Банкны ажилтан залилан хийжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

Банкны ажилтан залилан хийжээ

Энэтхэгийн Сити банкны ажилтныг банкны хувь хүн болон компанийн харилцагчдын дансанд нэвтэрч, хэдэн сая ам.доллар луйвардан хулгайлсан хэрэгт буруутгажээ. Залилангийн хэргийг энэ сарын эхээр Энэтхэгийн нийслэл Делигийн бүсийн Гургаон хот дахь олон улсын Сити банкны салбар дээр илрүүлжээ. Залилан хийсэн банкны ажилтан богино хугацаанд их хэмжээний хүү амласан төсөлд хөрөнгө оруулахыг хүсч байсныг банкнаас мэдэгдсэн байна. Эрэн сурвалжилж байгаа гэмт этгээдийг зугтсаныг цагдаагийн газар мэдээлжээ. Өмнө нь түүнийг банкнаас гаргасан гомдлын дагуу түр саатуулж байжээ.
Залилан хийсэн ажилтан хэд хэдэн баримтан дээр сэжиг бүхий шилжүүлэг хийснийг Сити банк шалгаж эхлээд байгаа бөгөөд шаардлагатай мэдээллийг цаг тухайд нь хууль сахиулагчдад мэдээлэхээ илэрхийлж, энэ удаагийн хэрэг тус банкны бусад данс тооцоо, шилжүүлэг, харилцагчдад сөргөөр нөлөөлөхгүй болохыг мэдэгджээ. Банкны ажилтнууд луйврын мөнгөний хэмжээг тодорхой хэлэхгүй байгаа ч, ойролцоогоор 44,32 сая ам.доллараас 88,64 сая ам.доллар байж болох юм байна. Хэрэгтэн дөрвөн өөр нэр ашиглаж 18 дансыг хоосолсныг эл хэргийг шалгаж байгаа цагдаагийн ахлах ажилтан мэдэгджээ.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж