
Газар тариалангийн салбарт 2011 оноос эхлэн дараах зорилтуудыг дэвшүүлж, ажилахаар Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас төлөвлөжээ. Тухайлбал, тариалангийн газрыг өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах чиглэлээр хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, дотоодод үйлдвэрлэсэн буудай, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийг татварын хөнгөлөлтөөр дэмжих эрх зүйн орчинг бүрдүүлэх, импортын буудай, төмс, хүнсний ногооны гаалийн албан татварын хувь хэмжээг уян хатан тогтоох, шаардлагатай үед өөрчилж байх эрхийг гүйцэтгэх засаглалд олгох эрх зүйн үндсийг бүрдүүлэх, хүнсний баталгаат байдлыг сайжруулах юм байна. Мөн газар тариалангийн салбарын эрсдэл даах чадварыг дээшлүүлэх зорилтын хүрээнд тариалангийн даатгалын оновчтой хэлбэр, системийг буй болгох, уул уурхайн салбараас олж байгаа ашгийн тодорхой хувийг газар тариалангийн салбарт хөрөнгө оруулалт хэлбэрээр оруулж бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлэх гэнэ.
Ж.ГЭГЭЭ