Тавантолгойн галт тэрэг хөдөллөө

Хуучирсан мэдээ: 2010.04.05-нд нийтлэгдсэн

Тавантолгойн галт тэрэг хөдөллөө

Удаан хугацааны хүлээлт үүсээд байсан асуудлуудын хувьд өнгөрсөн долоо хоногт “гурван баяр давхцав” гэгчээр содон үйл явдлууд давхцав. Засгийн газар Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр боллоо хэмээн лхагва гаригт зарлаж, пүрэв гаригт Тавантолгойн асуудлыг яаравчлан хэлэлцэж, баасан гаригт Ерөнхий сайд мэдэгдэл хийв.  Ерөнхий сайд С.Батболдын хийсэн мэдэгдэл олон хүлээлтийг “задалж” Тавантолгойн ажлыг эхлүүлэх, иргэн бүрт 1,5 сая төгрөг олгоно гэж зарласан нь даваа гаригт хийнэ гэж мэдэгдсэн амлалт нэхэх жагсаал гэх мэт нийгэм, эдийн засгийн олон асуудлуудыг багцалсан тайлал болов уу гэлтэй. Энд мөн Тавантолгойтой уялдан гарч ирсэн төмөр замын хэрүүлд ч цэг хатгах мэдэгдэл дайлаа.
Тавантолгойн орд газраас үүдээд Нарийн сухайтаар нарийн төмөр зам тавих уу, Сайншандаар дайруулан өргөн төмөр замын терминалдаа холбох зам тавих уу гэсэн асуудалд Ерөнхий сайд Тавантолгой-Сайншанд-Чойбалсангаар дайрсан зүүн хязгаар хүрэх хөндлөн тэнхлэгийн зам Тавантолгой гэлтгүй бусад ордуудыг Зүүн хойд Азийн зах зээлтэй холбох гол харилцаа болно гэдгийг онцолжээ. Танхимын тэргүүний хэлсэн энэ үгээр нарийн, бүдүүн төмөр зам хэмээлцсэн их хэрүүл эцэс болох нь гэсэн ойлголт төрүүлэхээр байна.
Өмнө нь Засгийн газар Тавантолгойн ордын лицензийг Монголын төр 100 хувь эзэмшинэ гэсэн чиглэлийг баримталж буйгаа мэдэгдсэн. Энэ дагууг хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн 11 консорциумтай Эрдэс баялаг эрчим хүчний яам болон “Эрдэнэс МГЛ” компанийн хамтарсан ажлын хэсэг нэг бүрчлэн уулзалт хийсэн. Тийм болохоор хөрөнгө оруулагчидтай тодорхой тохироо хийсэн, асуудлаа шийдэх гарц олсон учраас ийн мэдэгдэл хийсэн хэрэг биз.
Дашрамд сануулахад Тавантол­гойн тендерт
БНХАУ-ын “Шинхуа Энержи”
ОХУ-ын “Базовый элемент ба Ренова” ”Базовый элемент” уг консорциумаас гарч буйгаа илэрхийл­сэн. Гэхдээ “Ренова” дангаараа болон өөр компанитай консорциум болон оролцох боломжтой хэмээсэн
Австралийн “Экстрата”
АНУ-ын “Пибоди Энержи”
Их Британийн “Би Эйч Пи Биллитон”
 Бразилийн “Вале”
Японы “Сожиц”  “Сумитомо”
Японы “Марубени”, “Иточу”
БНСУ-ын “КОРЕС”
Японы “Мицуй”
Энэтхэгийн “Жиндал Стиил энд Поувер”
тэргүүтэй компаниуд оролцохоор саналаа илэрхийлээд байгаа юм.
Тавантолгойн шийдэлтэй зэрэгцүүлэн иргэдэд 1,5 сая төгрөг олгохоо зарласан нь ч бас учиртай. Тус орд буюу Монголын уул уурхайн хоёр дахь том төслийг эхлүүлснээр Хүний хөгжлийн сан хөрөнгөтэй болно гэж үзэж байгаа юм. Гэнэтийн энэ мэдэгдэл ч бас дөрөвдүгээр сарын 5-нд жагсаал хийхийн өмнө яаравчлан хийснээрээ онцлог. Ямар ч гэсэн Засгийн газар жагсаад ирэх хүмүүст хэлэх үгтэй болов. Жагсаал зохион байгуулагчид ч жагсалаа яаравчлан хийхгүй бол Засгийн газар 1,5 саяа өгнө гээд мэдэгдэл хийчихнэ шүү гэж шивнэлдэж байсныг  оргүй үг биш болохыг баталлаа. Энэ өдөр гэрээ ёсоор “Айвенхоу Майнз”-ийн урьдчилгаа 50 сая ам.долларын чекээ Сангийн сайдад гардуулж өглөө. Энэ мөнгө энэ даваа гаригт буюу өнөөдөр шилжин ирэх ёстой. Үүгээрээ өмнө хүртэж амжаагүй хүмүүст 70 мянган төгрөгөө өгчихнө.  Засгийн газрын хувьд ийнхүү хэсэгтээ л “айдаг аа авдарт”-аа хийв бололтой.
Харин иргэдийн хувьд шат дараалалтай олгоно гэсэн 500 мянган төгрөгөө хэзээ өгч эхлэх бол, үлдэх нэг сая төгрөгийн эрхийг хэрхэн эдлэх вэ гэсэн асуулт үлдэж байна. Ерөнхий сайд 500 мянган төгрөгийг 2012 он хүртэл шат дараатай олгоод, үлдсэнийг нийгмийн даатгалын шимтгэл, оюутны сургалтын төлбөр, орон сууцны зээл зэрэг аль боломжит хэлбэрээр нь олгоно гэсэн юм.

А.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж