Улсын нууц задруулсан хэргээр шүүгдсэн нэрт дипломат Цахилгааны хүү Жаргалсайханд Чингэлтэй дүүргийн шүүхээс 17 жилийн хорих ял оноосон бөгөөд эл шийдвэр давж заалдах шатанд ч хэвээр үлдсэн юм. Тэрбээр УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн зөвлөхөөр ажиллаж байхдаа төрийн өндөрлөгүүдийн ОХУ-д хийсэн айлчлалын тухай мэдээллийг гадаадын тагнуулын байгууллагад шилжүүлсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэгт татагдсан билээ.Эл хэрэгт Ц.Жаргалсайхантай хамт УИХ-ын гадаад харилцааны хэлтсийн ОХУ-ыг хариуцсан хоёрдугаар нарийн бичгийн дарга Б.Болор, БНХАУ-ын талын хариуцсан мэргэжилтэн Г.Байгальмаа нарыг ТЕГ-аас дээрх хэрэгт холбогдуулан шалгасан ч мөрдөн байцаалтын шатанд хяналтын прокурор хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн үзэж хэрэгсэхгүй болгосон юм. Түүнийг “Улсын нууцад хамаарах баримт бичгийг гадаадын улс орон болон тусгай тагнуулын албанд шилжүүлсэн” гэдгээр ялласан. Харин мөрдөн байцаалтын шатанд Ц.Жаргалсайхан хэргээ хүлээгээгүй бөгөөд” Би уг баримтыг улсын нууцтай холбоотой гэдгийг мэдээгүй” гэсэн тайлбар өгч байжээ. Шүүгдэгчийг Зайсан дахь дамжин өнгөрөх хорих ангид хорьж буй бөгөөд биеийн байдал нь сайнгүй байгаа тухай ар гэрийнхэн нь мэдээлсэн. Өнгөрсөн хугацаанд Ц.Жаргалсайхан бие муудаж хэд хэдэн удаа эмнэлэгт хэвтсэн байна.
Есөн хүнийг хөнөөсөн хэргийг шалгах явц дуусч байна
Сонгинохайрхан дүүргийн зургадугаар хорооны задгайд нэг гэрт байсан есөн хүнийг хэрцгийгээр хөнөөж, галдан шатаасан ноцтой хэрэг өнгөрөгч арваннэгдүгээр сарын 20-нд гарсан юм. Хэрэг гарснаас хойш цагдаагийнхан ажлын хэсэг байгуулан ажиллаж 20 хоногийн дараа сэжигтэн этгээдийг тогтоосон. Уг хэргийг илрүүлэхээр хэргийн газрын нөхөн үзлэгийг удаа дараа нарийвчлан хийж, гэмт хэрэгт холбогдуулан 360 гаруй иргэнээс байцаалт, мэдүүлэг авчээ. Хэрэг гарсан газрын ойр орчимд амьдардаг 600 гаруй иргэнтэй уулзаж, хол-богдох мэдээ, мэдээллийг тодруулж, зарим нэг хүнийг сэжигтнээр татаж шалгасан. Үүний үр дүнд хэргийг үйлдсэн этгээд нас барсан есөн хүний нэг талийгаач эмэгтэй Б-ийн хамтран амьдрагч 30 настай Ж.Шажинмөнх болох нь тогтоогджээ. Тэрбээр өөрийгөө нэг удаа хутгалан улмаар угаартаж нас барсан хэмээн хуулийнхан үзэж байгаа аж. Талийгаачдын дотор 4-30 насны гурван эрэгтэй, зургаан эмэгтэй байсан бөгөөд дөрөв нь хүүхэд, тав нь насанд хүрсэн хүмүүс юм. Гэхдээ цагдаагийнхан уг хэрэгт өөр холбогдогч байгаа эсэхийг илрүүлэхээр мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Цагдаагийнхан шинжээчийн дүгнэлт, хэргийн газраас олдсон нотлох баримт зэргийг үндэслэн Ж.Шажинмөнх үйлдсэн хэмээн тогтоосон ч цагдаагийн байгууллагын дүгнэлтэд эргэлзэх хүн олон байгаа нь нууц биш юм.
Балчир охиныг хөнөөсөн Н.Мөнх-Оргил цаазын ял сонсов
Найман настай охиныг хүчирхийлж, онц хэрцгийгээр хөнөөж, цүнхэнд цогцсыг нь хийж хаясан онц ноцтой хэрэг өнгөрөгч тавдугаар сарын 3-нд Хөвсгөл аймагт гарсан. Шүүгдэгч Н.Мөнх-Оргилд холбогдох хүн амины хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхэд арванхоёрдугаар сарын 1-нд хэлэлцэж цаазын ял оноосон юм. Тэрбээр Хөвсгөл аймагт жигшүүрт хэрэг үйлдэхээс өмнө Баянгол дүүрэгт 14 настай хоёр, 15 настай нэг охиныг өөрийгөө хамгаалах чадваргүйг мэдсэн хэр нь хүчирхийлж, хоолойг нь боож, амь насыг бүрэлгэхийг завдсан хэрэгт буруутгагдсан. Харин гэмт этгээдийн ээж, дүү, эхнэр нь хилс түүнийг гүтгэгдэж байна хэмээн хэвлэлд ярилцлага өгч байсан юм. Гэвч хүчирхийлэлд өртсөн охидын мэдүүлэг, таниулах ажиллагаа, ДНК, гэрчийн мэдүүлэг зэргээс Н.Мөнх-Оргилыг уг аймшигт хэргийг үйлдсэн хэмээн нотолжээ. Анхан шатны шүүхээс цаазын ял сонссон ч тэрбээр нийслэлийн шүүхэд давж заалдах гомдлоо өгөөд байгаа аж. Түүнд Дээд шүүхэд гомдол бичих эрх ч хэвээр байгаа юм.
Хүчингийн хэрэгт холбогдсон Э.Амарбат нэр төрөө сэргээв
Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн дарга асан Э.Амарбатын нэр төр сэргээх шүүх хурал өнгөрөгч есдүгээр сарын 10-нд Сүхбаатар дүүргийн иргэний танхимийн шүүхэд болсон юм. Эл шүүх хурлаар өмгөөлөгч С.Ганчимэг нэхэмжлэгч Э.Амарбатын нэр төрд халдсан гэх шийдвэр гарчээ. Өмгөөлөгч С.Ганчимэг өнгөрөгч дөрөвдүгээр сард Э.Амарбатыг хүчингийн хэрэгт буруутган гомдол гаргасан юм. Эл гомдлыг Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба шалгаж гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн хэрэг үүсгэхээс татгалсан билээ. Харин дараа нь Э.Амарбат нэр төрөө сэргээлэхээр шүүхэд хандсан юм. Хүний нэр төрд халдсан хэмээн шүүхээс буруутгагдсан өмгөөлөгч С.Ганчимэг давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ч дахин ялагдал хүлээсэн юм. Тэрбээр Дээд шүүхэд хандахгүй гэдгээ мэдэгдсэн.
Улсын мөнгө завшсан Д.Сүрэнхорд дөрвөн жилийн ял оноолоо
Үйлдвэр худалдааны яамны төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхорд холбогдох хэргийг өнгөрөгч наймдугаар сарын 23-нд Сүхбаатар дүүргийн шүүхэд хэлэлцэж жирийн дэглэмтэй хорих ангид дөрвөн жилийн хорих ял эдлүүлэх шийдвэр гаргасан. Тэрбээр Үйлдвэр худалдааны яамны төрийн нарийн бичгийн даргын алба хашиж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад 91.3 сая төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Тэрбээр шүүхээс оноосон дөрвөн жилийн хорих ялыг эсэргүүцэж нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хандсан ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталжээ. Д.Сүрэнхорын өмгөөлөгч түүний дээд шүүхэд гаргасан гомдлыг хүргүүлээд байгаа аж.
Ө.Хэрлэнчимэг Ж.Оч-Бадрах нар хэрэг хийгээгүй гэж мэлзсээр байна
Гурван он дамнан сунжирч, хүн бүрийн андахгүй мэдэх болсон хэргийн нэг бол Ө.Хэрлэнчимэг нарын найман хүнд холбогдох хүн амины хэрэг. 2008 оны долдугаар сарын 18-19-нд шилжих шөнө Б.Хэрлэнчимэг найз залуу Ж.Оч-Бадрахтай 14 настай Б охиныг хардаж улмаар хоолойг нь боомилон амь насыг нь хөнөөжээ. Гэвч уг хэргийн шүүх хурал зургаан удаа хойшилж байв. Өнгөрөгч аравдугаар сарын 28-29-нд Чингэлтэй дүүргийн шүүхэд болсон анхан шатны шүүх хурлаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Талийгаач охины аав Ц.Гончиг шүүх хурлыг шударга явуулж, гэмт этгээдүүдэд зохих шийтгэл оногдуулахын төлөө тэмцэж хууль зөрчсөн албан тушаалтнуудад хүртэл хариуцлага тооцуулсан. Харин нэмэлт мөрдөн байцаалтад буцсан уг хэргийг дахин шалгаж дуусах үед хэрэгт холбогдогч Ж.Оч-Бадрах, Ж.Оч-Мандах нарын аав Ц.Жаргалсайхан, ээж М.Майцэцэг нар хүүхдүүдээ хилс хэрэгт гүтгэгдэж байна хэмээн сэтгүүлчдэд хандав. Тэдний ээж М.Майцэцэг сэтгүүлчдийн өмнө үсээ хусуулсан бол аав Ц.Жаргалсайхан цусаа юүлж, зулын гол болж эсэргүүцэл илэрхийлэхээ мэдэгдсэн. Тэдний хэлснээр хэрэг гарах үед хүүхдүүд нь гэртээ, эмээгийндээ байсан, мөрдөн байцаагчид нэг талд үйлчилж байна гэсэн юм. Хоёр жил таван сар шийдэгдэхгүй явж байгаа уг хэрэг удахгүй шүүхэд шилжинэ. Харин сэжигтнүүдийн зарим нь Ганцхудагт өлсгөлөн зарлаж эсэргүүцэхээ мэдэгдээд байгаа аж.
