Музейнүүдэд шалгалт хийжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.29-нд нийтлэгдсэн

Музейнүүдэд шалгалт хийжээ

Монголын үндэсний музей, Байгалийн түүхийн музей, Дүрслэх урлагийн музей, Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей, Театрын музей, Улаанбаатар хотын түүх шинэчлэн байгуулалтын музей, Монгол цэргийн музей, Уран зургийн галерей, Соёлын өвийн төвийн Улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн сан, аймгийн музейнүүдэд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийсэн байна.

Шалгалтын хэсэг БСШУЯ-наас музейн сан хөмрөгийн заавар, стандарт, музейн үзмэрийг сэргээн засварлах, түүх, соёлын дурсгалт зүйлийг хилээр нэвтрүүлэх журмуудыг яаравчлан боловсруулж, тэдгээрт үзмэрийн шилжилт хөдөлгөөний асуудлыг тодорхой тусган, музейн дотоод хяналтыг чангатгаж, үзмэрийн шилжилт хөдөлгөөнд онцгой анхаарч, монголын ард түмний соёл түүхийн дахин давтагдашгүй үнэт өв болох музейн үзмэр үрэгдүүлсэн этгээдэд хариуцлага тооцох, нөхөн төлүүлж, музейг хохиролгүй болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх, Музейн бие даасан хуультай болох, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 17.1 дэх заалтаар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллах шаардлагатай байна гэсэн дүгнэлт хийжээ. Мөн Богд хааны ордон музейн 11, Монголын театрын музейн 324, Чойжин ламын сүм музейн 16, Монгол цэргийн музейн 6, Уран зургийн галерейн 193  ширхэг үзмэрийг Эрдэнэ-зуу музей, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорнод, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Хөвсгөл, Хэнтий аймгийн музейгээс өөр байгууллагад нийт 1464 ширхэг үзмэрийг музейнүүдэд сан хөмрөгийн туслах болон аж ахуйн дансанд бүртгэн, үзмэр сэргээн засварлах, сургалт сурталчилгаанд хэрэглэхээр шийдвэрлэсэн байна. Шалгалтынхан Үндэсний түүхийн музей, Байгалийн түүхийн музей, Дүрслэх урлагийн музей, Монгол цэргийн музей, Улаанбаатар хотын түүх шинэчлэн байгуулалтын музейн 1832 ширхэг үзмэр актлахаас өөр аргагүй байдалд хүрсэн байна гэж үзжээ.

Ж.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж