
Цэцэрлэгийн насны хүүхдүүдэд гараа зөв угааж хэвших дадал олгох, гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд гараа угаах нь тустай болохыг сурталчлах зорилгоор “АСФ” олон улсын байгууллага, Франц улсын Монгол дахь төлөөлөгчийн газар, Нийслэлийн захирагчийн ажлын албанаас “Гар угаах тухай дуутай болцгооё” дууны уралдааныг зохион байгуулжээ. Учир нь бохир гараар дамждаг гэдэсний элдэв янзын халдварт өвчин, ханиадаар өвчлөгсдийн дийлэнх нь цэцэрлэг, сургуулийн бага насныхан байдаг аж. Энэхүү уралдаанд нийслэлийн захын хорооллын 20 гаруй цэцэрлэгийн багш, хүүхдүүд өөрсдийн зохиосон дуугаараа 2-3, 4-5 насны гэсэн хоёр ангилалд өрсөлдсөн байна. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26-р цэцэрлэгийн дуу хөгжмийн багш Ч.Алтансүхийн үг, ая “Гараа угаацгаая” дуу 4-5 насны ангилалд шалгарсан бөгөөд уг дууг ойрын хугацаанд дүрсжүүлж орон даяар цацах аж. Ингэснээр цэцэрлэгийн хүүхдүүд гараа угаахдаа дуулдаг дуутай болох юм байна.
П.Дэлгэр