
Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод өнгөрсөн есдүгээр сарын 29-ний шөнөөс эхлэн удаа дараа ард иргэдийн эд хөрөнгө, байшин барилга, авто машин, өвс, хашаа, саравчийг галдан шатааж иргэдийг цочроон айлгаж, тайван бус байдалд оруулсан үйлдэл гарсныг урьд нь мэдээлж байсан. Энэхүү бусдыг хохироосон үйлдлийг гардан гүйцэтгэж буй хүмүүсийг баривчилах ажилд цагдаагийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд, аймгийн төвд онц байдал зарлан ажиллаж байсан билээ. Уг арга хэмжээнд хүч нэмэгдүүлэн ажиллахаар Улаанбаатар хотын Эрүүгийн цагдаагийн газраас төлөөлөгчид ирж ажилласан юм.
Мэргэжлийн өндөр ур чадвараа дайчлан удирдлагын зохион байгуулалтаар ханган хэргийг шуурхай илрүүлсэн Улаанбаатар хотын Эрүүгийн цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн II хэсгийн чиглэлийн ахлах төлөөлөгч Цагдаагийн хошууч О.Ганбат, мөн газрын IV хэсгийн төлөөлөгч Цагдаагийн ахмад Ч.Алтанхуяг, аймгийн Эрүүгийн тасгийн дарга Цагдаагийн хошууч Ц.Энхбаяр нарыг аймгийн Засаг даргын нэрэмжит жуух, мөнгөн шагналаар шагналаа.
Ч.Отгонцэцэг