Ц.Энхжин: Гадаад харилцаагаа улам хөгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

Ц.Энхжин: Гадаад харилцаагаа улам хөгжүүлнэ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд өчигдөр “Шинэ бүтээл 2010” үзэсгэлэн нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэн нь урчуудын эвлэлээс зохион байгуулдаг үзэсгэлэнгүүдийн энэ оны төгсгөлийн дараа оны угтал үзэсгэлэн болон он дамжиж гарч байгаа юм. Энд 200 гаруй бүтээлээс шилэгдээд 160 гаруй бүтээл тавигдсан.  Өмнөх үзэсгэлэнгүүдтэй адилхан чанарын хувьд сайхан бүтээлүүд олон байлаа. Үе үеийн уран бүтээлчдийн дүрслэх урлагийн бүх л төрлүүд “Шинэ бүтээл 2010”-г чимсэн байлаа. Ингээд урчуудын эвлэлийн хорооны дарга, төрийн соёрхолт зураач Ц.Энхжинтэй ярилцлаа.

    -Энэ үзэсгэлэнгийн онцлог нь юу вэ?

    -Жилийн турш уран бүтээлчид маань олон арваг шинэ бүтээл хийж байгаа Гэхдээ энэ үзэсгэлэнд тэр хийсэн бүтээлүүдээсээ өөрөө шилж байгаад урьд өмнө нь үзэсгэлэнд тавиагүй хамгийн сор гэсэн бүтээлээ дэлгэсэн байгаа.

    -Хичнээн уран бүтээлч оролцож байгаа вэ?

    -Нэг уран бүтээлч нэгээс хоёр бүтээлээ дэлгэсэн. Нийт 120 гаруй уран бүтээлчид оролцсон.

    -Өнгөрөн улирч буй ондоо Урчуудын эвлэлийн хороо амжилт бүтээлээр дүүрэн байлаа шүү дээ.

    -Тийм ээ маш олон сайхан үйл явдлууд болж өнгөрлөө. 331 уран бүтээлчийг хамарсан 700 гаруй бүтээл нь орсон цомог номыг Германд хэвлүүлж авчран урлаг сонирхогч, уран бүтээлчдэдээ толилууллаа. Гадаадад том том үзэсгэлэнгүүд гаргалаа. Энэ жил дотооддоо залуучуудын болон олон том үзэсгэлэнгүүд дэлгэлээ. Төв аймгийн нутагт манай Урчуудын эвлэлийн хороо зуслан барих бодолтой байсан. Түүнийхээ газрыг аван төсөл зургаа хийлээ. Урчуудынхаа их хурлыг хуралдаж дараагийн гурван жилийнхээ ажлыг дүгнэж тодорхойллоо. Олон хүн гадаад, дотоодод үзэсгэлэн гаргахад эрүүл мэндийн зардал, уран бүтээл, урлангаа сайжруулан нэмэгдүүлэхэд, өөрсдийнхөө аж амьдралыг дээшлүүлэхэд шинээр орон сууцанд ороход нийгмийн халамжийн тэтгэмж, тэтгэлэг  маш ихээр өглөө. Гадаадад үзэсгэлэнгээ гаргасан уран бүтээлчдэдээ санхүүгийн туслалцаа үзүүллээ. Манай уран бүтээлчид гадаадын болон дотоодын олон сайхан шагналуудыг хүртлээ. Амжилт бүтээлээр дүүрэн он байлаа. Ирэх жил үүнээсээ дутахгүй илүү байхыг төлөө бүгдээрээ хамтран ажиллана.

    -Урчуудын эвлэлийн хорооноос ирэх онд ямар ажлуудыг төлөвлөөд байгаа вэ?

    -Ирэх жил гадаад харилцаагаа маш томоор өргөжүүлнэ. Ингэхдээ нилээд өндөр зэрэглэлд хүргэе гэж бодож байгаа. Яагаад гэвэл дэлхий дахин өргөн уудам. Монголын уран бүтээлчид авьяастай. Манай зах зээл жижигхэн гэдгийг мэдэж байгаа. Дэлхий дахин рүү гаръя гэж бодож байгаа. Мөн уран бүтээлчдийнхээ нийгмийн халамжийг урьдын адил нэмэгдүүлж, өргөжүүлнэ. Түрүүн хэлсэн зуслангийн хотхоны ажлаа болж өгвөл эхлэх санаа байна. Нийт уран бүтээлчдийг хамруулан ном хийсэн бол хувь уран бүтэээлчдийн ном гаргах ажлыг эхлүүлнэ. Бас хувь уран бүтээлчдийн тухай богино хэмжээний баримтат кинонуудыг хийнэ. Гадаадад болон дотооддоо залуучуудыгаа дэмжсэн үзэсгэлэнгүүдээ зохион байгуулна. Иймэрхүү ажлуудыг төлөвлөөд байгаа.

    -Шинэ ондоо төлөвлөсөн томоохон үзэсгэлэнгүүдээсээ сонирхуулахгүй юу?

    -Ирэх оны нэг сарын 7-ны өдөр Гонгконгын их том галлерейд манай 23 уран бүтээлчийн үзэсгэлэн гарна. Түүний дараа АНУ-ын Бёркли, Стэнфордын их сургуулиудад Монголын орчин үеийн соёл урлагийн өдөрлөгүүд болно. Тэнд манай уран бүтээлчид үзэсгэлэнгээ дэлгэнэ. Арваннэгдүгээр сард Парис хотноо ЮНЕСКО-гийн төв байрнаа Монгол, Япон, Солонгос гурван улсын зураачдын хамтарсан том үзэсгэлэн гарна. Манай 50 шилдэг уран бүтээл тэнд тавигдана. Лондонд бас үзэсгэлэн гарах ёстой. Энэ ажлыг бид одоо ярилцаж байна. Монголын нэрийг дэлхий дахинд гаргахын төлөө, уран бүтээл, урлагаа хөгжүүлэхийн төлөө чармайн ажиллах болно оо.

    -Гадаадын уран бүтээлчдийн үзэсгэлэнг Монголын үзэгчдэдээ дэлгэнэ гэж байсан. Ирэх онд төлөвлөгдсөн үзэсгэлэнгүүд байгаа юу. Гадныхан Монголын дүрслэх  урлагийн салбарыг хэр их сонирхож байгаа бол?

    -Дандаа бид гадаад гээд байхгүй гадны уран бүтээлчдийн үзэсгэлэнг Монголдоо дэлгэн үзүүлдэг байх ёстой. Манай Монголын уран бүтээлчдийн нэр хүнд гадаадад өсөж байгаа учраас бас манай энэ үзэсгэлэнгийн танхимд уран бүтээлээ толилуулах хүсэлтэй хүмүүс байдаг. Өнгөрсөн онд ч гэсэн бид гадны уран бүтээлчдийн хамтарсан болон гарцаарчилсан үзэсгэлэнгүүдийг дэлгэж байсан. Харилцан хоёр талын хамтын ажиллагааг бусад орнуудтай үргэлжлүүлж явуулна аа.

    -Танд шинэ оны мэнд хүргэн уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

    -Та бүхэнд ч гэсэн шинэ оны мэнд хүргэе. Ирэх ондоо аз жаргалтай, цог хийморьтой, хөгжил дэвшлийн сайхан эхлэлийг тавьсан сайхан он болохыг хүн болгонд хүсэн ерөөе.

    Г.Даша

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж