
2010 оны тэргүүлэгч аж ахуйн нэгжээр Петровис ХХК, Бишрэлт Холдинг, Монос групп, Наран фүүдс, Өгөөж чихэр боов ХХК, UFC групп, Хаан банк, Эрдэнэт хивс ХХК болон Юнител ХХК тус тус шалгарсан бол бизнесийн салбарын шилдэгийн шилдэг буюу Гран При цомын эзнээр үндэсний уул уурхайн компани Энержи Ресурс тодорлоо.
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Ухаа Худаг нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулдаг Энержи Ресурс компани салбартаа төдийгүй улсын хэмжээнд анхдагчид тооцогдох, дэд бүтцийн олон чухал төслийг хэрэгжүүлж байгаа төдийгүй өнгөрч буй 2010 онд үндэсний компаниудаас анх удаа олон улсын зах зээлд хувьцаагаа амжилттай гаргаж, дэлхийн хөрөнгө оруулагчдын Монголд итгэх итгэлийг нэмэгдүүлэх цоо шинэ алхмыг хийсэн юм.
Тус компанийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл энэхүү нэр хүндтэй шагналыг гардан авах үеэр хэлэхдээ “Манай компанийн эхлүүлсэн дэд бүтцийн төслүүд ирэх онд ашиглалтанд орсноор, Монголын уул уурхайн салбарыг шинэ шат ахиулж шинэ стандартыг бий болгоно гэж итгэж байна. Австралийн технологид суурилсан, жилдээ 5 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадал бүхий үйлдвэр Ухаа Худагт баригдаж байгаагаас гадна монгол инженерүүдийн хамтын хөдөлмөр, ур ухаанаар бүтсэн 18 мегаваттын цахилгаан станц элч гэрлээ түгээхэд ойртож байна. Цаашлаад усан хангамжийн дэвшилтэт систем болон Ухаа Худагийг Гашуун сухайттай холбосон 245 км хатуу хучилттай авто зам ирэх онд ашиглалтанд орно. Эдгээр төслүүдийг дагаж шинэ ажлын байрууд олноор бий болохоос гадна говь нутгийн онцлогийг харгалзсан, хамгийн бүтээмж өндөртэй технологиудыг Монголд анх удаа нэвтрүүлж байгаагаараа онцлог…” гэсэн юм.