Шинэ зарлигт амжилт хүсье | News.MN

Шинэ зарлигт амжилт хүсье

Хуучирсан мэдээ: 2010.04.05-нд нийтлэгдсэн

Шинэ зарлигт амжилт хүсье

Бидний ихэнх нь өлсөөгүй байхдаа цадтал идэж, цангаагүй байхдаа цанхайтал ууж, ядраагүй байхдаа ханатал унтдаг нийтлэг дутагдалтай. Эцэстээ энэ бүхэн хүний бие махбодийн хэвийн байдлыг алдагдуулж, нэг л өдөр өөрийгөө аюулд учирсныг мэдэрдэг. Хүний зүрх цохилж эхэлснээс хойш зогсох хүртэлх тэр бүх хугацааг бид эрүүл саруул амьдралын төлөө зориулдаг. Амьдрахын тулд эрүүл байх ёстой, эрүүл байхын тулд идэвхитэй хөдөлгөөн, эрүүл хооллолт, спортын цагаан толгойд суралцах ёстой гэхчлэн хүний амьдралын ухамсарт урсгал эцэстээ ЭРҮҮЛ МЭНД гэдэг нэг л эргүүлгэнд буудаг. Тэр утгаараа өнгөрсөн долоо хоногийн спортын онцлох үйл явдлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ….тоот зарлигийг онцолж байна.
Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт Монголын спортын салбарт болсон онцлох үйл явдлын нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн спортын, цаашлаад Монголын нийт хүн амын эрүүл мэндийн боловсрол, бие бялдрын хөгжилд зориулан гаргасан зарлигийг олон нийтэд сонирдуулсан мэдээлэл байсан юм. Спортыг зөвхөн тамирчдаар төсөөлөх ойлголтыг эвдэж, нийтээрээ эрүүл чийрэг байхад уриалсан энэхүү зарлигт: Хүүхэд, залуучуудыг нийтийн биеийн тамираар хичээллүүлэх, эрүүл чийрэг бие бялдар, өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, олимп, тив, дэлхийн спортын уралдаан, тэмцээнд амжилттай оролцох баг, тамирчдыг бэлтгэх үндсийг бий болгох зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дахь хэсгийг үндэслэн зарлиг болгох нь:
1.Монгол Улсын хүн амын орчин үеийн эрүүл амьдралын хэв маяг, зан үйлд сургах, аливаа саад, бэрхшээлийг даван туулах бие, сэтгэлийн тэсвэр хатуужилтай шинэ үеийг бий болгох зорилгоор “Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил”-ыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар жил бүрийн дөрөвдүгээр сард явуулж /Сорилыг хурд, хүч, уян хатан, тэсвэр тэвчээр, тэнцвэр гэсэн таван үндсэн үзүүлэлтээр авах аж/, үнэлэлт дүгнлэтийг үндэслэн, шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосугай.
2.Биеийн тамир, спортыг нийтийн үйл хэрэг болгох зорилгоор дунд болон их, дээд сургуулиудад биеийн тамир, спортыг  сургалтын тэргүүлэх чиглэл болгож, сурагч, оюутнуудыг спортоор хичээллэх таатай орчин нөхцөлөөр хангах, спортын хамтлаг, клубуудын тогтолцоог нэвтрүүлж ажиллахыг төрийн болон төрийн бус байгууллага, тамирчид, багш, дасгалжуулагчдад бизнесийн бүх байгууллага, нийт ард иргэдэд уриалсугай хэмээжээ.
Зарлигийг өнгөрсөн гуравдугаар сарын 26-нд үзэглэсэн бөгөөд Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу бол энэ дөрөвдүгээр сараас эхлэн цаашид жил бүрийн энэ цаг хугацаанд Монголын иргэн бүр “Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил” өгч байх болж байгаа юм. Үүнийг иргэн бүр өөрөө өөртөө эрүүл мэнд, бие бялдрын хяналт тавьж, эрүүл мэндийн боловсролоо нэмэгдүүлэх боломж бүрдэх эхлэл гэж ойлгож болох юм. “Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн төвшин тогтоох сорил” явуулдаг байх зарлиг гарч байгаа нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сард баталсан Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогод өгч байгаа хөшүүрэг болж байна. Учир нь биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогын гол чиглэл нь нийтийн биеийн тамир байхаар заасан байгаатай холбоотой.
Нөгөө талаар хүн амын амьдралын хэв маяг өөрчлөгдөж, дэлхийн аль ч улс орон хотжилт, техник, технологийн хөгжилтэй холбоотойгоор суурин иргэншил давамгайлах болсон өнөө үед биеийн тамир, спортыг дэмжих замаар хүнийг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулж байгааг бид ч бас бодох ёстой. Нэгэн жишээ дурьдахад, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр 2005 онд хийсэн шатчилсан судалгаагаар хүүхэд, өсвөр үеийнхний 80.2 хувь нь бие бялдрын хөгжлийн хувьд “С” буюу түүнээс доош үнэлгээтэй, өөрөөр хэлбэл, тухайн насныхаа бие бялдрын хөгжлийн түвшинд хүрэхгүй, 15-34 насны хүн амын бие бялдрын хөгжлийн үзүүлэлт 35-64 насныхны үзүүлэлтийн дундаж төвшнөөс доогуур гарч байсан үзүүлэлт бий. Улсын хөгжлийг дагаад хүн амын амьдралын хэв маяг, хөдөлмөр эрхлэлт, соёл, иргэншилд гарч байгаа өөрчлөлт зэрэг олон хүчин зүйл хүний идэвхтэй хөдөлгөөнийг хязгаарлах, хөдөлгөөний хомсдолтой холбоотой өвчлөл, эндэгдлийг нэмэгдүүлэхэд нөлөөлж байгааг тоо баримтаар тогтоосон байдаг.

Цэргийн насны залуусын тал хувь нь эрүүл мэндийн үзлэгт тэнцдэггүй… хоёр хүний нэг нь сульдаатай, биеийн хөгжил муутай байдаг… 25-65 насныхны 30 гаруй хувь нь илүүдэл жинтэй болсон зэрэг хоол хүнс, ажлын орчин, хөдөлгөөний хомсдлоос үүдэлтэй жишээнүүд  ч үүн дээр нэмэгдэнэ.  Энэ мэт олон шалтгааныг, бидний алхам тутамдаа мэдэрч байдаг эрүүл мэндийн эрүүл бус байдал, дархлаа сул, амархан ядардаг, хөдөлгөөний дутагдалтай байх  гэхчлэн эрүүл бус байгааг гэрчлэх олон асуудлыг арилгах нэг гарц нь хүн бүр өөрсдийн эрүүл мэнд, бие бялдрын хөгжилдөө хяналт тавьж, түүн дагуу эрүүл чийрэг байдлаа хадгалж үлдэх, илүү сайжруулах зорилготой нийтийн биеийн тамирын идэвхжүүлэлт байх бололцоотой юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэхүү зарлигийг дэмжиж байгаагаа илэрхийлэн, Монголын спортынхон урилга гаргаж эхэлжээ. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган, Х.Цагаанбаатар, гавьяат тамирчин Б.Наранбаатар нарын байгуулсан “Амжилтын төлөө хамтдаа” төрийн бус байгууллагынхан Ерөнхийлөгчийн зарлигийг талархан дэмжиж байгаагаа илэрхийлж, Монголын иргэн бүр эрүүл байх, хүн амын бие бялдрын чийрэгжилтийн үр дүн сайжирч, цаашлаад Монголын спортод шилдэг тамирчид төрж гарахад үр дүнгээ өгнө гэдэгт итгэж байгаагаа уламжилжээ. Монголын иргэн бүр ЭРҮҮЛ,  ҮНЭ ЦЭНЭТЭЙ байхад чиглэсэн шинэ зарлигт амжилт хүсье.

Б.Бадмаа

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

hen negen 2010-04-05 183.81.169.2

shine zuil gej baidaggui harin hamgiin ih martagdsan zuiliig sergeeh ni hamgiin shildeg shine sanaa baidag gedeg dee
Yahav amid yavah saihan ter tusmaa eruul yavah buur saihan Soril uguh gazruud ni olon baigaasai daa

Avatar

Зочин 2010-04-05 173.111.204.61

Sotsializmin yeiin Urai shig sonsogdoj baina Sotsializmaasaa suraltsaad baijdee Elbegee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж