
Өвөрхангай аймгийн дунд сургуулийн анги бүрээс шалгарсан 2010 оны шилдэг 200 гаруй сурагч УИХ-ын дэд дарга Г.Батхүү, УИХ-ын гишүүн З.Энхболд нараас шинэ жилийн бэлгээ гардан авлаа. Мөн аймгийн 19 сумын дунд сургуулийн шилдэг 560 орчим сурагчдад ч энэхүү бэлэг очиж байгаа аж. Оны шилдэгт олгодог дээрх шагналын эзнийг тодруулахдаа жилийн турш сурлагаараа төдийгүй урлаг, спортоор ангийнхаа тэргүүлсэн сурагчид хүртээдэг байна. Ингэхдээ ангийн багшийн оролцоогүйгээр сурагчид өөрсдөө санал хураалт явуулж, оны шилдэг сурагчийг шалгаруулдаг аж. УИХ-ын дэд дарга Г.Батхүү энэхүү шинэ жилийн бэлгийг сурагчдад гардуулахдаа “Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулсан олон урлаг, спортын алдартнууд, оюунлаг залуус та бүгдийн дундаас “төрж”, нутаг усныхаа нэрийг дуурсгана гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын бүх дунд сургууль энэ өдөр сүлд модны баяраа тэмдэглэж, оны шилдгийн шилдэг болсон сурагчид найзууддаа, аав, ээж, ах эгч болон УИХ-ын гишүүдэд өөрсдийн авъяас чадвараа үзүүлж, шинэ оноо угтан авав.
Г.Дарь