Хөрөнгө оруулагчид инфляцид анхаарлаа хандуулж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.29-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулагчид инфляцид анхаарлаа хандуулж байна

БНХАУ инфляцийг бууруулахаар ажиллаж байгаа бол АНУ инфляцийг нэмэгдүүлэхийг хүсч байна. Хэдхэн долоо хоногийн өмнө дифляциас эмээж байсан хөрөнгө оруулагчид одоо инфляциас айж эхэлжээ.

„Олон улсын хөрөнгө оруулагчдын асуудлуудын дунд инфляцийн төвшин маш өндөрт тавигдаж байна“ гэж Их Британийн шинжээч хэлэв. БНХАУ-ын эдийн засгийн талаарх хамгийн сүүлийн тайлангаас харахад инфляцийн төвшин 5,1 хувиар өссөн гэсэн байна. Энэ нь шинжээчдийн тооцоолж байснаас хамаагүй бага хэмжээ билээ. Хүнсний үнийн өсөлт тус улсын инфляцийг өсгөсөн хамгийн гол хүчин зүйл байсан бөгөөд зарим эдийн засагчдын хэлснээр хүнсний бус бүтээгдэхүүний үнэ ч цаашид нэмэгдэх төлөв харагдаж байгаа юм.

Одоохондоо ч хөрөнгийн зах зээл харьцангуй сайн байна. Хятад улс бодлогын хүүгийн төвшинг хэсэгтээ нэмэгдүүлэхгүй гэж буйгийн ачаар Ази болон Европын биржүүдэд даваа гаригт өсөлт харагдсан байна. Түүнчлэн АНУ-ын төв банк „Federal Reserve“ инфляцийн төвшинг нэмэгдүүлж, үнийн уналт болон эдийн засгийн доройтлыг зогсоох зорилготой байгаа юм. Одоо тус улсын инфляцийн төвшин 2,19 хувь байгаа билээ. Зарим шинжээчид зах зээлийг дахин хэвийн төвшинд очиж байгаа гэж үзэж буй бөгөөд ямартай ч дифляцийн аюул хэсэгтээ л нүүрлэхгүй гэв. Тэгвэл инфляцийг өсгөнө гэдэг нь тийм ч таатай зүйл биш гэж өөр нэг нь үзэж байна.

„Хэрэв инфляци 3-5 хувь хүрвэл хөрөнгийн биржүүд дээр ихээхэн асуудал үүсгэх болно“ гэж Лондон дахь „AllianceBernstein“ компанийн стратегич хэлэв.

Гэхдээ асуудлын гол нь хөгжиж буй эдийн засгийн бүсүүд байна. Тухайлбал Хятадад үнэ огцом өсвөл хөрөнгө оруулагчдад хүчтэй нөлөөлж байгаа юм. АНУ-ын төв банк их хэмжээний бэлэн мөнгийг зах зээлд гаргаснаас болж ам.долларын ханш унасан нь хөгжиж буй орнуудын биржүүд дээрх хувьцааны үнийг нэмэгдүүлж, зарим оронд хэт халалт үүсэх магадлалыг нэмэгдүүлж байна.

Энэ оны хувьд хөгжиж буй орнуудын зах зээлд нийт 89 тэрбум ам.доллар орсон байгаа юм. Харин дэлхийн хөгжингүй орнуудын хувьд 79 тэрбум ам.долларын үнэт цаас гаргасан байна. Гэхдээ энэ нь зөвхөн Азид асуудал үүсгэж байгаа биш юм. Бразиль улс капиталыг зохицуулах төлөвлөгөө боловсруулсан бол Туркийн эрх баригчид эдийн засгийн хэт халалтыг зогсоох үүднээс удалгүй БНХАУ-ын замналыг дагаж, арилжааны банкуудын зээл олголтыг бууруулах арга хэмжээ авч магадгүй тухай мэдэгдсэн юм.

Өрөндөө баригдсан Европын холбооны зарим орнуудаас ялгаатай нь Турк улс эдийн засгийн хямралыг харьцангуй сайн даван туулсан билээ. Гэхдээ үнийн өсөлт хяналтаас гарснаас болж инфляцийн хэмжээ 7,3 хувь хүрсэн юм. Анкарагийн зүгээс мөн бодлогын хүүгийн төвшинд өөрчлөлт оруулахаар зэхэж байна.

Нэгэнт инфляцийн хэмжээ, үнийн өсөлт зах зээлд хүчтэй нөлөөлдөг тул Засгийн газруудын авч болзошгүй арга хэмжээнд хөрөнгө оруулагчид анхаарлаа хандуулж байгаа юм.

Э.Очирт
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж