэгдэн,
албан тушаалаас нь түдгэлзүүлчихээд байхад алдарт BBC цуут Панорама
цувралаараа ОУХХ-ны хэрхэн мөнгө угаадаг тухай, санал хэрхэн
худалдагддаг тухай дэлхий нийтэд цацчих нь тэр. Энэ нь ч 2018 оны
ДАШТ-ийг авах боломж өндөр гэгдэж байсан Английг ялагдахад нөлөөлсөн нь
тодорхой ч ялагч болсон ОХУ, Катар болон санал хураалтын эргэлзээтэй
байдал зэргээс харахад үнэмшилтэй ч юм шиг олон нийтэд санагдаж эхлэв.
Энэ бүхэн үнэн үү? Катарын хөлбөмбөгийн холбооноос Аргентины
хөлбөмбөгийн холбоонд орж ирсэн 70 орчим сая доллар үнэхээр маш сайн
хамтын ажиллагааны үр дүн гэж үү? Британы Ерөнхий сайд Д.Камерон,
Хунтайж Уильям нарт танай төлөө санал өгнө өө гэж хэлээд гар барьсан 8
төлөөлөгчөөс үнэхээр ердөө ганцхан нь саналаа өгсөн юм гэж үү? Мэдэхгүй л
юм, үгүй л байгаасай, бас л нэг шуугиант явдал биш гэж үү?


1. Пол наймаалж: Аз уу, авьяас уу?


Пол хэмээх наймаалж 2008 оны ЕАШТ-д нэг тоглолтоос бусдыг амжилттай тааж
орон нутагтаа алдартай болоод байлаа. Тэгвэл 2010 оны ДАШТ-д тэр өөрийн
эх нутаг Германы шигшээгийн бүх тоглолтыг, тэрчлэн аваргын төлөөх
Недерланд болон Испанийн багийн тоглолтын ялагчийг амжилттай тааж,
жинхэнэ дэлхийн хэмжээний од болон гялалзсан билээ. Өөрийн аквариум
дотроо тухайн тоглох багийн далбаа наасан савнаас хоолоо сонгох замаар
таавраа хийдэг түүний авьяас үнэхээр дэлхий нийтийг алмайруулсан юм.
Германы багийг Сербид хожигдоно гэдгийг, Испанид хожигдон хүрлийн төлөө
тоглоно гэдгийг ч тэр эргэлзээгүй хэлсэн. Түүнийг Испаничууд үндэсний
баатраар өргөмжлөн, бизнесменүүд нь өндөр үнэ амалж байлаа. Харамсалтай
нь манай баатар ахиж таавар тааж, хүмүүсийн сэтгэл санаагаар тоглохгүй.
Зарим нэгний хувьд баатар, зарим нэгний хувьд ад чөтгөр мэт үзэгдэж
байсан Пол наймаалж 10-р сарын 26-ны өдөр байгалийн жамаараа таалал
төгсөн, бидний зүрх сэтгэлд 2010 оныг илэрхийлэхүйц, ӨАБНУ-ын ДАШТ-ийг
санагдуулам дурсамжийг үлдээсэн юм. Юутай ч CSPORTS SPECIAL 2010 оны
хөлбөмбөгийн ертөнцийн хамгийн шуугиант үйл явдлаар Пол нэрт энэхүү
наймаалжийн гайхамшигт таавруудыг тодруулж байна.

Эх сурвалж: http://indian.miniih.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж