2010 оны онцлох 10 залуу тоглогч

Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

2010 оны онцлох 10 залуу тоглогч

1.    Томаш Мюллер
Тоглодог баг: Байерн Мюнхен
Нас: 21

Германы шигшээ баг болон Байерн Мюнхен багийн залуу тоглогч Томаш Мюллерийг танихгүй нэгэн байхгүй болсон байх. Өдгөө 21хэн настай тэрээр Байернд Мюнхен ч, Германы шигшээ багт ч үнэхээр хэрэгтэй тоглогч гэдгээ харуулсан. Хөлбөмбөгийн спортод хар багаасаа л хөл тавьсан тэрээр 4 настайгаасаа хүн бүрийн мэдээд байдаггүй ТСВ Пал багт очсон байна. Энгийн даруухан энэ баг одоогийн супер одыг бэлдэнэ гэж хэн санах билээ? Харин түүний авъясыг олж харсан Байерн Мюнхен түүнийг 10 настайд нь багтаа нэгдүүлсэн ба одоог хүртэл тэр энэ багтаа хүчин зүтгэсээр байгаа. Өнгөрсөн улирлын Байерн Мюнхен багийг та санаж байгаа байх. Недерланд мэргэжилтэн Луи Ван Гаалын удирдсан энэ баг Бундеслигийн аварга болоход энэ залуу л тэдний хамгийн чухал гоолуудыг оруулж байсан. Баг нь аваргуудын лигийн финал хүртэл явахад ч түүний хичээл зүтгэл их. Мюллер шигшээ багтаа нийт 5 гоол оруулаад байгаа нь бүгд ДАШТ 2010-д оруулсан гоол юм. ДАШТ-ээр өөрийгөө хэн болохоо бүрэн харуулж чадсан ч учраас 5 гоол, 3 гоолын дамжуулалттайгаар Алтан шаахайн эзэн болсон юм. Түүгээр зогссонгүй Шилдэг залуу тоглогчийн шагналыг мөн хүртсэн юм. Энэ улиралд баг нь лигтээ төдийлөн сайн амжилт үзүүлэхгүй байгаа ч 7 тэрээр 7 гоол оруулаад амжсан. Магадгүй  тэрээр Аваргуудын лигт өнгөрсөн улирлын өшөөгөө Интерээс авахад багтаа туслах ч юм бил үү. Ийнхүү CSPORTS TEAM 2010 оны онцлох залуу тоглогчоор Томаш Мюллерийг тодруулж байна.

2. Гарет Бэйл
Тоглодог баг: Тоттенхэм
Нас: 21

Уэльс залуу Гарет Бэйл хөлбөмбөгийн гараагаа Соутхэмптон багаас эхэлсэн юм. 2 жилийн дараагаар одоогийн Тоттенхэм баг руу явсан ба одоогоор нийт 64 тоглолт хийж 10 гоол оруулсаны 9 нь энэ улиралд оруулсан гоол юм. Энэ нь түүнийг энэ улиралд хэр формтой байгааг харуулахуйц үзүүлэлт юм. Премьер лигийн 17 тоглолтонд 5 гоол, 1 гоолын дамжуулалт, Аваргуудын лигт 4 гоол, 3 гоолын дамжуулалт. Энэ үнэхээр сайн үзүүлэлт биш гэж үү. Ахлах сургуульд байхдаа хөлбөмбөгөөс гадна рэгби, хоккей, гүйлт зэрэг спортуудад дуртай байсан нь түүнийг одоогийн авъяслаг тоглогчийг бий болгожээ. Премьер лигт гайхалтай тоглолтыг үзүүлж байгаа тэрээр 2006 оноос шигшээ багтаа дуудагдсан ба 27 тоглолт хийж, 3 гоол оруулаад байгаа юм. Ид үедээ явж байгаа түүнийг их зүйл хүлээж байна. Тэгээд ч хүн бүр л түүнээс айж байна шүү дээ…


