Авто ослын улмаас 16 хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

Авто ослын улмаас 16 хүн нас баржээ

Нийслэл хотын авто замын сүлжээний гол ачааллыг үүрдэг уулзвар, замууд Сүхбаатар дүүргийн нутагт дэвсгэрт хамаарагддаг аж. Тухайлбал, Энхтайваны өргөн чөлөө, Залуучуудын гудамж, Сөүлийн гудамж, Олимпийн гудамж, Нарны зам, Чингисийн өргөн чөлөө, Их, Бага тойруу, Цагдаагийн гудамж, Ногоон нуурын гудамж, хойд зуслангийн чиглэлийн замын уулзвар энэ дүүрэгт хамаарна.  Тус дүүргийн замын хөдөлгөөний ачаалал, авто машины зогсоолыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар тус дүүрэг дэх Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Батболдоос тодрууллаа.

-Сүхбаатар дүүрэгт төвийн гол замуудын байрладаг.  Энэ ч утгаараа замын хөдөлгөөний ачаалал их байгаа нь анзаарагддаг?

-Улаанбаатарт өдөр 130 гаруй мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог гэсэн албан бус судалгаа бий. Үүний 80 орчим хувь нь Сүхбаатар дүүргээр дамжин өнгөрдөг. Өнгөрсөн онд Сүхбаатар дүүрэгт 26 мянга орчим автомашин тоологдсон. Үүнээс хөдөлгөөнд идэвхтэй оролцдог нь 19 мянга. Бусад дүүргээс дамжин өнгөрч байгаа автомашинтайгаа нийлээд манай дүүргийн нутаг дэвсгэрээр өдөрт 100-120 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог юм. Манай дүүрэг бусад дүүрэгтэй харьцуулахад хөдөлгөөний ачаалал нягтрал ихтэй.  Төрийн болон захиргааны голлох байгууллагууд, их дээд сургууль, үйлдвэр үйлчилгээний томоохон төвүүд олонтой. Төрийн ордон, “Улаанбаатар“ зочид буудал, Хүүхдийн урлан бүтээх төв, “Жоби“ төв, МУИС, ШУТИС, МУБИС, Герман, БНХАУ, Болгар, Чесловак, БНСУ-ын Элчин сайдын яам, Гадаад харилцааны яам, Эрүүл мэндийн яам, Хотын захиргаа гээд том байгууллагуудаас гадна Соёлын төв өргөө, Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театр, “Аса“ цирк зэрэг соёлын байгууллага олонтой учир үүнийгээ дагаад хөдөлгөөн ихтэй нь байх нь аргагүй л дээ.

-Авто машины зогсоолын асуудлыг танай дүүрэгт тулгамдсан гэж үзэж болох байх. Хэрхэн шийдвэрлэж байна?

-Төвлөрсөн үйлчилгээний төв, аж ахуй нэгжээс гадна төрийн захиргааны байгууллага олон байдаг учир автомашины зогсоол олон байх зайлшгүй шаардлагатай. Бидний илрүүлж байгаа зөрчлийн 70-80 хувь нь зогсох зогсоолын журам зөрчсөн байдаг. Үйлчилгээний газрууд олноор баригдаж, өндөр сайхан барилгууд босч байгаа нь сайн ч зогсоол хийгддэггүй. “Шангрила“ гэхэд зөвхөн өөрийнхөө 20-30 машинд зогсох зогсоол гаргаад баруун талд нь мөн тооны машин багтах зогсоол хийсэн. Иргэд зогсоол байхгүй гэсэн шалтгаанаар замын нэгдүгээр эгнээнд машинаа тавьчихдаг. Үүнээс болоод л түгжрэл үүснэ. Манайд зогсоолын журам зөрчсөний улмаас улсын дугаараа хураалгасан жолооч нар хаана зогсох юм, зогсоол байгуулаач гэдэг. Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд энэ асуудлаар хоёр удаа сонсгол мэдээлэл оруулсан. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах аж ахуй нэгж байгууллагуудыг зогсоолтой болгох, зогсоолтой газруудын зогсоолын ашиглалтыг сайжруулахын тулд ажилтан ажиллуулах шийдвэр гаргуулж авлаа. Драмын театрын өмнө, Спортын төв ордны өмнө зэрэг гурван газарт төлбөртэй зогсоолтой боллоо. Мөн “Саруул“ төв зогсоолтой, тэмдэг тэмдэглэгээгээ хийгээд зогсоол дээрээ хүн ажиллуулдаг болсон. Барилгын материалын “Жоби“, Дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, “Эйр транс“ зэрэг газар зогсоолтой болсон. Мөн хүн ажиллуулж зогсоол ашиглалтын байдлаа сайжруулж байна. Түүнчлэн 12 байгууллагад энэ чиглэлээр албан мэдэгдэл өгчихсөн байгаа. Ослын тоо буурч байгаа боловч хүн гэмтсэн хэргийн тоо өссөн. Хүн нас барсан тохиолдол ч нэлээд нэмэгдсэн. Өнгөрсөн жил есөн хүн нас барсан бол энэ жил 16 болж нэмэгдсэн байна лээ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж