Сургалт зохион байгуулах шаардлагагүй гэж үзэв

Хуучирсан мэдээ: 2010.12.29-нд нийтлэгдсэн

Сургалт зохион байгуулах шаардлагагүй гэж үзэв

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар
Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд
байгуулсан “Хөгжлийн бодлогын санхүүжилт-2″ хөтөлбөрийн Санхүү­жилтийн
хэлэлцээрийг хэлэлцлээ. Энэхүү хэлэлцээрийн дүнд 12 сая ам.долларын
зээлийг Монгол улсад авах зорилготой аж.

Өнгөрсөн оны гуравдугаар сард зохион байгуулагдсан Монгол Улсын Засгийн
газар-Гадаад түншүүдийн хамтарсан Техникийн уулзалтын үеэр Засгийн
газраас Олон улсын валютын сантай тохиролцсон Стэнд-Бай хөтөлбөр, Монгол
Улсын Засгийн газраас хэрэгжүүлэх эдийн засаг, төсвийн шинэчлэлийн
цаашдын төлөвлөгөөг гадаад түншүүд дэм­жиж байгаагаа илэрхийлж үүний
хү­рээнд төсвийг тэнцвэржүүлэх, эх үүс­вэр­гүй алдагдлыг санхүүжүүлэх
зорилгоор Дэлхийн банкнаас 60.0 сая, Азийн хөгжлийн банкнаас 60.0 сая,
Япон Улсын Засгийн газ­­раас 50.0 сая, нийт 170.0 сая ам.долларын
санхүүжилтийг тус тус ам­ла­сан. Үүнээс 2009 оны төсвийн жилд Дэлхийн
банкнаас 40.0 сая ам.доллар, Азийн хөгжлийн банкнаас 40.0 сая ам.доллар,
Япон Улсын Зас­гийн газраас 30.0 сая ам.доллар, нийт 110.0 сая
ам.долларыг улсын төсөвт татан авч, үлдэж буй 60.0 сая ам.долларыг уг
хөтөлбөрийн хүрээнд бие­­лүүлбэл зохих урьдчилсан нөх­цөлийг хангаснаар
2010 оны төсвийн жилд багтаан авч ашиглахаар то­хирол­цсон аж.  Дэлхийн
банкнаас Мон­гол Улсад дунд хугацаанд (2009-2011 онд) хэрэгжүүлэх төсөл,
хө­төл­­бөрийн хүрээнд нийтдээ 90 сая ам.доллар буюу жилд 30 сая
ам.доллар хуваарилагддаг. Ха­рин өнгөрсөн хоёр жилд болсон хям­ралаас
үүдэж, мөн Монгол Улсын Зас­гийн газрын авч хэрэгжүүлэх бодлогын
шинэчлэлийг дэмжих үүд­нээс Дэлхийн банкны Хямралын эс­рэг тусгай
сангаас нэмэлт 26 сая ам.долларыг хуваарилсан. Үүний 10 сая ам.долларыг
“Хөгжлийн бод­логын санхүүжилт” хөтөлбөрийн зээ­лийн нэмэлт санхүүжилт
болгон хуваа­рилж, 12 сая ам.долларыг тус хөтөлбөрийн хүрээнд хийгдэж
буй шинэчлэлд дэмжлэг үзүүлэх зорил­гоор “Олон салбарыг хамарсан техник
туслалцааны төсөл” хэрэгжүүлэх болсон билээ. Ингэснээр “Хөгжлийн
бодлогын санхүүжилт” хөтөлбөрийн 2 дахь үе шат нь 20 сая ам.доллараас 30
сая ам.доллар болж нэмэгдсэн байна.

Энэхүү зээлийн зориулалтын та­лаар Байнгын хороон дээр шүүмж­­­­­лэлтэй
хандсан бөгөөд З.Энх­болд “нийт авах зээлийн 30 сая ам.дол­ларыг
сургалт, семинарт зориулах гэж байгаа нь үнэхээр байж боломгүй зүйл.
Гарын авлага тараагаад ядуур­лыг бууруулдаг хэрэг үү. Олгогдох хөрөнгийн
дийлэнх хувийг Техник эдийн засгийн үндэслэл хэсэгт шилжүүлэх хэрэгтэй”
гэв.

Энэ талаар Сангийн сайд С.Баяр­цогт “Энэ зээлийн нөхцөл сайн уч­раас
дэмжих нь зүйтэй. Мөнгийг нь авчхаад зарцуулахдаа яаж ч ашиг­лах
боломжтой. Зарцуулалтын заг­варыг өөрчилж болох талаар Хөгж­лийн
ассосиацийнхантай бүхий л түвшинд зөвшилцсөн байгаа. Бид зээлийн
зарцуулалтыг тухай үед нь өөрчлөөд танилцуулах болно” гэсэн байна.
Ийнхүү Байнгын хорооныхон хэлэлцээд зээлийн зарцуулалтаас сургалт,
семинарт зориулах хэсгийг эрс багасгахаар амлалтыг Засгийн газраас авсны
үндсэн дээр зээл авах асуудлыг дэмжсэн байна.

Энэ асуудалтай холбоотойгоор Байнгын хорооны дарга З.Энхболд Байнгын
хорооныхоо хурал дээр Засгийн газарт үүрэг даалгавар өгсөн байна. Энэхүү
даалгаварт “Өнгөрсөн хорин жилийн хугацаанд Засгийн газрын харьяа
байгууллагууд гадаад, дотоодын төсөл хөтөлбөрүүдээс сургалт семинарт
хичнээн төгрөгийг зарцуулсан тухай мэдээллийг гаргаж өгөх” тухай байв.
Мөн энэхүү даалгаврыг энэ чуулганы хугацаанд амжин гаргаж чадах эсэхийг
Сангийн сайд С.Баярцогтоос тодруулав. Сангийн сайд даалгаврыг
биелүүлэхээ амлаад, энэ ажил нилээд хугацаа шаардах тул ямартаа ч
дараагийн чуулганд багтаан тайлан мэдээг гарган УИХ-д хүргүүлэхээ
мэдэгдсэн байна.

Ийнхүү даалгавар өгөх болсон нь Засгийн газрын үйл ажиллагааны зардлын
нилээдгүй хэсгийг сургалт семинар, гарын авлага боловсруулах, ажилтнаа
чадваржуулах зардалд зориулагддагтай холбоотой аж. