
Баяр болж байгаатай холбогдуулан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хэрэглэгчдэд хандан сэрэмжлүүлэг гаргаад байна. Худалдааны зах, бөөний төв, түүний доторхи лангуугаар хуурамч, шошгололтгүй, хугацаа дууссан үйлдвэрийн шошгоны шаардлага хангахгүй үйлдвэрлэсэн огноо тавигдаагүй хиам, бялуу, наполеон торт, шавьжаар бохирдлогдсон хүүхдийн будаа, үнэртэй гурил, импортоор оруулж буй хугацаа дууссан хоол амтлагчууд, өвлийн өвгөний зурагтай болон өндгөн хэлбэртэй шокалод, хуурамч савлагаатай үйлдвэрлэсэн хугацаа нь тодорхой бус шоколадны цуглуулга, шошгололтгүй хатаасан жимсгэнэ, үзэм, чихрүүд худалдаалагдаж байгааг тус газрын байцаагчид шалгалтаар илрүүлжээ. Жимс, жимсгэний компот, өргөст хэмх зэрэг хүнсний бүтээгдэхүүний түүхий эдийг бэлтгэх явцад үр, авгалдайг нь бүрэн цэвэрлээгүй, ариутгах технологи зөрчигдсөн, хадгалалтын явцад ургамлын гаралтай бүтээгдэхүүний шавьж, хорхойн биет байдалд шилжиж, жимс болон хүүхдийн будаанаас ахуйн хортон илэрсэн байна. Иймд худалдааны газруудад худалдаалж буй түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авах, хоол, хүнсэнд хэргэлэхдээ дараах зөвлөмжийг сайтар анхаарахыг зөвлөмж байна. Бялууг сонгож авах, хэрэглэх явцдаа бялууны хайрцагийн хажуу тал ба тортны суурийн булан дахь үйлдвэрлэсэн он, сар, өдрийн тэмдэглэгээ, хадгалалтын хугацааг сайтар шалгаж аваарай. Гэрийн нөхцөлд хөргүүрийн хэвийн температурт +4+6 хэмд 72 цагаас хэтрүүлэхгүй байлгах, төдийгүй хурц үнэртэй, исгэлэн бүтээгдэхүүн болон түүхий бүтээгдэхүүнтэй хамт хадгалахгүй байхыг зөвлөж байна. Мах, махан бүтээгдэхүүн болон түргэн гэмтэх бүтээгдэхүүн ялангуяа хиамыг худалдан авахдаа шошгололт, гадна хальсны бүрэн бүтэн байдал, хадгалалтын нөхцөл, үйлдвэрлэсэн огноог сайн шалгаж байхыг зөвлөж байна.
Ж.ГЭГЭЭ