3.    Хавьер Эрнандез
Тоглодог баг: Манчестер Юнайтед
Нас: 22

Английн Манчестер Юнайтед клуб болон Мексикийн шигшээ багийн тоглогч Хавьер Эрнандез. Түүнийг ба бүхэн Чичарито гэх хочоор нь мэдэх байх. Чичарито гэдэг нь буурцаг гэсэн утгатай үг юм. Энэ нь магадгүй түүний жижиг биетэй холбоотой байх. Тэрээр мэргэжлийн хөлбөмбөгчний гараагаа 2006 онд Мексикийн Гуадалажара клубээс эхэлсэн ба 2010 онд алдарт Манчестер Юнайтедэд ирсэн. Английн топ багт ирж байсан тухайн үедээ дэлхий нийтийн анхаарлыг татаж байсан. Хүн бүрийн сайн танихгүй энэ залуу ДАШТ 2010-аар өөрийгөө харуулж чадсан. Шигшээ багтаа 20 тоглолт хийж 11 гоол оруулсан байна. Үүний 2 нь ДАШТ 2010-ын хэсгийн тоглолтонд Францын хаалганд оруулсан хожлын гоол, шөвгийн 16-д Аргентины хаалганд оруулсан нэр төрийн гоол юм. ДАШТ-ий хамгийн хурдан тоглогч гэж нэрлэгдээд байсан тэрээр Премьер лигт 10 тоглолтонд оролцож, 4 гоол оруулаад амжжээ. Харин Аваргуудын лигт  4 тоглолтонд оролцож 1 гоол оруулсан байна. Мексикийн шигшээ багийн ирээдүй болсон Хавьер ‘Чичарито’ Эрнандез…


4. Месут Озил
Тоглодог баг: Реал Мадрид
Нас: 22

Месут Озил – Мөн л Германы шигшээ баг болон Реал Мадридын тоглогч. Мэргэжлийн хөлбөмбөгчний дүрээр Шальке 04 багт 2 улиралд 30 тоглолт, Вердер Бременд 3 улиралд 71 тоглолт хийсэн ба 2010 оноос Реал Мадридад ирээд байгаа юм. Тэрээр одоогоор Ла лигт 16 тоглолт хийж, 4 гоол оруулж, 6 гоолын дамжуулалт хаяад байна. Түүнчлэн Аваргуудын лигт 5 тоглолтонд оролцож, 1 гоол оруулж, 3 гоолын дамжуулалт хаяжээ. Ла лигийн хувьд баг нь Каталоны багийн араас 2-р байранд явж байгаа. Харин Аваргуудын лигт шөвгийн 16-д тэд Лионтой таарсан. Тэдэнд өнгөрсөн жилийн хариугаа авах боломж гарч ирээд байгаа юм. 2006 оноос Германы залуучуудын шигшээ багт багтсан тэрээр Германы шигшээ багт 21 тоглолт хийж 3 гоол оруулсан. Үүний нэг нь ДАШТ 2010-аар Ганын шигшээ багийн хаалганд хийсэн хожлын гоол юм. Тэрээр одоогоор Онцгой нэгний итгэлийг даасан тоглогч болж чадаад байна.
 
5. Сами Хедира
Тоглодог баг: Реал Мадрид
Нас: 23

Германы шигшээ баг болон Реал Мадридын хагас хамгаалагч Сами Хедира мэргэжлийн хөлбөмбөгийн гараагаа Штуттгарт клубээс эхэлсэн байна.Штуттгартийн 1, 2-р багт нийт 119 тоглолт хийсэн нь багтаа хэрэгтэй тоглогч болохыг харуулах юм. 2010 онд Реал Мадридад ирж 15 тоглолт хийгээд байна. Реал Мадридад сайн тоглолт үзүүлж байгаа Хедира ДАШТ-д ч сайн тоглолт үзүүлсэн. Германы шигшээ багтаа 17 тоглолт хийж 1 гоол оруулсан нь ДАШТ-ний гоол юм. Энэ нь хүрэл медалийн төлөөх Уругвайн шигшээ багтай хийсэн тоглолтонд оруулсан гоол юм.

6. Энди Кэррол
Тоглодог баг: Ньюкэстл Юнайтед
Нас: 21

Ньюкэстлийн мэргэн бууч Энди Кэррол. Баг нь 17 тойргийн дараагаар Премьер лигийн 8-р байранд 22 оноотойгоор явж байна. Мэргэжлийн хөлбөмбөгийн гараагаа 2005 онд Ньюкэстлд ирсэнээр эхэлсэн тэрээр өдийг хүртэл багтаа үнэнчээр хүчин зүтгэсээр байгаа юм. Энэ хооронд нэг улирал өөр багт тоглосон нь 2007-2008 оны улиралд Престонд зээлдлэгээр тоглосон нь юм. Энэ улиралд Премьер лигт дэвшин орж ирсэн Ньюкэстлийн гол тоглогчдын нэг яах аргагүй Кэррол мөн билээ. Тэрээр багтаа нийт 78 тоглолт хийж 30 гоол оруулсан байна. Харин энэ улиралд 17 тоглолтонд оролцож 10 гоол оруулаад байгаа нь түүнийг энэ улиралд хичнээн формтой байгааг нь харуулж байгаа юм. Английн Премьер лигт ийм тоглолт үзүүлж байгаа Англи залуу тун удахгүй шигшээ багийнхаа түүхийг бичилцэх биз ээ. Шигшээ багтаа ганцхан тоглолт хийгээд байгаа ч залуу тоглогчийг хамгийн эхэнд 2012 оны ЕАШТ хүлээж байна.

7. Анхель Дэ Мариа
Тоглодог баг: Реал Мадрид
Нас: 22

Аргентины шигшээ багийн тоглогч Анхель Дэ Мариа. 2005-2007 онд Росарио Централ, 2007-2010 онд Бенфикад тоглосон. Харин энэ улирлаас алдарт Реал Мадрид клубт ирээд байна. Гайхалтай сайн бүрэлдэхүүнтэй энэ багийн гараанд багтаж байгаа нь түүнийг тодорхойлчих байх. Баг нь Ла лигтээ 16 тойргийн дараагаар 41 оноотойгоор Барселона клубын араас нэхэж байна. 22 дугаартай баруун жигүүрийн хагас хамгаалагч Дэ Мариа одоогоор Реал Мадридад 16 тоглолт хийсэн ба 5 гоол оруулж, 6 гоолын дамжуулалт хаяад байна. Саяхан л гэхэд Севиллятай хийсэн тоглолтонд нэг хүн дутуу тоглож байсан Реал Мадридад хожлын цор ганц гоолыг авчирч Онцгой нэгний урмыг хугалаагүйгээр зогсохгүй багтаа алдаж болохгүй 3 оноог нь авчирсан билээ.

8. Андрей Айев
Тоглодог баг: Арлес Авигнон (Марселээс зээлдлэгээр)
Нас: 21

Ганын шигшээ багийн тоглогч Андрей Айев нь ДАШТ 2010-ийн шилдэг залуу тоглогч шагналын 3-р байр эзэлсэнийг та бид мэдэх билээ. Францад төрж өссөн энэхүү залуу тоглогч эцгээсээ хөлбөмбөгийн авъяс чадвар өвлөж авчээ. Түүний аав нь Африкийн түүхэнд төрсөн хамгийн шилдэг 3 хөлбөмбөгчний нэг, 3 удаагийн Африкийн шилдэг тоглогч шагналт Абеди Пеле юм. Дөнгөж 21хэн настай тэрээр өнгөрсөн жил 20 хүртэлх насныхны ДАШТ-ний аварга болоод амжжээ. Түүнчлэн Өмнөд Африкт зохиогдсон ДАШТ-2010-аар тэр сайн тоглолт үзүүлсэн. Шигшээ баг нь шөвгийн 8 хүртэл гайхалтай тоглолт үзүүлсэн. Харин тэдний шөвгийн 8-ын өрсөлдөгч нь Уругвайн шигшээ байлаа. Ганын шигшээ тэдэнтэй муу тоглолт үзүүүлсэнгүй. Харин орж яваа бөмбөгийг хаасан Луис Суарезийн “Бурханы гар”. Үүнийг алдалгүй харсан шүүгч Суарезийг улаан хуудсаар шагнаж, пеналти цохилт заасан ч Асамоа Гьян боломжоо ашиглаж чадсангүй. Тэгээд л тэд пеналти цохилтоор хожигдож харамсалтайгаар ДАШТ-ийг орхисон. Айев 2007 онд Марсельд очсон бол сүүлийн 2 улирлыг зээлдлэгд өнгөрөөж байна. Аргагүй бүрэлдэхүүн сайтай байгаа Марселийн сэлгээнд сууснаас өөр багт гараанд тоглосон нь ч дээр болов уу.

