Маргааш Сүхбаатарын талбайд “Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөн”-өөс зохион байгуулах жагсаал, цуглаанд Монголын боловсрол, шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбооныхон оролцохгүй гэдгээ мэдэгдлээ. Тус ҮЭ-ийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт жагсаал, цуглаан зохион байгуулж, багш нарын цалин нэмэгдүүлэх, боловсролын салбарын орчин нөхцлийг сайжруулах талаарх асуудлыг тусгасан шаардлагыг УИХ болоод БСШУЯ-нд хүргүүлсэн юм. Харин тус ҮЭХ-ноос салбарын ажилчдын цалин хөлс, нийгмийн баталгааг хангахын төлөө ажилладаг байгууллагын хувьд маргаашийн жагсаалд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдээд, энэ сарын 9-нд УИХ, Засгийн газар, БСШУ-ны Яаманд хүргүүлсэн шаардлагын хариуг өгөөгүй тохиолдолд дараагийн арга хэмжээг авна гэдэг байр суурьтай байгаа аж. Монголын Боловсрол ШУ-ны ҮЭ-ийн холбоо нь хүргүүлсэн шаардлагын хүрээнд яам, нийслэлийн боловсролын газартай хамтарсан өргөтгөсөн ажлын хэсэг байгуулж, сургууль цэцэрлэгүүдийн цалин хөлс олголт, хувьсах зардал, төсвийн байдалд үзлэг шалгалт хийхээр тохиролцоод байгаа аж.
Д.Долгор