
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ хүрээнд хийх ажлыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах, үйл ажиллагаанд хяналт тавих үүрэг бүхий Үндэсний хороог ахална.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн ажлын хүрээнд зохион байгуулах арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах 70 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болсон байна.
Орон нутагт шинээр байгуулагдсан боловсруулах үйлдвэр болон мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр ажилладаг аж ахуйн нэгжид бий болгосон ажлын байрны тооноос хамаарч татвар, зээлийн хөнгөлөлт үзүүлэх, хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжих, жижиг, дунд үйлдвэрийн татвар, санхүүгийн ачааллыг багасгах, аж ахуйн нэгжийн бүртгэлийн тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судлан шийдвэрлүүлэхийг нэр бүхий сайд нарт даалгалаа.
Уул уурхай, эрдэс баялаг, эрчим хүч, зам, барилга, хот байгуулалтын салбарт хэрэгжих томоохон төсөл, хөтөлбөр болон холбогдох тендерийн баримт бичигт үндэсний ажиллах хүчнийг бэлтгэж, ажлын байраар хангахыг тусгайлан заах, хэрэгжилтэд хяналт тавих, энэ талаар мэдээллийн сан байгуулж ажиллахаар боллоо.
Үндэсний ажиллах хүчнийг бэлтгэх урт хугацааны төлөв хийж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, их, дээд сургуульд элсэгчдийг ажил олгогчийн захиалга, санхүүжилтээр сургах тогтолцоонд шилжих, томоохон үйлдвэр, аж ахуйн нэгжийн дэргэд Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, сургалтын дадлагын бааз байгуулах, тэдгээрт татварын хөнгөлөлт үзүүлэхийг судлан шийдвэрлүүлэх юм.
“Монгол мал”, “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөр” болон энэ салбарт хэрэгжиж байгаа олон улсын төсөл, хөтөлбөрийн хүрээнд малчдыг эрсдэлээс хамгаалах, аж ахуй эрхлэх ур чадварыг дээшлүүлэх, хөдөлмөр зохион байгуулалтыг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ.
Байгаль орчныг нөхөн сэргээх, ногоон ажлын байр бий болгох хөтөлбөр, төслийг нийтийг хамарсан хэлбэрээр зохион байгуулж, ажилгүй, орлого багатай иргэдийг хамруулах юм.
Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн харилцааны шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх, нийгмийн түншлэлийн арга, механизмыг боловсронгуй болгож хөгжүүлэх чиглэлээр ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах байгууллагын үүрэг, оролцоог нэмэгдүүлж ажиллана.
Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд хийж байгаа ажлаа Үндэсний хороонд улирал тутам тайлагнаж байх юм.
Хувь хишгийг ирэх онд ч саадгүй олгоно
Засгийн газрын хуралдаанаар “Хүний хөгжил сангаас хөрөнгө зарцуулах журам”-ын зарим заалтыг өөрчиллөө.
Бэлэн мөнгөөр хүртээх хишиг, хувийн санхүүжилтийг аймаг, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллагын Хүний хөгжил сангаас иргэнд хишиг, хувь хүртээх санхүүжилтийн дансанд, сургалтын төлбөрөөр хүртэх хишиг, хувийн санхүүжилтийг тухайн сургалтын төрийн сангийн дансанд, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлбөр хэлбэрээр хүртэх хишиг, хувийн санхүүжилтийг аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагын эрүүл мэндийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ.
Тухайн иргэн бэлэн бусаар хишиг, хувь хүртэхээр сонголт хийсэн /сургалтын төрийн сангийн болон банкны зээлийн өр төлөх, эрүүл мэндийн үйлчилгээний хөлс төлөх, худалдан авсан тоног төхөөрөмжийн үнэ гэх мэт/ бол иргэн бүрийн “Хүний хөгжил сан” дэвтэрт бичилт хийж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагын дансанд мөнгийг нь шилжүүлнэ.
Хүний хөгжил сангаас иргэнд хишиг, хувь хүртээхтэй холбоотойгоор нийгмийн хамгааллын салбарт үүсч байгаа ажлын ачааллыг харгалзан нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тав, төрийн захиргааны байгууллага, нийслэл, аймаг, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний газар, хэлтсийн ажилтны орон тоог 77-гоор нэмэхээр тогтлоо.