Л.Гүндалай, Ц.Мянганбаяр хоёрын хэргийг хэрэгсэхгүй болгов
УИХ-ын гишүүн Л.Гүндалайг улсын мөнгө шамшигдуулсан хэргээр нэг хэсэг АТГ-ын мөрдөн шалгах хэлтэст шалгуулсан ч прокурорын шатанд хэрэгсэхгүй болсон юм. Эрхэм гишүүн Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа тус яамнаас зарласан MRI аппарат нийлүүлэх тендерт өөрийн төрсөн ахынхаа “Булгат-Овоо” компанийг шалгаруулж улсад 620 сая төгрөгийн хохирол учруулсан. Мөн Тайванийн Тайпей хотоос Монгол Улсад тусламжаар илгээсэн түргэн тусламжийн 10 автомашинаас хоёрыг нь ХӨСҮТ-д 11 сая, гуравыг нь Батлан хамгаалах яаманд 13.5 сая төгрөгөөр зарсан нь хууль зөрчсөн гэж АТГ-аас үзсэн юм. Уг хэргийг хоёр ч удаа түтгэлзүүлсний эцэст ийн хэрэгсэхгүй болсон аж. Тэрбээр АТГ-д хандан” Гэм буруугийн эсрэг маргахгүй тул Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү” гэсэн хүсэлт тавьж байсан гэж зарим эх сурвалж өгүүлдэг.Харин Монгол газар компанийн захирал Ц.Мянганбаярыг заллин мэхлэх замаар хуурамч баримт бичиг бүрдүүлж банкнаас их хэмжээний зээл авсан гэж үзэн Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан ч иргэний журмаар шийдвэрлэ гэсэн шийдвэр гарч эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Түүнийг Зоос банкнаас найман аж ахуйн нэгжийн нэрээр 41.2 тэрбум төгрөг, Анод банкнаас таван аж ахуйн нэрээр 20 тэрбум төгрөгийг хуурамч баримт бүрдүүлж авсан гэх үндэслэлээр буруутгаж байв. Харин хууль хяналтынхан хэргийг шалгах явцад Ц.Мянганбаярыг авсан зээлээ эргэн төлөх үндэслэлтэй гэж үзсэн байна.
Зоос банкны хэрэгт хэд хэдэн хүнийг сэжигтнээр татан шалгаж эхэллээ
Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Зоос банкны захирал асан Ш.Чуданжий, ТУЗ-ын дарга Д.Бат-Эрдэнэ нарт Эүүгийн байцаан шийтгэх хуулийн 156 дугаар зүйл ангиар өнгөрсөн нэгдүгээр сард хэрэг үүсгэсэн билээ. Одоогоор уг хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа бөгөөд хадгаламж эзэмшигч зээлдэгч олонтой тул хэргийг эцэслэн шийдвэрлэхэд багаггүй хугацаа орох аж. Тэднийг Эрүүгийн хуулийн 156 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт заасан Банкны байгууллагын ажилтан шунахайн буюу хувийн ашиг сонирхлын үүднээс банкны болон мөнгөн хадгаламж төлбөр тооцоо,банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчин бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт шалгуулж буй. Харин уг хэрэгт сэжигтнээр татагдан Ганц худагт хоригдож буй Сангийн яамны төрийн сангийн газрын дарга Х.Пүрэвсүрэнд ямар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн нь тодорхойгүй байна. Одоогоор Зоос банктай холбоотой хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа юм. Хэрэгт сэжигтнээр татагдсан Ш.Чуданжий, Х.Пүрэвсүрэн, Д.Бат-Эрдэнэ нарыг шүүхийн шийдвэрээр батлан даалтад гаргасан юм.
Анод банкны хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа
Анод банкны ТУЗ-ын гишүүн Э.Гүр-Аранз,гишүүн Н.Даваа, Л.Уламбаяр гүйцэтгэх захирал Д.Энхтөр нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалт нэг жил долоон сар үргэлжилж буй. Энэ оны дөрөвдүгээр сард хэргийг Улсын мөрдөн байцаах газраас шалгаж дуусч яллах дүгнэлт үйлдүүлэхээр нийслэлийн Прокурорын газарт шилжүүлсэн. Гэвч прокурорын газар хэргийг хянан хэлэлцээд мөрдөн байцаалтад буцаасан юм. Анод банкны эрх бүхий албан тушаалтнуудыг найдваргүй зээл олгосон, хадгаламж эзэмшигчдийн мөнгийг сонгуульд зарцуулсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Мөн тайлан балансаа алдагдалгүй гаргахын тулд авлига өгсөн байж болзошгүй гэж үзэн мөрдөн байцаалтыг үргэлжлүүлэн явуулах шийдвэрийг хэрэг хянасан прокурор гаргасан байна.