Дэлхийг шуугиулсан дуулианы эзэд

Хуучирсан мэдээ: 2010.12.29-нд нийтлэгдсэн

Дэлхийг шуугиулсан дуулианы эзэд

ХУ ЖИН ТАО

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ху Жин Тао  өнгөрсөн арваннэгдүгээр сард “Форбес” сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн хүчирхэг удир­дагчдын жагсаалтыг манлайлж, Б.Обама, Д.Медведев зэрэг Ерөн­хийлөгчийг ардаа орхилоо. БНХАУ сүүлийн үед эдийн засаг болон бусад бүх үзүүлэлтээрээ дэлхийн 260 гаруй орны тэргүүн эгнээнд бичигдэж буй нь тус улсын Төрийн тэргүүн Ху Жин Таогийн мэргэн ухаан, чадварлаг удирдлага хэмээн ажиглагчид хэлэв.

ЖУЛИАН АССАНЖ

Wikileaks олон улсын бай­гууллагын үүсгэн байгуулагч, Wikileaks вэбсайтын Ерөнхий эрхлэгч Жулиан Ассанж АНУ-ын Афганистан, Иракт явуулж буй дайнтай холбоотой нууц материалуудыг дэлгэж нэр хүнд нь суга өслөө. Тэрбээр өнгөрсөн сарын сүүлээр АНУ-ын олон улс дахь Элчин сайдын яамны нууц материалуудыг дэлгэж Вашингтоны багийг хуулж хаясан гэж болно. Интерпол түүнийг бусдад бэлгийн дарамт учруулсан хэрэгт буруутган дэлхий даяар эрэн сурвалжилж Их Британид баривчилсан зэрэг үйл явдал дуулианыг улам хүчтэй болов. Wikileaks вэбсайтын нийтэлсэн нууц материалуудын шуугиан сүүлдээ Ж.Ассанжийг тойрч эхэллээ. Түүнийг баривчлагдсаны дараа олон улсын хакерууд дэмжиж буйгаа илэрхийлэн эсэргүүцэл үзүүлж Мастер карт, Виза, Пэйпол зэрэг томоохон санхүүгийн байгууллагууд руу халдаж байв. Ж.Ассанж энгийн хүмүүсийг эрх баригчдын хортой үйл ажиллагаанаас хамгаалах зорилго урдаа тавьж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн чухлыг дэлхий дахинд мэдрүүлэх гэсэн алхам нь хүн төрөлхтний түүхэнд тодоор бичигдэн үлдлээ.

УГО ЧАВЕС

Ардчилсан Венесуэл улсын Со­циалист үзэл суртлыг баримтлагч Ерөн­хийлөгч Уго Чавес улс орноо удирдан залах ажилдаа гаргуун нэ­гэн бөгөөд бусдад чангахан хариу өгч чаддагаараа алдартай. Тэрбээр өнгөрч буй энэ онд олон ажлыг хийж гүйцэтгэсний нэг нь ОХУ-тай харилцаагаа зузаатгасан явдал байв. Тэрбээр Москвад айлчилж, Оро­соос хоёр тэрбум ам.долларын өртөгтэй зэр зэвсэг, цэргийн тоног төхөөрөмж зээлээр авч батлан хам­гаалах салбараа хүчирхэгжүүллээ. Мөн тэрбээр Каракас, Москвагийн хооронд цөмийн салбар дахь хамтын ажиллагааны тулгын чулууг тавьжээ. У.Чавес өнгөрсөн аравдугаар сард Орос, Украйн тэргүүтэй хэд хэдэн оронд арван өдрийн айлчлал хийж, Венесуэлийн гадаад хамтрагчдын хүрээг тэлж, харилцаагаа улам зу­заатгаад авсан юм.

ПАСТОР ТЕРРИ ЖОНС

АНУ-ын Флорида мужийн Гейнсвилл хотын протестант шашны Dove World Outreach Center сүмийн пастор Терри Жонс есдүгээр сарын 11-ний өдөр Нью-Йорк болон Вашингтон хотноо гарсан аймшигт халдлагын есөн жилийн ойн өдөр лалын шашинтнуудад дургүйцлээ илэрхийлж, Коран судар шатаах уриалгыг бүх Америк болон загалмайн шашинтнуудын дунд гаргаж дэлхий нийтийг сандаргаад авсан юм. Тэрбээр есдүгээр сарын 11-нийг Олон улсын Коран судар шатаах өдөр болгон зарлаж, олон мянган дэмжигчдээсээ лалын шашны ариун судрыг илгээхийг хүсч байв. Тэрбээр өөрийн вэбсайтаар дамжуулан хийсэн мэдэгдэлдээ “Энэ бол хайрын ч, үзэн ядалтын ч үйлдэл биш. Харин үзэн ядалтыг бий болгож буй лалын шашны аюул заналхийллийг сануулах гэсэн юм” хэмээн бичиж байлаа. Түүний төлөвлөгөө дэлхийн олон орны лалын шашинтнуудын дургүйцлийг хүргэж, эсрэгүүцлийн жагсаал, үймээн самуун дэгдээж орхисон билээ.

ДИЛЬМА РУССЕФ

Бразилийг хөл дээр нь босгосон хэмээх үнэлгээг улс төрийн ажиглагчдаас авсан Ерөнхийлөгч Луйз Инасио Лула да Сильвагийн Ажлын албаны дарга, түүний баруун гар Дилма Руссеф аравдугаар сарын 3-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгууллаа. Тэрбээр Болгар гаралтай бөгөөд цагтаа Бразилийн дарангуйллын эсрэг Лула да Сильвагийн туган дор нэгдэж, партизан хэмээгдэж, тамлан зовоолт, аман хавчлага мөрдлөгөд шахагдаж явсан нэгэн юм. Дилма Руссефийн өнгөрсөн амьдралын гайхамшигтай түүх болоод улс орныхоо төлөө хийсэн бүтээсэн бүхэн нь Төрийн тэргүүний суудалд суух эрх олгосон хэмээн ажиглагчид үздэг. Тэрбээр 2011 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр тангараг өргөж, албан ёсоор Бразилийн Ерөнхийлөгч болно.

МАХМУД АХМЕДИНИЖАД

Тегеран цөмийн хөтөлбөр хэрэг­жүүлж эхэлсэн нь Ира­ны Ерөнхийлөгч Махмуд Ахмедини­жадын чихнээс байнга хонх уях боллоо. АНУ болон НҮБ-ын зүгээс тус улсыг олон улсын хуулийг зөрчсөнийх нь төлөө удаа дараа хориг арга хэмжээ авав. Гэсэн ч Ираны Төрийн тэргүүн чанга хүн гэдгээ харуулж, алсын тусгалтай пуужингийн туршилт хийж батлан хамгаалах хүчнийхээ хүчин чадлыг дэлхий нийтэд харуулжээ. Тэгээд ч зогсохгүй шинэ төрлийн пуужин, сөнөөгч онгоц бүтээснээ ч олон нийтэд гайхуулсан юм. Олон улсын шахалтыг үл тоон М.Ахмединижад хорь гаруй жил барилгын ажил нь үргэлжилсэн Бушерийн цөмийн цахилгаан станцыг Оросын хүчээр ашиглалтанд оруулж, тус улс цөмийн зэвсэг үйлдвэрлэхээр зэхэж байгаа гэсэн хардлагыг улам сэдрээсэн юм.

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж