Эрүүлжүүлэх байр сард 48 сая гаруй төгрөг олж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.29-нд нийтлэгдсэн

Эрүүлжүүлэх байр сард 48 сая гаруй төгрөг олж байна

Хүний эрхийн үндэсний комисоос нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд хүний эрхийн нөхцөл байдлаар шалгажээ.  Шалгалтаар тус байранд 12 цагдаа, 4 жолооч, 3 эмч, 2 үйлчлэгч нийт 21 ажилтан, албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд эрүүлжүүлэх байрны орчин нөхцөл нь стандартын шаардлага хангаагүйгээс эрүүлжүүлэх байранд ажиллаж буй алба хаагчдын ажиллах хөдөлмөрийн орчин нөхцөл туйлын хангалтгүй байсан байна. Мөн тус дүүргийн  эрүүлжүүлэх байр нь 1998 онд анх цэргийн ангийн халуун усны байрны зориулалтаар баригдсан бөгөөд үйлчлүүлэгчдийг байрлуулах гурван тасалгаа буюу камертай. Камерын нийт талбай нь 46.24 м.кв. Өдөрт дунджаар 23 хүн хүлээн авах хүчин чадалтай боловч  35-45 орчим хүн хүлээж авдаг нь стандартын шаардлагаас давсан, дээрх хугацаанд засвар үйлчилгээ хийгдэж байгаагүй бөгөөд, бохирын шугам байнгын бөглөрч, хэвийн үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй, агааржуулалтын системгүйгээс агаар сэлгэлтгүй бүгчим, эвгүй үнэр шингэсэн, эрүүлжүүлэх байранд нэн шаардлагатай эмчийн үзлэгийн өрөө, угаалга халдваргүйтгэл болон гал тогооны өрөөгүй зэрэг стандартын шаардлага хангаагүй зэрэг зөрчилүүд илэрсэн байна.  Эрүүлжүүлэх байрны эм тариа эмнэлэгийн үйлчилгээний хувьд тусгай төсөв баталж өгсөн байдаг. Энэ төсөв нь жилд дунджаар 160 мянган төгрөгийг байдаг бөгөөд энэ нь сард 13 мянга 300 төгрөг зарцууллагддаг байгаа юм. Энэхүү нөхцөл байдал нь тус эрүүлжүүлэх байранд үйлчүүлж буй иргэдийн архины хордлогыг тайлах, бие махбодийг эрүүлжүүлэх ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй гэдгийг харуулж байна. Стандартын шаардлага хангасан тусгай өрөөг тохижуулаагүй, согтууруулах ундаа хэмжээг хэмжих багаж тоног төхөөрөмжгүй байгаа нь хүний эрхийг зөрчиж байгааг анхааруулж цаашид стандартын шаардлага хангахуйц үйл ажиллагаа явуулахыг анхааруулсан юм. 

Эрүүлжүүлэх байранд нэг удаа хоноход 4500 төгрөг байдаг. Хоногт дундажаар энгийн үед 160 орчим, баяр ёслолын үеэр 350 хүн эрүүлжүүлэх байранд хоноглодог байна. Тэгэхээр 350 хүн хоноход 15 сая 75 мянган төгрөг болно. Энэ бол зөвхөн нэг өдрийн орлого. Ингээд тооцоолоод үзвэл чамгүй мөнгө болж байгаа биз. Нэгэнт л уухаас нь өмнө сэргийлж чадахгүй байгаа хойно ядаж хоноглож байгаа байрыг нь цэвэрхэн, эрүүл орчинд  хоноод гархад нь холбогдох хүмүүс нь анхаарахад илүүдэхгүй биз ээ. Мөн энэ мөнгөөр бид эрүүлжүүлэх байрны засвар шинэчлэлийг хийх боломжтой гэдгийг мэргэжлийн хүмүүс дурьдаж байна.

Шалгалтын ажлын хэсэг хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хүний эрхийн талаарх олон улсын гэрээ, конвенц, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль, Монгол Улсын МNS 5527:2005 стандартын  хэрэгжилтийг шалгасан байна. Уг шалгалтаар олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөг эрүүлжүүлэх байранд хэрэгжүүлж буй эсэх, эрүүлжүүлэх байрны нөхцөл, түүнд тавигдах ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл нь стандарт,  эрүүлжүүлэх байрны үйлчилгээнд хүний эрхийн зарчмыг удирдлага болгож буй эсэхийг шалгаж, зөрчил дутагдлыг илрүүлж, гэм буруутай этгээдэд зохих журмын дагуу хариуцлага хүлээлгэх, хууль тогтоомжид заасан эрхийг баталгаатай хангуулах талаар холбогдох байгууллагуудад санал зөвлөмж гаргах, эрүүлжүүлэх байранд хүний эрх зөрчигдөхөөс сэргийлэх, ажилтнуудын сахилга хариуцлагыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, харилцан хамтран ажиллах зорилготой юм.

Ш.Чимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж