Сэлэнгэ аймгийн авто замын өнөөгийн байдал

Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

Сэлэнгэ аймгийн авто замын өнөөгийн байдал

Сэлэнгэ аймагт улсын болон орон нутгийн чанартай 1101.4 км автозам ашиглагдаж байгаагаас улсын чанартай Алтанбулаг-Улаанбаатар чиглэлд 220 км, Дархан-Эрдэнэт чиглэлд 120 км, нийт 340 км  нь  асфальтонбетон зам ашиглагдаж байна. Сэлэнгэ, Ерөө, Хараа, Орхон, Шарын гол зэрэг том жижиг гол, гуу жалган дээгүүр тавьсан 100м-с дээш урттай 4 асфальтон бетон гүүр, 100 метрээс доош урттай 25 жижиг гүүрийг дээрхи авто зам дамжин өнгөрдөг. Аймгийн нутаг дэвсгэр дэх улс, орон нутгийн замын сүлжээнд Сүхбаатар, Мандал, Сайхан сумдын төвийн 6.2 км асфальтонбетон зам, Шаамар, сумын төвийг 2.3 км хөнгөвчилсөн асфальтонбетон хучилттай зам, Алтанбулаг-Улаанбаатарын чиглэлийн төв замаас баруун тийш Түшиг сум, зүүн тийш Бугант, Дулаанхаан тосгон, Төмөртэйн уурхай хүртэлх 347 км хайрган хучилттай зам багтдаг. Дээрх замуудын дайрч өнгөрдөг Сэлэнгэ мөрөн, Орхон, Ерөө, Түнхэл, Хүдэр, Түшиг, Хараа, Ивэн, Шүрэн зэрэг гол түүний салаа зэрэг газруудад барьсан орон нутгийн чанартай 100м дээш урттай 7, 100 м доош урттай 29 гүүр байдаг. Үүнээс 7 нь төмөр бетон, 1 нь төмөр бусад нь модон гүүрүүд юм. Орон нутгийн чанартай зам, гүүрүүдэд орон нутгийн замын сан, төсвийн хөрөнгөөр барилга, засвар арчлалт хамгаалалтын ажлыг хийдэг. Мөн Орхон, Ерөө голууд дээр 3 бирвааз ажиллаж байна.

Гэвч зам, замын байгууламжийн барилга, засвар арчлалтын ажлын хэмжээ, үнэлгээ өндөр, хөрөнгийн эх үүсвэрийн хомс байдал,  материалын үнэ их зэрэг нь байнга засварлаж арчлах боломжийг тэр бүр бүрдүүлж чаддаггүй, мөн аймгийн нутаг дэвсгэр дэх  олон гол мөрний ус үерлэх үед дээрх зам гүүрүүд нь их хэмжээгээр эвдэрч гэмтдэг.

Сүүлийн жилүүдэд Сүхбаатар сумын хойд тойргийн 2.1 км хатуу хучилттай зам, 2007 онд Сүхбаатар сумын хойд урд замыг  холбосон 0.7 км зам, Мандал, Баянгол сумдын төв доторхи нийт 6.5 замыг шинээр тус тус барьж байгуулж байнгын ашиглалтанд оруулсан, мөн Германы KFW банкны зээлээр 2006-2008 он хүртэл хэрэгжүүлэх “Бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд 166.7 сая төгрөгийн хөрөнгөөр Ерөө, Цагааннуур, Хушаат, Баянгол-Мандал  чиглэлийн  43 км хайрган хучилттай зам, 5 модон гүүр 60 гаруй  ус зайлуулах хоолой бариулахаар болсон.
Монгол Улсын авто замын хуулийг үндэслэн аймгийн Засаг даргын  захирамжаар аймгийн болон тус аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж иргэдээс орон нутгийн авто зам, замын байгууламжийг ашигласны төлбөр хураамж авах журам төлбөрийн хэмжээг тогтоон мөрдүүлж байна. Аймгийн Орон нутгийн замын санд 2006 онд 126.9 сая төгрөгийн орлого төвлөрүүлж бүх сумдын замын засвар, гэрэлтүүлгийн ажлыг санхүүжүүлсэн.
Аймгийн авто тээврийн төвлөрсөн байгууллагууд бүрэн хувьчлагдаж, одоогийн байдлаар нийтийн тээврийн үйлчилгээг Шуудан холбооны алба, аймгаас тендерт шалгарсан компани хамтран орон нутагт тусгай зөвшөөрлийн үндсэн дээр гүйцэтгэж байна. Эдгээрт Хөтөл-Дархан, Дархан-Сүхбаатар, Сүхбаатар Шаамар, Сүхбаатар-Зүүнбүрэн, Сүхбаатар-Цагааннуур, Сүхбаатар-Алтанбулаг, Хүдэр-Дархан, Ерөө-Дархан гэсэн чиглэлд нийт 185 автомашинаар үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн Сүхбаатар хотын төвд автобусны 4 чиглэлд микроавтобус, таксийн үйлчилгээ ажиллаж байна.
Ачаа тээвэрлэлтийн асуудлыг одоогийн байдлаар зохион байгуулалтийн тогтсон арга хэлбэргүй иргэд, байгууллага хоорондын тохиролцсон хэлцлээр хувийн хэвшлийн жолооч нар  гүйцэтгэж байна.
Авто тээврийн харилцааг зохицуулах төрийн бодлогыг тодорхойлсон авто тээврийн хуулийг батлан мөрдүүлснээр эрх зүйн орчин бүрдсэн ч тус аймаг орон нутагт тээврийн бодлого зохицуулалт өнөөгийн эрэлт шаардлагад тэр бүр нийцэж чадахгүй байна.
Тээврийн хууль тогтоомжийн хяналт шалгалт өнөөгийн шаардлагаас хоцорч байна. Иймд авто тээврийг бодлого чиглэлтэйгээр хөгжүүлэх, авто тээвэр эрхлэх сонирхол бүхий аж ахуйн нэгж, байгууллага иргэдэд тавих шаардлагыг өндөржүүлж, Монгол Улсын Авто тээврийн тухай хуулийг үе шаттайгаар хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Алтанбулаг, Сүхбаатарын сумын орчимд онгоцны буудал бариулахаар Алтанбулагийн худалдааны чөлөөт бүсийн мастер төлөвлөгөөнд тусгагдсан аж.
Сэлэнгэ, Орхон гол дээр аялал жуулчлалын зориулалтаар усан замын тээврийг явуулах  боломж тус аймагт бий.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж