Үндэсний хөтөлбөрийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.29-нд нийтлэгдсэн

Үндэсний хөтөлбөрийг хэлэлцэнэ

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа Бэлчээрийн тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг талаар хэлэлцэнэ. Мөн Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх аж.
Ийнхүү үндэсний хөтөлбөр батлах болсон нь төслийн үндэслэлд “Сүүлийн 40 гаруй жилийн дотор дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Монгол орны экосистемд мэдэгдэхүйц өөрчлөлт орж, цөлжилт, ган, зудын давтамж ихсэж, усны нөөц, биологийн олон янз байдал хомсдож байгаа нь улс орны эдийн засаг, иргэдийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, байгаль орчны төлөв байдалд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрээд байна. Тухайлбал зундаа их халж, хуурайшин, өвлийн улиралд ордог цасны хэмжээ нэмэгдсэнээр ган, зудын эрсдэл нэмэгдэж, бэлчээрийн мал аж ахуйг эрхлэх байгалийн нөхцөл хумигдаж, Монгол оронд урьд өмнө ажиглагдаж байгаагүй дулаан орны шинэ өвчин дамжуулагчид тархах магадлалтай байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хур борооны хэмжээ 33.0 мм-ээр буурч, шороон шуургатай өдрийн тоо улсын дунджаар 3-4 дахин ихэссэн нь хуурайшилт, цөлжилтийн гол шалтгаан болж байна. Хуурайшилт эрчимтэй явагдаж байгаагаас олон гол горхи, булаг шанд, нуур цөөрөм хатаж ширгэн, бэлчээрийн ургамлын ургац буурч, зүйлийн бүрдэл нь хомсдож байна.

Иймд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, цөлжилт, гангийн нөлөөг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж буй байгалийн болон хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй сөрөг нөлөөлллийг багасгах талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох нь зүйтэй байна” гэсэн байна.

Б.Мандах
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж