Гбагбо ятгалгыг тоосонгүй

Хуучирсан мэдээ: 2010.12.29-нд нийтлэгдсэн

Гбагбо ятгалгыг тоосонгүй

Баруун Африкийн орнуудын тэргүүд Кот Д’Ивуарын сонгуульд ялагдал хүлээсэн ч огцрохыг зөвшөөрөхгүй байгаа Ерөнхийлөгч Лорент Гбагбог суудлаа тавьж өгөхийг ятгаж чадсангүй. Алласане Оуаттара хэдийгээр арваннэгдүгээр сард болсон сонгуульд ялалт байгуулсан гэх ч одоо хэр Ерөнхийлөгч болж чадаагүй байна. Цэргийн арга хэмжээ авна гэсэн ч Гбагбо бууж өгсөнгүй. Одоо улс даяар үймээн самуун үүсч, тайван бус байдал алдагдаад байгаа юм. Түүнчлэн мянга мянган хүн дүрвэж, олон арван хүн амиа алдаж байгаа.

Бенин, Сьерра Леон болон Кэйп Верде улсын ерөнхийлөгч нар Абиджан хотноо цугларч, Баруун Африкийн бүсийн Эковас нэгдлийн уулзалт Гбагбог суудлаасаа бууж, Оуаттарад зайгаа тавьж өгөхийг ятгах сүүлийн боломж мэт харагдаж байсан юм. Гэвч уулзалт тийм ч амжилттай болоогүй бололтой. Бенинийн ерөнхийлөгч Бони Яаяи уулзалтын „Бүх зүйл сайн байсан“ гэхээс өөр зүйл хэлээгүй бол Кэйп Вердегийн Ерөнхийлөгч Педро Пайрес энэ уулзалтыг „амжилттай“ эсвэл „амжилтгүй“ гэж дүгнэх шаардлагагүй гэжээ.

Баруун Африкийн төрийн тэргүүд Кот Д’Ивуар улсаас явсан байгаа бөгөөд Эковас нэгдлийн тэргүүн Нигерийн Ерөнхийлөгч Гүдлак Жонатанд уулзалтын үр дүнгийн талаар мэдээлэх юм. Эндээс харахад Гбагбо огцрох ятгалгад орохын оронд өөрийнхөө суудлыг улам бүр бэхжүүлж байгаа бололтой. Түүний зөвлөхийн хэлснээр ноён Гбагбо бол ардчилсан замаар сонгогдсон ерөнхийлөгч төдийгүй, Эковасын уулзалт нь олон улсын зүгээс түүний эсрэг хийж буй хуйвалдаан аж.

Э.Очирт
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж