Хуучирсан мэдээ: 2010.04.05-нд нийтлэгдсэн

“Интер Милан”

“Интер” нэрээрээ алдартай
“Интернациональ Милано” клуб нь Италийн Милан хотоос гаралтай 
мэргэжлийн хөлбөмбөгийн клуб бөгөөд өдгөө Европын хүчирхэг лигүүдийн нэг
болох Сери А-гийн гол төлөөлөгчдийн нэг юм. Хар, хөх өнгөний хослол
бүхий өмсгөлтэй талбайд гардаг тэд Сери А лигийн аваргын цомыг 17 удаа
хүртэж байжээ. Тэд мөн Италийн цомд таван удаа, Италийн супер цомд
дөрвөн удаа торгон жолоо өргөж, дотоодын чанартай тэмцээнээс нийт 26
түрүү авсан юм. Италийн дэвжээнээс гадна тэд Европ болон дэлхийн тавцанд
нэр алдраа цуурайтуулж чадсан хүчирхэг багуудын нэг билээ. “Интер
Милан” 1964, 1965 онд Европын цомын тэмцээнд дараалан түрүүлж, хожим нь
1991, 1994 болон 1998 онд UEFA Cup-т гурвантаа тэргүүлжээ.

“Интер”-ийн үндсэн талбай нь Милан хотын төвд орших “Жузеппе Меацца”
цэнгэлдэх юм. “Сан Сиро” нэрээрээ алдартай уг цэнгэлдэх нь 80074 хүний
суудалтай Италийн хамгийн том талбай бөгөөд тэд хотын өрсөлдөгч “АС
Милан” клубтэй хамтран эзэмшдэг юм.

ТҮҮХ

Эхний он жилүүд (1908-1952 он):

“Интер Милан” клубын тэртээ 1908 оны гуравдугаар сарын 9-нд
“Интернациональ Милано” нэртэйгээр байгуулагджээ. Тухайн үед Италийн
дээд лиг болох Сери А-д “АС Милан” ганцаараа толгой цохиж, тэдний
ноёрхол дийлдэшгүй, хэрээс хэтэрсэн байсан учир хэсэг бүлэг итали болон
швейцарь эрчүүд тэднээс салан тусгаарлаж, ирээдүйн “Интер Милан” клубыг
байгуулахаар сэтгэл шулуудсан байна. Клуб анх байгуулагдсан цагаасаа л
эхлэн гадны тоглогчдод нээлттэй байсан нь “Интернациональ” /олон улсын/
гэх нэрний үндэс суурь нь болжээ.
“Интер Милан” хамгийн анх 1910 онд Сери А-д түрүүлж, дараа нь арван
жилийн дараа лигийн хошой аварга болсон байна. Анх удаагаа дээд лигт
түрүүлэх үед “Интер”-чүүдийн бүрэлдэхүүнд Виржилио Фоссати тоглож байсан
ба тэрээр мөн багийн дасгалжуулагчийн албыг хамт хашиж байжээ.
Харамсалтай нь Фоссати дэлхийн I дайны үеэр амь үрэгдсэн байна. 1922 онд
“Интер Милан” Сери А лигийн “В” группт багтаж байсан ба улирлын туршид
ердөө 11-хэн оноо цуглуулснаар хамгийн сүүлийн байрт шалгарав. Лигийн
групп бүрт сүүл мушгисан багууд автоматаар зиндаа буурч, доод лигт
тоглох учиртай ч тухайн жилд “В” группын багууд санхүүгийн бэрхшээлтэй
байсан учир “Интер” клубын удирдлага “Ла Газзетта” сонины спорт
хариуцсан эрхлэгчийн хамтаар Италийн хөлбөмбөгийн холбоонд өргөдөл
гаргаж, Сери А-д үлдээхийг хүсчээ. Аз болоход холбооны зүгээс туйлын
таатай шийдвэр гаргаж, тэднийг 1923 оны улиралд дээд лигт тоглохыг
зөвшөөрч, харин сүүлээсээ гуравт бичигдсэн “Венеция” клуб “Интер”-ийн
оронд “доошоо унасан” байна. 1928 он болоход /фашизмийн үед/
“Интернациональ” клуб Милан хотын спорт нийгэмлэгт харьяалагдах болж,
“Амбросиана СС Милано” нэрээр тоглох болсон ба улаан хэрээс бүхий цагаан
өмсгөлтэй талбайд гарах болжээ. 1929 онд багийн шинэ ерөнхийлөгчөөр
сонгогдсон Оресте Симонотти клубын нэрийг өөрчлөхөөр шийдэж,
“Амбросиана” хэмээн нэрлэх болсон боловч хөгжөөн дэмжигчид нь тэднийг
“Интер” гэх анхны нэрээр нь дуудаж байв. Улмаар 1931 онд шинэ
ерөнхийлөгч Поццани клубын хувьцаа эзэмшигчидтэй ярилцсаны дүнд клубын
нэрийг “Амбросиана-Интер” болгон өөрчилжээ.

