Хэвлэлийн бага хуралд Японы төв телевиз болох Эн-Эйч-Кей, Фүжи, Асахи телевиз, мөн Кёодо Цүүшин, Жижи пресс агентлаг болон Майничи, Асахи сонин зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид оролцов.
Хэвлэлийн бага хурлыг нээж Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Р.Жигжид хэлсэн үгэндээ “Японы иргэдийг визээс чөлөөлж буй нь хоёр орны найрсаг харилцааг цаашид улам гүнзгийрүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагаа, түүний дотор хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хүмүүн хоорондын харилцааг өргөжүүлэх, Япончууд Монгол орон, ард түмэнтэй чөлөөтэй ойртон танилцахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Ялангуяа аялал жуулчлалын салбарын хөгжилд зохих хувь нэмэр болно гэдэгт бид итгэж байгаа” гэжээ. Хурлын төгсгөлд Элчин сайд сэтгүүлч, хэвлэлийн төлөөлөгчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн байна.
Японы хэвлэлд гарч байгаа мэдээнээс үзвэл энэ шийдвэрт японы олон нийт нааштай, сэтгэл хангалуун байгаа ажээ хэмээн Гадаад харилцааны яамнаас дамжууллаа.