9. Жиовани Дос Сантос
Тоглодог баг: Галатассарай (Тоттенхэмээс зээлдлэгээр)
Нас: 21

Мексикийн шигшээ багийн тоглогч Жиовани Дос Сантос – ДАШТ-2010-ийн шилдэг залуу тоглогч шагналын 2-р байр. Хөлбөмбөгийн гараагаа Барселонагаас эхлүүлсэн түүнийг 2008 онд Английн Премьер лигийн Тоттенхэм баг эгнээндээ нэгтгэсэн билээ. Харамсалтай нь тэрээр сайн байсангүй учраас 2 ч баг руу зээлдлэгээр явуулчихав. Одоо тэрээр Туркын Галатассарай клубт зээлдлэгээр тоглож байна. Шигшээ багийнхаа томоохон нүүр царай болж чадсан тэрээр 16 настайдаа буюу 2005 онд Перуд болсон 17 хүртэлх насныхны ДАШТ-нд шигшээ багаа түрүүлэхэд том тус хүргэсэн.  2010 оны ДАШТ-д ч тэрээр багаа хэсгээсээ шалгарч, шөвгийн 16 хүртэл явахад нь тус хүргэж чадсан. Харамсалтай нь тэднийг Аргентины хүчтэй шигшэ баг хүлээж байлаа. Түүний яг одоогийн байдал тийм ч сайн биш байгаа ч залуу тоглогчийг их зүйл хүлээж байгаа. Жиовани Дос Сантос – Мексикийн шигшээ багийн ирээдүй.

10. Александре Пато
Тоглодог баг: АС Милан
Нас: 21

Бага байхаасаа л хөлбөмбөгт дурлаж эхэлсэн тэрээр төрөлх нутаг болох Бразилийн Интернациональ багаас Италийн АС Миланд багт 2007 онд ирсэн юм. Энэ үеэс хойш нийт 85 тоглолтонд оролцож 42 гоол оруулаад байгаа нь түүнийг хэр довтлогч болохыг харуулж байна. Тэрээр 11 насандаа хөлбөмбөгчин болох боломжоо алдах дөхсөн юм. 11 настай Бразил хүү Пато гараа хугалаад эмчид үзүүлэхэд түүний гарийг үзсэн эмч гарнаас нь хавдар олсон ба тухайн үед магадгүй түүний гарийг тайрах хэрэгтэй гэж үзэж байж. Харин аз дайрч хагалгаагаар түүний хавдарыг бүрэн авч чадсанаар одоогийн авъяаслаг хөлбөмбөгчин залуу гарч ирчээ. ДАШТ-2010 – Энэ тэмцээнд Дунга түүнийг шигшээ багт нь дуудсан. Гэвч сүүлийн 23-д хөгшин Роналдиногийн хамт багтаж чадаагүй. Түүний шигшээ баг дахь үзүүлэлт нь: 11 тоглолт, 4 гоол. Харин тэрээр АС Миланд энэ улиралд сэлгээний сандал халааж байна. Аргагүй шүү дээ. Баг нь маш сайн байгаа, 17 тойргийн дараагаар 36 оноотой лигээ тэргүүлж байна. Тэгээд ч Пато муугүй байгаа 8 тоглолт, 6 гоол.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж