Түүхий эд, металын дэлхийн зах зээл дээрх үнэ ханш

Хуучирсан мэдээ: 2010.04.05-нд нийтлэгдсэн

Түүхий эд, металын дэлхийн зах зээл дээрх үнэ ханш

Дөрөвдүгээр сарын 2-ны байдлаар нэг трой унци алтны үнэ Лондонгийн бирж дээр 1128.83 ам доллар байсан. Цөмийн реакторын түүхий эд болох ураны ханш нэг кг нь 90 гаруй ам.доллар байна. 2008 оны дундуур нэг кг ураны ханш 300 ам.доллар болж байсан.
Нэг унци мөнгө 17.90 ам.доллар байна. Нэг кг хөнгөн цагааны үнэ олон жилийн дундажтайгаа ойролцоо буюу 2.225 ам.доллар байна. 2008  оны сүүлээр нэг удаа ноцтой унасныг эс тооцвол зэсийн үнэ сүүлийн арван жилд тасралтгүй өссөөр байгаа бөгөөд нэг кг зэсийн сүүлийн долоо өдрийн дундаж ханш 7.6-7.65 ам.доллар байна. Молибдены ханш 2005 онд дээд цэгт хүрч нэг кг молбиден 100 ам.доллар хүрч байсан ч 2008 онд огцом унасан. Түүнээс хойш алгуур өсч байна. Нэг кг молибдены ханш Лондонгийн бирж дээр 37.8 ам.доллар байна. Платиниум буюу нэг цагаан алт нэг унци нь 1618 ам.доллар байна. Нэг баррель түүхий газрын тосны үнэ баасан гаригийн байдлаар байдлаар 85.31 ам.доллар байсан.
Дэлхийн том биржүүд хагас бүтэн сайнд амардаг бөгөөд Улаанбаатарын цагаар даваа гаригийн өглөө хамгийн эхлээд Австралийн хөрөнгийн бирж, түүний дараа Гонгконг, Японы хөрөнгийн биржүүд, дараа нь Германы хөрөнгийн бирж ажилладаг. Гонгконг, Японы хөрөнгийн биржүүд хаах дөхөхтэй зэрэгцэн Их Британийн Лондонгийн хөрөнгийн бирж ажиллаж эхэлдэг бөгөөд түүнээс зун/өвлийн цагийн хуваарь баримталж байгаагаас шалтгаалан 4-5 цагийн дараа АНУ-ын Нью-Йоркийн хөрөнгийн бирж ажиллаж эхэлдэг. Ажлын өдрүүдэд дэлхийн хөрөнгийн биржүүд ээлжилж, хааж нээдэг хэдий ч цагийн зөрүүнээс болоод 24 цагаар дэлхийн зах зээл хэлбэлзэлтэй байдаг. Аль хөрөнгийн бирж дээр арилжаалж байгаагаас шалтгаалан унц алтны үнэ хөрөнгийн биржүүд дээр ялгаатай байх тохиолдол элбэг байдаг. Тухайлбал баасан гаригт Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр унц алтны үнэ 1120 ам.доллараар хаагдсан бол Хонг-Конгийн хөрөнгийн бирж дээр 1112 ам.доллараар хаагдсан байна. Харин Лондонгийн хөрөнгийн бирж дээр 1128 ам.доллар хүрч хаагдсан байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж