Шинэ жилийн бараа, бүтээгдэхүүн сонжсон тэмдэглэл

Хуучирсан мэдээ: 2010.12.29-нд нийтлэгдсэн

Шинэ жилийн бараа, бүтээгдэхүүн сонжсон тэмдэглэл

Шинэ жилийн баярын гацуур энэ жил нэлээд эрэлттэй байна. Худалдааны
төвүүдээр явж үзэхэд гацуур дуусч байгаа нь үүнийг илтгэнэ. “Энэ жил
гацуураа арай багадуулчихаж” хэмээн наймаачид шогшрох аж. “Бөмбөгөр”
худалдааны төвийн хоёрдугаар давхарт л гэхэд гацуур зардаг ганцхан цэг
байгаа ч гэрэл нь асдаггүй, тааруухан модоо хямдруулан зарж байлаа.
Гацуурын хувьд том жижгээсээ хамааран янз бүрийн үнэтэй аж. Нэг метрийн
өндөртэй гацуур 35 мянган төгрөг, түүнээс томровол 70-80 мянгад хүрнэ.
Гацуураас гадна түү­нийг чимэглэх бөмбөлгүүд тус тусдаа үнэтэй.
Ойролцоогоор 2500 төгрөгөөс дээш үнэтэй байна. Наймаачдын ярьж буйгаар
гацуурын эрэлт жил жилд өөр байдаг гэнэ. Учрыг лавлатал “Авахгүй бол
битгий асуугаад бай…” гэж тэд уцаарлав.

Оргилуун дарс ёстой ёоз ёозоороо бай­на. Алттай, мөнгөтэй, ногоон, шар
шилтэй гээд. Үнийн хувьд ч сонголттой. “Баянзүрх” захын хувьд
“Голденсалют” хэмээх 4500 төг­рөгийн үнэтэй оргилуун дарснаас эх­лэн
8900 төгрөгийн үнэтэй дарсыг санал болгож байна. Харин “Макс”, “Номин”
зэрэг томоохон худалдааны төвүүд үүнээс ч үнэтэйг нь өржээ. Хэдийгээр
Ерөн­хийлөгч маань согтууруулах ундаа­наас татгалзаж сүү хэрэглэхийг
зөв­­лөж байгаа ч, сүү “пад” гэж дуга­рах­гүй нь жаахан тиймэрхүү байна
даа.

Эрэлт ихэссэнтэй холбоотойгоор мах, махан бүтээгдэхүүний үнэ бага зэрэг
нэмэгдсэн бололтой. Баярын өдрүүдэд голчлон хэрэглэгддэг хиам өчигдрийн
байдлаар “Бөмбөгөр” худал­дааны төвд өргөн нарийн, утлаг­тай зэргээсээ
хамаарч килограмм нь 6400-7900 төгрөгийн үнэтэй байна. Хонины мах 4000,
адууны мах 3800 орчим төгрөгөөр зарагдаж байсан. Мөн дарсан огурци
шилтэй нь 1100-1800, дараагүй нь 2500 төгрөгөөр худалдаалагдаж байлаа.
Түүнээс гадна баярын ширээ засахад хамгийн ихээр хэрэг болдог майенози
5200-12000 төгрөгийн ханштай байна.

Шинэ жилийн үдэш цацруулах салют энэ жил харьцангуй бага зарагдаж байгаа
юм. Захуудад 30-50 метр өндөрт харвадаг салютууд голчлон худалдаалагдаж
байгаа бө­гөөд үүнээс өндөрт харвах, хүчтэй салютыг тусгай
зөвшөөрөлтэйгээр л худалдан авах боломжтой. 30 метр орчим өндөрт
харвадаг салют 20-30 мянган төгрөгөөр зарагдаж байна.

Шинэ жилийн баярын бас нэгэн чухал амттан бол бялуу. Баярын бялуу
үйлдвэрлэгчээсээ ха­маарч янз бүрийн ханштай бай­на. Тухайлбал,
“Жүр-Үр”, “Бат­бай­галь”, “Коко дессерт” зэрэг үйлд­вэрийн бялуу 6500
төгрөгөөс дээш үнэтэй байгаа юм. Мөн Мон­голд үйлдвэрлэсэн орос торт
8900 төг­рө­гийн ханштай байна. Дашрамд хэ­лэхэд өндөг, бялуу зэрэг
хүнсний эм­зэг бүтээгдэхүүнийг худалдан авах­даа баталгаат хугацаа, сав
баглааг  нь сайн харж авахыг анхааруулж байна.

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж