
Өчигдөр Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүд шинэ жилээ тэмдэглэв. Чингис зочид буудалд болсон шинэ жилийн баярт намын дарга Н.Алтанхуяг, генсек Д.Эрдэнэбат, Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн асан Б.Дэлгэрмаа, холбооны шинэ тэргүүн Д.Оюунгэрэл болон нийслэл, орон нутгийн ҮЗХ-ны гишүүд оролцож, нэг орой “нэвт” авчээ. Учир нь гадна дотнын зочин гийчингүй, аминчхан тэмдэглэдэг ҮЗХ-ны шинэ жил яг их сургуулийн оюутнууд, эсвэл арван жилийн нэг ангийнхны шинэ жилийн баяр шиг доргио болдгоороо онцлогтой. Өчигдөр Чингис зочид буудалд хийсэн шинэ жилийн үйл ажиллагаа ч мөн л тийм уур амьсгалд болж өнгөрчээ. Шинэ жилийн баярын хамгийн том “сюрприз”-ийг АЭХ-ныхон барьсан байна. Өнгөрөгч 2008 оны УИХ-ын сонгуульд Баянзүрхийн тойрогт өрсөлдөж байсан, тус холбооны гүйцэтгэх захирал И.Нарантуяа, Ардчилсан намын Тамгын газрын дарга н.Ургамалцэцэг, Ховдын ҮЗХ-ны гишүүн н.Цасчихэр, МоАХ-ны удирдах зөвлөлийн гишүүн н.Байгалмаа нар “Дөрвөн охин” нэртэй хамтлаг байгуулан “Take off” хамтлагийн “Цасан дээр” дууг дууг дуулж эрчүүдээ алмайруулжээ. Тас хар өнгийн бие барьсан гялгар богино даашинз өмсч, поп хамтлагийн хит дууг хачин гоё дуулсан хүүхнүүдээ дуу дундаа орох хүртэл тэд таниагүй аж. Таньсан хойноо харин Дарханаас ирсэн ҮЗХ-ны гишүүд “Дөрвөн охин” хамтлагийг “Дарханд очвол хэдээр дуулах вэ” хэмээн шалж багагүй сандаргасан гэнэ.
Харин хоёр дахь том “сюрприз” нь ҮЗХ-ны гишүүд дунд явуулсан сугалаа байв. Анх 2000 оны арванхоёрдугаар сарын 06-нд Ардчиллын төлөөх таван нам нэгдэж, Ардчилсан намыг байгуулсан цагаас эхлэн тэд 1206 гэдэг тоонд ихэд билэгшээдэг. Чингис хаан 1206 онд хамаг Монголыг нэгтгэж хаан ширээнд заларсантай холбоотойгоор Ардчилсан намыг анх байгуулахдаа ч энэ өдрийг сонгосон билээ. Тиймээс энэ жил мөн энэ тоог билэгшээж , 1.206.000 төгрөгийн супер шагналтай сугалаа явуулжээ. Хамгийн сонирхууштай нь сугалааны супер шагналыг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хожиж, энэ үдшийн хамгийн “ёндоотой” эрээр тодорсон байна. Харин хөтлөгч залуу “800 жилийн тэртээ Тэмүүжин хүү монгол аймгуудыг нэгтгэн Их Монгол Улсыг байгуулж байв. Харин энэ тоо өнөөдөр Тэмүүжин хүүд хоёр дахиа таарав” хэмээн зарлаж, мань эрийг баахан ичээсэн гэнэ. Сугалааны бусад хонжворт зургийн аппарат, зөөврийн компьютер зэрэг байсан нь мөн эздээ олжээ.
Б.ЗАЯА