
Харин Лондонгийн “Арсенал” 2:2 харьцаатай “Уиган”-тай тэнцсэнээр “Юнайтед”-тай оноогоор тэнцэх боломжоо алдсан. Талбайн эзэн “Уиган”-аас Бен Уатсон торгуулийн цохилтоор тооны харьцааг нээсэн боловч эхний хагас өндөрлөхийн өмнөхөн зургаан минутын дотор “Их буучид” хоёр гоол оруулжээ. Гоолын эзэд нь Андрей Аршавин, Никлас Бендтнер нар байв. 78 дахь минутад “Уиган”-ын Шарль Н’Зогбия сэлгээгээр талбайд гарсан Жэк Уилшер дээр алдаа гаргаснаар талбайгаас чөлөөлөгдөж, улмаар хожил “Их буучид”-ын зүг чиглэсэн боловч ердөө гуравхан минутын дараа Франц хамгаалагч Себастьен Скиллачи өөрийнхөө хаалганд авто гоол оруулж, багийнхаа хожлыг үгүй хийсэн юм. Ийнхүү “Уиган”-ы талбайд эвийн гэрээ байгуулснаар “Арсенал” Манчестерийн хоёр багаас хоёр оноогоор хоцорч, хүснэгтийн гуравдугаар байраа хадгалсан бол “Уиган” аюулын бүсээс аврагдаж байна.
Рой Хожсоны удирдлага дор тааруу амжилт үзүүлж буй “Ливерпуль” өчигдөр Энфилд цэнгэлдэхдээ “Вулверхэмптон”-д 1:0-ээр хожигдсон байна. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 56 дахь минутад Стефен Уорд оруулжээ.
Английн Премьер лигийн Boxing Day үргэлжилж буй эдгээр өдрүүдэд багууд дараагийн тоглолтоо шинэ оны эхний өдөр хийнэ. Тодруулбал, нэгдүгээр сарын 1-нд найм, 2-нд хоёр тоглолт болох юм. Улмаар 4, 5-ны өдөр дахин нэг тойрог тоглосноор шахуу хуваарьтай Boxing Day өндөрлөнө.
С.Цэлмэг