
-Цаг агаарын урьдчилсан төлөвөөр ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, зарим газруудаар цасан шуургатай байх нь. Улсын Онцгой комиссоос малчид, иргэдэд ямар сэрэмжлүүлэг өгч байна вэ?
-Ус, цаг уурын хүрээлэнгээс ирүүлсэн цаг агаарын урьдчилсан мэдээгээр маргаашнаас баруун аймгуудын нутгаар, харин нэгдүгээр сарын 1-ний өдөр баруун болон төвийн нутгаар, 2, 3-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байгаа. Салхины хурд зарим үед 12-16 м/с хүрч ширүүсч, Идэр, Тэс, Буянт, Байдраг зэрэг томоохон голын хөндийгөөр өдөртөө -27-35, шөнөдөө -40-48 градус, бусад нутгаар -15-20 градус, шөнөдөө -25-30 градусын хүйтэн байна. Иймээс салхи, шуурганы үед малыг ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдүүдийг малд явуулахгүй байх, шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдлээс өөрийгөө хамгаалахыг иргэддээ анхааруулья. Мөн шуургатай үед аль болох аян замд гарахгүй байх, замд гарсан тохиолдолд дулаан хувцаслаж, машин, техникийн бүрэн бүтэн байдлыг ханган шатахууны нөөцөө базааж, явах чиглэлийнхээ замын нөхцөл байдлыг судлах шаардлагатай.
-Ер нь иргэд сэрэмжлүүлгийг хэр хүлээж авч байна
– Өнгөрсөн жил олон хоногоор -40 градусаас дээш хүйтэрсэн нь зудын аюул нүүрлэхэд нөлөөлсөн гол хүчин зүйл болсон. Тухайн үед ихэнх нутгаар цаг агаар хүйтэрч, салхины хурд ширүүсч, шуургатай байхыг анхааруулсаар байтал иргэд маань хэнэггүй зангаасаа болж замд гарч төөрөх, осгох явдал гарч байсан. Өнгөрсөн өвөл Улсын Онцгой комиссын Ажлын хэсгийг ахалж явж зүүн аймгуудын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцахаар явсан юм. Тэр үед замд таарсан жолооч болон зорчигчид зуны шахуу хувцастай, нимгэн жинсэн өмдтэй, бараг хаалга нь ч хаагдахгүй баталгаагүй автомашинтай, жаахан хүүхдээ тэвэрчихсэн тэр их шуурган дунд цасанд суучихсан байсантай таарч байсан. Тиймээс иргэдийг цаг агаарын аюулт үзэгдэлд өртөхгүй байхын тулд хувийн бэлтгэлээ базааж дулаан хувцаслаж, замд гарахдаа хоол хүнсээ базааж, лаа, шүдэнз, шар тос зэрэг ойрын хэрэгцээний зүйлсээ бэлтгэхийг дахин дахин зөвлөж хэлье.
-Цас орохоор зам, даваа хаагддаг. Өнгөрсөн жил баруун аймгуудад нэлээд зам хаагдсан. Ер нь аймгууд өвөлжилтийн бэлтгэлээ хэр базаасан бэ?
-Энэ оны нэгдүгээр сарын эхээр баруун аймгуудын нутгаар олон хоног цас үргэлжлэн орж, Ховд аймгийн урд талын Алтай, Үенч, Булган суманд цасны зузаан 40-47 см-т хүрч гамшгийн байдалд хүрч байсан. Завхан зэрэг баруун зүгийн аймгуудад зам даваа хаагдаж аймгуудийн Засаг дарга, Онцгой комиссын дарга нар, Онцгой байдлын хэлтсүүд хүн хүч, техник хэрэгслээ дайчлан ажиллаж байсан. Ойрын өдрүүдэд үргэлжлэн орох цас нь тухайн үеийн их цас, их хүйтрэлтийн хэмжээнд хүрч болзошгүй байгаа тул аймгууд бэлтгэл бэлэн байдлаа хангасан гэдгээ мэдээлж байна.
Гэхдээ малчид, иргэдийн хувьд цасан шуурганы үеэр хувийн бэлтгэлээ базааж, аль болох замд гарахгүй, малаа бэлчээрлүүлэхгүй, бага насны хүүхдэд тавих анхаарлаа сайжруулах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замд гарахгүй байхыг дахин анхааруулья. Орон нутгийн удирдлагууд, холбогдох байгууллагуудын хувьд аймаг, сум, багуудын харилцаа холбоог тасралтгүй хангах шаардлагатай. Цас ихээр орсон үед зам даваа хаагдах, хальтиргаа гулгаа үүсч болзошгүй. Иймээс хот хоорондын болон орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээнд онцгойлон анхаарч, зорчигчдын аюулгүй байдлыг хангасан жолооч, тээврийн хэрэгслийг үйлчилгээнд гаргах, салхи шуурга, зам давааны нөхцөл байдал хүндэрсэн үед зайлшгүй замд гарах шаардлага гарвал жолоочийн ур чадварыг зөв үнэлж туршлагатай хүнээр бариулах, унаа машиныхаа бүрэн бүтэн байдлыг шалгаж байж замд гараарай. Цаашид хүйтний эрч эрс чангарах төлөвтэй байгаа тул төвийн төвлөрсөн эрчим хүч, дулаан дамжуулалтыг хэвийн ажиллуулах, нүүрсний нөөцийг зохих түвшинд байлгаж, бэлэн байдлыг хангах ажиллах хэрэгтэй. Мөн цасан шуургатай үед зам даваа хаагдах, халтиргаа гулгаа үүсч болзошгүй учир холбогдох байгууллагуудад зам арчлалын компанийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангах, нөөц шатахуун, сэлбэг хэрэгсэл, машин механизмын бэлтгэл бэлэн байдлыг хангаж ажиллах хэрэгтэй.
П.Наран