Хангайн бүсэд аялал жуулчлал хөгжүүлэх талаар ярилцав

Хуучирсан мэдээ: 2010.04.04-нд нийтлэгдсэн

Хангайн бүсэд аялал жуулчлал хөгжүүлэх талаар ярилцав

“Хангайн бүсийн аялал жуулчлалын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн III бага хурал энэ сарын 1-3-нд Хангайн бүсийн тулгуур төв Орхон аймагт болж өндөрлөв. Энэ хурал өнгөрөгч онд Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрийн тэргүүний ивээл дор болсон Хангайн бүсийн аялал жуулчлалын чуулганы үргэлжлэл юм байна.

Эрдэмтэн, судлаачдын судалгааны чиглэлийг Хангайн бүс нутагт чиглүүлж байгаа нь Засгийн газраас хэрэгжүүлж буй Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Аялал жуулчлалыг бүсчлэн хөгжүүлэх бодлогод нийцэхийн дээр судалгааны үр дүнг аялал жуулчлалын хөгжлийн практикт ашиглах боломж олгосноороо ач холбогдол өндөртэй аж.

Хуралд төрийн болон төрийн бус өмчийн 12 их, дээд сургуулийн эрдэмтэн доктор, судлаач,  багш болон Аялал жуулчлалын үндэсний төв, “Тэгш мөр төв” ТББ-ын мэргэжилтэн, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булган, Орхон аймгийн ЗДТГ-ын аялал жуулчлалын мэргэжилтнүүд бүсийн аялал жуулчлалын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар судалгаа шинжилгээний бүтээлээрээ илтгэл тавьж хэлэлцүүлжээ.  

Энэ удаагийн хурлыг Монголын аялал жуулчлалын багш, судлаачдын нийгэмлэгээс санаачлан Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, МУИС-тай хамтран зохион байгуулсан байна.

Г.Дарь  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж