
Замын цагдаагийн газраас гаргасан судалгаагаар энэ онд улсын хэмжээнд нийт зам тээврийн осолтой холбоотой гомдол мэдээллийн 22 хувь, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн 50 хувь, хэргийн улмаас нас барагсдын 69 хувь, гэмтэж бэртэгсдийн 44 хувь хөдөө орон нутгийн замд гарсан осолтой холбоотой байсан аж. Замын цагдаагийнхан ирэх онд орон нутгийн замд хөдөлгөөний хяналтыг сайжруулах, тээврийн хэрэгслийн техникийн байдлын хяналтыг чанаржуулах, жолоочийн сахилга хариуцлагыг дээшлүүлэхэд анхаарч ажиллахаар төлөвлөжээ. Тиймээс зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах ажлыг эрчимжүүлэх, боловсронгуй болгох зорилгоор орон нутгийн босоо, хэвтээ тэнхлэгийн дагуух замыг бүрэн хяналтанд авах юм байна. Эхний ээлжинд Төв аймгийн Лүн, Баянчандмань сумд, нийслэлийн алслагдсан Багахангай, Багануур, Налайх дүүргүүдэд хяналтын байгууламж барьж эхлээд байгаа аж.
Дашрамд дуулгахад, энэ онд хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, ослын нийт 34 мянга 830 дуудлага хүлээн авч шалган харьяаллын дагуу хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид шилжүүлж ажилласан байна.
П.Наран