Жаран тогоон талыг улсын тусгай хамгаалалтанд авчээ

Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

Жаран тогоон талыг улсын тусгай хамгаалалтанд авчээ

Монгол улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт улс, аймаг, орон нутгийн тусгай хамгаалалт болон тусгай хэрэгцээний газрыг нийт нутаг дэвсгэрийн 11 хувьд, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт “монгол орны экосистемийн тэнцвэрт байдлыг хангахад онцгой ач холбогдолтой аймгийн газар нутгийг улс, аймаг, орон нутгийн тусгай хамгаалалтанд авч, нийт нутгийн 10 хувийг тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд хамруулж, хамгаалалтын ажлыг мөрдөн ажиллана” гэж заажээ. Одоогоор Сүхбаатар аймагт улсын тусгай хамгаалалттай газар нутаг 3,1 хувь, орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутаг 18,2 хувьтай байна.

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 5 дахь удаагийн сонгуулийн ээлжит 8-р хурлаар Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт орших “Жаран тогоон тал” хэмээх хялганатын тал, цагаан зээрийн сүргийг улсын нөөцийн тусгай хамгаалалтанд авах саналыг оруулан хэлэлцүүлээд тус бүс нутгийг улсын нөөцийн  тусгай хамгаалалтанд авах тогтоол гаргалаа. Жаран тогоон тал, түүний орчмын нутаг нь хонхор хотгор бүхий нөмөр нөөлөг ихтэй, хялганат тал хээр бөгөөд цагаан зээр бөөнөөр байршиж төллөдөг гол нутаг юм. Цагаан зээр байнга нүүдэллэн амьдардаг амьтан боловч төллөдөг газраа нилээд суурьшилтай байдгийг судлаачид ажигласан байна. Үүнээс гадна тус нутаг малын бэлчээрт бага хэмжээгээр ашиглагддаг байна. Энэ бүс нутаг Сүхбаатар, Дорнод аймгийн хилийн дагуу цагаан зээрийн нүүдлийн гол зам болох зурвас газраар урагшаагаа Дорнод Монголын дархан цаазат газартай, хойшоогоо Хотонт, Хулстай, Салбарын тал хүрэх юм. Энэхүү нутгийг хамгаалалтад авснаар цагаан зээрийн тархац нутгийг Хэрлэн голоос урагш өргөжүүлэн хамгаалах боломжийг олгох юм.
 
 
 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж