
Хувь хишгийг олгохдоо иргэн бүрт 21 мянган төгрөгийг сар бүр олгох, Иргэний эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөх, Их дээд сургуулиудийн өдрийн ангид сурч буй оюутнуудын сургалтын төлбөрийг төлөх байдлаар шийдэх юм.
2010 онд нийт 2700000 мянган хүнд хишиг хүртээсэн байна. Мөн энэ онд хувь хишгээ авч чадаагүй хүмүүсийг ирэх онд нөхөн авах боломжтой, үүнд нь 680,4 тэрбум төгрөг төсөвлөгдсөн байгаа гэв.
Түүнчлэн Иргэний эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх хэлбэрээр 344 мянган хүнд 9,3 тэрбум төгрөгийг зарцуулах аж. Хүүхэд, тэтгэвэрийн насны иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ЭМД-ийг төрөөс даадаг тул ийнхүү үлдэж буй бүлгийг хамруулахаар болсон байна.
“113 их дээд сургуулийн баклавр, магистр, докторын сургалтанд сурч буй оюутны сургалтын төлбөрт зориулж 500 мянган төгрөгийг олгох” талаар Боловсролын сайд Ё.Отгонбаяр танилцуулж “155520 оюутны төлбөрийг төлөх боломжтой гэх судалгааг яамны зүгээс гаргасан” гэв.
Сургалтын төлбөрийг төрөөс гаргах хүсэлтээ суралцагч өөрийн харяаны сум, хороонд гаргах бөгөөд сургууль нь тухайн хичээлийн жилд суралцаж буй оюутнуудын бүрэн мэдээллийг хоёрдугаар сарын 1-ны дотор яаманд хүргүүлсэн байх тухай журамд заажээ. Харин яамны зүгээс сургуулиас ирсэн баримтуудад хоёрдугаар сарын 25-ны дотор тулгалт хийн шийдвэрлэх гэнэ.
Ийнхүү суралцагч бүрийн 500 мянган төгрөгний төлбөрийг төлөх болсонтой холбогдуулан Төрийн сангийн зээл буцалтгүй тусламжинд хамрагдаж байсан оюутны төлбөрийг татсан бөгөөд ийнхүү татах болсноо Боловсролын сайд Ё.Отгонбаяр “Төрийн сангийн зээл буцалтгүй тусламжийн эхний дөрвөн сарын мөнгийг хийсэн байгаа. Онцолсон тусламж олгох талаар хууль гарч байж шийдэгдэнэ. Хууль батлагдтал Төрийн сангийн зээл олгогдогүй” гэсэн байна.