
Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн 997 км хурдны замыг ойрын дөрвөн жилийн хугацаанд барьж байгуулахаар төлөвлөжээ. Нийт 2583,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулах уг замын эхний ээлжийн ажил ирэх оноос эхлэх юм байна. 2012 он хүртэл 647,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 250 км авто зам барихаар болжээ. Харин 2012-2016 оны хооронд 1936 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 747 км авто замыг барьж Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүдийг холбосон сайн чанарын хурдны авто замыг ашиглалтанд оруулна гэж мэргэжлийн байгууллагынхан төлөвлөөд байна. Энэхүү хурдны зам ашиглалтад орсноор ОХУ, БНХАУ цаашилбал Зүүн Европ, Сибирийн зах зээлийг Зүүн хойд Азийн зах зээлтэй холбосон авто тээврийн коридорт Монгол Улс нэгдэж орох юм. Түүнчлэн ойрын жилүүдэд Улаанбаатар хотын авто замын сүлжээг шинэчлэн сайжруулах ажилд 2012 он хүртэл 793 тэрбум төгрөг, 2012-2016 оны хооронд 501,9 тэрбум төгрөг, нийт 1294,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 350 км хатуу хучилттай авто замыг шинэчлэх, 212 км хатуу хучилттай авто зам шинээр барих, долоон цэгт гүүрэн гарц барих ажлуудыг хийж гүйцэтгэх юм байна.
Д.Цээнэ