Тэд хамгийн анх 1938-39 оны улиралд домогт Жузеппе Меаццагийн удирдлага
дор “Coppa Italia” буюу Италийн цомын тэмцээнд түрүүлсэн бөгөөд одоогийн
Сан Сиро цэнгэлдэхийн нэр түүнтэй салшгүй холбоотой. Удаахь жил нь
хэдийгээр Меацца гэмтэлтэй байж, дийлэнх хугацааг үзэгчдийн суудалд
өнгөрүүлсэн боловч тэд Сери А-д торгон жолоо өргөж чадав. Улмаар Дэлхийн
II дайн өндөрлөхөд тэд уугуул нэр болох “Интернациональ” нэрээ эргүүлэн
авчээ.

“Интер”-ийн оргил үе:

Хүн төрөлхтнийг цочроосон Дэлхийн II дайн дууссанаас хойш тэд 1953 болон
1954 онд дараалан Сери А лигт аваргалсан бөгөөд энэ үеэс “Интер”-ийн
түүхэн замналын оргил үе эхэлсэн юм. Алдарт хөлбөмбөгч Эленио Эррера
“Интер Милан”-ы дасгалжуулагчаар ажиллаж байх үед тэд 1963, 1965, 1966
онд лигийн аваргаар тодорч, Европын цомын тэмцээнд хоёр ч удаа түрүүлж
амжжээ. 1964 онд тэд Испанийн домогт клуб “Реал Мадрид”-ыг буулган авсан
бол удаахь жил нь Сан Сиро цэнгэлдэхдээ тэмцээний хошой аварга
“Бенфика”-г бут ниргэсэн байна. 1960-аад он шувтрахад “Интер Милан” 1971
онд Сери А-д 11 дэхээ түрүүлж, улмаар 1980 онд дахин аваргалжээ.
Түүнчлэн 1970-80-аад оны үед тэд Италийн цомын тэмцээнд дахин хоёр удаа
түрүүлсэн юм.

Хүнд хэцүү он жилүүд (1990-2004):

1990-ээд оны үе “Интернациональ” клубын хувьд уналтын үе байлаа. Тэдний
байнгын өрсөлдөгчид болох “Милан”, “Ювентус” болон “Рома” нар дотоодын
төдийгүй Европын тавцанд нэр алдраа цуурайтуулж, ар араасаа амжилт
дагуулж байхад “Интер” үргэлж ард хоцорч байв. 1993-94 оны улиралд тэд
бүр ч дордож, доод лиг рүү унахад ердөө ганцхан оноо тэднийг аварчээ.
Гэхдээ тэд энэ хугацаанд Европын ногоон талбайд чамлахааргүй амжилт
гаргаж, 1991, 1994 болон 1998 онд UEFA Cup-т түрүүлсэн байна.
1995 онд “Интер Милан”-ы эрхийг Массимо Моратти атгах болов. Улмаар
Рональдо, Кристиан Вьери, Эрнен Креспо нарын өндөр зэрэглэлийн
тоглогчдыг эгнээндээ элсүүлж, хөгжөөн дэмжигчид ч тэднээс илүү ихийг
хүсэн хүлээх болжээ. Энэ үед тэд дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчийн
рекордыг хоёр ч удаа шинэчилсэн байна. 1997 онд “Барса”-гаас 19.5 сая
еврогоор Рональдог, харин 1999 онд “Лацио”-гоос Кристиан Вьериг 31 сая
еврогоор худалдан авч, дээд амжилт тогтоожээ. Гэсэн хэдий 1990-ээд оны
үес “Интер”-ийн хувьд уналтын жилүүд байсан бөгөөд бүтэн 10 жилийг ядаж
ганц ч болов Сери А-гийн цомгүйгээр өнгөрүүлсэн юм. Харин тэдний үнэнч
шүтэн бишрэгчдийн хувьд энэ их азгүйтэл, бүтэлгүйтлийн буруутан нь чухам
хэн бэ гэдгийг тодорхойлох туйлын хэцүү байв. Улмаар клубын
ерөнхийлөгч, дасгалжуулагчид болон зарим тоглогчдын дунд хагарал үүсэх
болжээ. Гэхдээ эцсийн дүнд ноён Мораттиг гол буруутан хэмээн дүгнэж,
ялангуяа тэр 1998-99 оны улирлын тоглолтууд дөнгөж эхлээд байхад олны
хайр хүндэтгэлийг хүлээсэн дасгалжуулагч Луижи Симониг ажлаас нь
халснаар Моратти жинхэнэ “хэргийн эзэн” болж хувирчээ. Симони 1998 оны
Италийн шилдэг дасгалжуулагчийн шагнал хүртсэний маргааш өдөр нь л
Моратти түүний гэрээг цуцалсан байна. 1998-99 оны улиралд “Интер” Сери
А-д наймдугаарт бичигдсэнээр Европын тавцанд ганц ч уралдаан тэмцээнд
оролцоогүй юм.

1999-2000 оны улиралд Массимо Моратти зарим нэг томоохон өөрчлөлт хийж,
дахин шилдэг тоглогчдыг багтаа урвуулжээ. Хамгийн онцлууштай нь,
“Ювентус”-ын экс-дасгалжуулагч Марчелло Липпиг багтаа авчирсан явдал
байлаа. Түүнчлэн Анжело Перуцци, Францын домогт тоглогч Лоран Блан,
Владимир Югович нарыг бүрэлдэхүүндээ нэгтгэсэн боловч лигийн алтан цомыг
өргөх хувь дутжээ. Гэхдээ тэд 1989 оноос хойш анх удаагаа боломжийн
амжилт гаргаж, Италийн цомд финалдсан боловч “Лацио”-д ялагдсан байна.
Удаахь жил нь Италийн супер цомын тэмцээнд “Лацио”-д дахин ялагдаж,
Аваргуудын лигийн урьдчилсан шатны тоглолтод Шведийн “Хельсингборг”-т
хожигдсоноор өрсөлдөөнөөс хасагджээ. Түүнчлэн тэд анх удаагаа Сери А
лигийн “Режина” клубт ялагдсаны дараа тухайн үед дасгалжуулагчаар
ажиллаж байсан Марчелло Липпи шууд л хөөгдсөн байна. Энэ хэсэг хугацаанд
тэдний гол өрсөлдөгчид болох “АС Милан” дотоодын төдийгүй Европын
тавцанд нэр алдраа мандуулж, “Интер”-ийг талбай дээр нь зургаа нольджээ.
Липпигийн оронд дасгалжуулагчийн суудалд заларсан Марко Тарделли дээрх
ялагдлаараа “Интер”-ийн хөгжөөн дэмжигчдийн зүрх сэтгэлд үүрд хадаастай
үлдсэн юм.

Сэргэн мандалт ба Итали дахь ноёрхол (2004 оноос хойшхи үе):

2005 оны зургадугаар сарын 15-нд “Интернациональ” клуб Италийн цомын
аваргын төлөө “Рома”-г 3:0 харьцаатай буулган авч, алтан цом өргөсөн
бөгөөд удалгүй наймдугаар сарын 20-нд “Ювентус”-ыг 1:0-ээр хожсоноор
Италийн супер цомын тэмцээнд аваргалжээ. Удаахь жил нь тэд дахин Италийн
цомд түрүүлж, 2005-06 оны улиралд Сери А-гийн аваргын цом хүртсэн
байна. 2006 оны долдугаар сарын 14-нд Италийн давж заалдах шатны шүүхээс
Сери А лигийн “Ювентус”, “Лацио”, “Фиорентина”, “Режина” болон “АС
Милан” нарыг тоглолт наймаалцсан хэрэгт буруутайг тогтоож, улмаар
“Ювентус” түүхэндээ анх удаа доод лиг рүү унаж, “Милан” клубын онооноос
наймыг хассанаар “Интер” 2006-07 оны улиралд Сери А лигийн аваргын цом
хүртжээ. Энэ улиралд тэд Сери А-гийн 17 тоглолтод дараалан ялалт
байгуулж, “Баейрн Мюнхен”, “Реал Мадрид” нарын 15 дараалан хожсон
амжилтыг эвдсэн юм.

Дараа жил нь буюу 2007 оны дөрөвдүгээр сраын 22-нд “Интер” “Сьена”-г 2:1
харьцаатай буулган авснаар хоёр дахь жилдээ даралан лигийн аваргаар
тодров. Багтаа ялалт авчирсан хоёр гоолыг хоёуланг нь Италийн шигшээ
багийн хамгаалагч Марко Матерацци оруулсан юм. “Интер Милан” 2007-08 оны
улирлыг Сери А болон Аваргуудын лигт түрүүлнэ гэсэн зорилготойгоор
эхлүүлэв. Улирлын эхэнд өндөр амжилт гаргаж байсан тэд Сери А-гийн
хүснэгтийг бүр эхнээс нь манлайлж, Аваргуудын лигийн хасагдах шатанд
өрсөлдөх эрхээ ч төвөггүй өвөртөлсөн байна. Гэвч хоёрдугаар сарын 19-нд
Аваргуудын лигийн шөвгийн 16-д “Ливерпуль”-д 2:0-ээр ялагдсанаар
дасгалжуулагч Роберто Манчини өөрийн хүсэлтээр албан үүргээсээ огцрох
бодолтой мэдэгдсэн юм. Гэсэн хэдий ч тэд Сери А-д одтой байж, дахин
түрүү авчээ. Улмаар тавдугаар сарын 29-нд Манчини клубыг орхиж, тав
хоногийн дараа “Интер Милан” албан ёсныхоо вэбсайтад “Порто” болон
“Челси”-гийн экс-дасгалжуулагч Жозе Моуриньог багтаа авчрах болсноо
зарлав. 2008 оны зуны арилжаа наймааны үеэр Моуриньо ердөө гурван шинэ
хүнийг бүрэлдэхүүндээ нэгтгэсэн нь Мансини, Салли Мунтари, Рикарду
Куарежма нар байлаа. Моуриньогийн удирдлага дор тоглосон эхний жилдээ
“Интер” Италийн супер цомд түрүүлж, дөрөв дэхээ дараалан Сери А лигийн
алтан цом өргөсөн боловч Аваргуудын лигийн шөвгийн 16-д “Манчестер
Юнайтед”-д хожигдсон юм. Энэ үед тэд Сери А лигт дараалан дөрөв
түрүүлсэн “Турин” болон “Ювентус” нарын түүхэн амжилтын эгнээнд нэгджээ.

ТОГЛОГЧИД

Франческо Тольдо – хаалгач – Итали /1/
Иван Кордоба – хамгаалагч – Колумб /2/
Хавьер Занетти – хамгаалагч – Аргентин /4/
Деян Станкович – хагас хамгаалагч – Серби /5/
Лусио – хамгаалагч – Бразил /6/
Рикарду Куарежма – хагас хамгаалагч – Португаль /7/
Тиаго Мотта – хагас хамгаалагч – Бразил /8/
Самуэль Эту – довтлогч – Камерун /9/
Уэсли Снейдер – хагас хамгаалагч – Голланд /10/
Салли Мунтари – хагас хамгаалагч – Гана /11/
Жулио Сезар – хаалгач – Бразил /12/
Майкон – хамгаалагч – Бразил /13/
Рене Крхин – хагас хамгаалагч – Словень /15/
МакДональд Марига – хагас хамгаалагч – Кени /17/
Эстебан Камбьяссо – хагас хамгаалагч – Аргентин /19/
Паоло Орландони – хаалгач – Итали /21/
Диего Милито – довтлогч – Аргентин /22/
Марко Матерацци – хамгаалагч – Итали /23/
Вальтер Самуэль – хамгаалагч – Аргентин /25/
Кристиан Киву – хамгаалагч – Румын /26/
Горан Пандев – довтлогч – Македон /27/
Алан Стеванович – хагас хамгаалагч – Швейцарь /28/
Давиде Сантон – хамгаалагч – Итали /39/
Марио Балотелли – довтлогч – Итали /45/
Марко Арнаутович – довтлогч – Австри /89/

Бэлтгэсэн: С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж