
Аавууд малын бэлчээрт дөрөө мулталж айл саахалтаараа буун, амар мэнд эрж хөөрөг зөрүүлэх зуур ойр холын олон зүйлийг хөөрөлдөж амждаг. Харин аавуудын уулзалт зөвлөгөөнд оролцон ярилцаж байсан нь бараг үгүй. Могод суманд ойролцоогоор 400 шахам аав аж төрөн өрх гэрээ залж явдаг байна. Тэдгээрийг төлөөлсөн зуун аавууд зөвлөлджээ.
Зөвлөгөөн, сургалтад сумын ИТХ-ын болон Засаг дарга мэдээлэл хийж, ажил хөдөлмөр эрхлэх, амьдрал ахуйгаа өөдрөг өнгөлөг авч явах, хань ижлээ халамжлах, үр хүүхдээ хүмүүжүүлэх, сум, багийн ажилд оролцоход үлгэр дууриалтай аавуудын талаар ярив. Мөн зарим аавын дутагдлыг ч хэлсэн. Энэ үеэр сургалт зохион байгуулжээ. өрхийн тэргүүн, эр хүн, аавын ноён нуруу, ёс жудгийн сэдвээр хичээл заалгаж бүлгээр ажиллан тодорхой асуудлуудаар дүгнэлт гаргасан байна Зөвлөгөөн, сургалтад оролцогчид аавын буйр сууриа хадгалж нутаг нугадаа нэр нөлөөтэй, гэр орондоо нөмөр нөөлөгтэй, эхнэр хүүхдүүддээ хайр халамж, түшиг тулгууртай байх талаар сэтгэлийн үгээ ярьж зөвлөлджээ.
Зуун аавын уулзалт, зөвлөгөөн ажил хэрэгч бүтээлч болжээ гэдгийг тэдний заримынх нь яриагаар уншигч танд дуулгая.
Ёс жудагтай аавууд байцгаая
Сумын Засаг даргын тамгын газрын төрийн захиргааны асуудал эрхэлсэн ажилтан Ш.Нарантуяагаас зөвлөлгөөний үр дүн, ая холбогдолын таллаар тодруулахад “Уулзалт зөвлөгөөнөөс бид сумынхаа нийт аавуудад хандаж уриалга гаргалаа. Тус уриалгад:
-Өрх гэрээ хүчирхийлэлгүй байлгаж үр хүүхэд, хань ижил, ахан дүүстээ халамжтай, ноён нуруутай, үлгэрлэн чиглүүлэгч аавууд байцгаая.
-Үр хүүхдээ зөв боловсон, өв тэгш хүмүүжүүлж, мэргэжил, боловсролтой, амьдралын ухаантай иргэн болгоцгооё.
-Хорт зуршил /архи, тамхи/ хэрэглэдэг аавууд өөрийн санаачилга, тэсвэр тэвчээр, эр зоригоор уг муу зуршлаасаа ангижирцгаая.
-Байгаль дэлхийгээ хайрлан шүтэж шинийг сэдэгч, ихийг бүтээн байгуулагч, хөдөлмөрч аавууд байцгаая.
-Өөртөө итгэлтэй, холч, алсын ухаантай төлөв даруу, эелдэг боловсон, ухамсарт харьцаа, монгол ёс жудгийг эрхэмлэгч, тусч нинжин сэтгэлтэй аавууд байцгаая.
-Өрхийн тэргүүн бүр үйлдвэрлэгч байж, гэр бүл, сум орон нутгийнхаа сайн сайхан амьдрал, хөгжил дэвшлийн төлөө идэвх санаачилгатай хөдөлмөрлөж, хамтдаа урагш хөгжицгөөе гэж оруулсан. Энэ эрхэмлэн дээдэлж, хэвшүүлэхээр уриалсан зүйлээ одоо сумныхаа нийт айл өрх, аавуудад хүргэж нийтээр дагаж хэвшүүлэх хөдөлгөөн өрнүүлнэ” гэв.
Сайн аавуудын есөн шинж
Тус сумын 2 дугаар багийн Д.Мяхлай:
-Айл өрхийн аж амьдрал, үр хүүхдийн хүмүүжил ямар байх нь өрхийн тэргүүн, аав хэмээн хүндлэгддэг эрчүүд бид нараас ихээхэн шалтгаална. Тийм учраас энэ үүргээ сайн биелүүлэх шаардлагатай байна гэж зөвлөгөөнд оролцогчид үзлээ. Тэгээд сайн аав гэж ямар аавыг хэлэх вэ? гэсэн асуулт тавьж ярилцсан. Янз бүрийн санал хэлцгээсэн. Тэдгээрийн дундаас дараахь есөн чиглэлийг сайн аавын шинж гэж үзэхээр тогтлоо. Тухайлбал:
-Хөдөлмөрч, үлгэр жишээч, үнэнч шударга.
-Хань, үр хүүхэд, ах дүү, садан төрөлдөө халамжтай, өрх гэртээ нөмөр нөөлөгтэй.
-Үр хүүхдээ зөв сурган хүмүүжүүлэгч, гэр бүлийн ноён нуруу, өмөг түшиг, ирээдүйн сайн сайханд чиглүүлэгч,
-Гэр бүлдээ үнэнч, үр хүүхдэдээ үлгр дууриалтай хамтач, нөхөрсөг.
-Өрхийн тэргүүний үүргээ сайн биелүүлэгч, гэр бүлийн сайн удирдагч, хань, үр хүүхдээ удирдан хүмүүжүүлэгч, хайрлан хамгаалагч
-Төлөв даруу, эелдэг, зөв харилцаа, ёс жудгийг эрхэмлэгч, тусч, нинжин сэтгэлтэй, дөлгөөн тайван, хорт зуршил /архи, тамхи/ хэрэглэдэггүй, шударга шулуун, үнэн үгтэй, бусдыг үлгэрлэгч.
-Өөртөө итгэлтэй, холч, алсын ухаантай, олон түмэндээ нэр хүндтэй.
– Шинийг санаачлагч, боломжийг олж харах чадамжтай, амласнаа хэрэгжүүлэгч
-Хэлж байгаа үг, хийж баагаа үйл ажиллагаанаас гадна хувийн төрх, соёл, зан харилцаа , үлгэр жишээч байдлыг эрхмэлэгч ийм чанарыг ажил амьдаралдаа хэьшүүлсэн аавыг сайн аав гэцгээе хэмээн шийдсэн. Ийм шинж чанартай аавууд манайд бий. Зуун аавын зөвлөснөөр аав бүр ийм шинж чанартай байх зарчмыг мөрдөн ажиллацгаая гэж уриалаа гэв.
Муу аав гэгдэхгүй байж болно
Тус сумын дөрөвдүгээр багийн Д.Төрбат:
Аавууд бидний өрх гэртээ хүлээсэн үүргийн нэг бол муу аав гэгдэхгүй байхыг эрхэмлэх явдал гэж ярилцлаа. Тэр бүхнийхээ дүнд муу аавын шинжүүдийг тодорхойлсон.Тухайлбал:
-Үр хүүхэд, хань ижилдээ халамжгүй, хувиа хичээгч, залхуу, амар хялбараар амьдрахыг мөрөөдөгч, амьдрал ахуйгаа зөв зохион байгуулж удирдан авч явж чаддаггүй,
– Муу зуршилд автсан, архи, тамхи хэтрүүлэн хэрэглдэг.
-Олон түмний дунд нэр хүнд муутай, бусадтай эвлэрч, хамтран ажиллаж чаддаггүй, бусдыг ад үздэг, тусч нөхөрсөг зан чанаргүй.
-Хөнгөн хийсвэр, буруу зөвийг ялган тунгааж бодолгүйгээр бусдыг аялдан дагагч, харилцааны соёл муутай, уур уцаартай өөртөө итгэлгүй, худалч
-Бусдын хөдөлмөрийг үнэлдэггүй, хоосон шүүмжлэгч, бэлэн амлагч.
-Гэр бүлээ хүчирхийлэгч.
-Үр хүүхдийнхээ хүмүүжил, боловсролд анхаарал тавьдаггүй.
Бид ярилцаж зөвлөөд ийм долоон шинж илэрч байх юм бол муу аав гэж үзэж байхаар тохиролцсон. Иймд сургалт зөвлөгөөнөөс хамтран тодорхойлсон эдгээр шинжийг цээрлэдэг байх хөдөлгөөнийг сумынхаа нийт аавуудын дунд өрнүүлэх хэрэгтэй гэж үзсэн. Бид муу аав гэж хэлүүлэхгүй байж болно хэмээн ярилаа