
УИХ-ын 2006 оны тавдугаар сарын 12-ны өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай” хууль батлагдаж, 2006 оны зургадугаар сарын 8-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн билээ. Энэ хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хүчингүй болох юм. Өөрөөр хэлбэл, алдарт 68 хувийн татвар тэглэгдэнэ. Гэхдээ татвар тэглэлээ гээд алтныхан баярлах болоогүй байна. Дэлхийд үнэ өссөн нөхцөлд авдаг олон төрлийн татвар байдгаас хамгийн энгийн, ойлгомжтой, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн өсөн нэмэгдэх роялтийн татварыг Сангийн яамнаас санаачилж, УИХ-д өргөн барьсан байгаа. Тодруулбал, ашигт малтмалын бүх төрөл дээр үндсэндээ таван хувийн роялти нэмж байгаа гэнэ. Таван шатлалтай, шатлал тус бүрийн үнэ ашигт малтмалын төрлөөс хамааран харилцан адилгүй байх аж. Зэсийн хүдэр, баяжмал 5000 ам.доллар хүрэхэд тав, 6000 хүрэхэд зургаа, 7000-д долоон хувь гэхчилэн 9000 ам.доллараас давсан нөхцөлд 10 хувийн роялти авдаг болох аж.
Ж.ГЭГЭЭ