Мэндчилгээ | News.MN

Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

Сэлэнгэ нутгийнхаа нийт иргэдэд ирж буй шинэ жилийн баярын мэнд хүргэж мэндчилье. 2010 он Сэлэнгэ аймгийн түүхэнд сайн сайхнаар дурсагдах үйл явдлаар дүүрэн, амжилт бүтээл арвин жил болж, та бидэнд урам зориг нэмж, ухаарал сургамжаа үлдээн улиран одож байна.

Манай аймгийн бүтээлч иргэд хөдөлмөрчид 2010 онд 177,6 мянган тонн үр тариа, 42,7 мянган тонн төмс, 30,2 мянган тонн хүнсний ногоо хураан авч, 203,0 мянган тонн байгалийн хадлан, 7,6 мянган тонн ногоон тэжээл бэлтгэж, 391,0 мянган төл бойжуулан, аж үйлдвэрийн салбарт 308,6 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн бахархам амжилтаар хуучин оноо үдэж, шинэ онтойгоо золгож байна. Аймгийн төв Сүхбаатар хотод ард иргэдийнхээ амралт чөлөөт цагийг зохистой өнгөрүүлэх Гэрэлт хөшөө цогцолбор, аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнгийн ажлыг эхлүүлж, Корпус, Хороолол, Салхитын чиглэлд 6,7 км цардмал зам, хотын төвд 1,7 км явган хүний зам шинээр тавьж, Мандал, Цагааннуур, Ерөө сумдад спорт цогцолборын барилга барих гэх мэт олон ажлуудыг амжуулсан түүхэн хугацаа байлаа.

2011 онд Монгол Улсын үе үеийн түүхийн хувьсгалт дайчин уламжлал хөгжил дэвшлийн түүчээ байсан эртний түүхт Сэлэнгэ нутагт шинэ үеийн Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 80 жилийн ой, Ардын Хувьсгалын 90 жилийн ой, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жилийн ой тохиох бөгөөд эдгээр ой угтсан их бүтээн байгуулалтын ажил аймаг сум байгууллага хамт олон, айл өрх иргэн бүр идэвхи санаачлагатай оролцож өөрийн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна.

 

         Та бүхэнд шинэ ондоо эрүүл энх, аз жаргалтай, амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөл дэвшүүлье.

 ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА
ХУРЛЫН ДАРГА  Ж.САНЖЖАВ Ж.ЭРДЭНЭБАТ


0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж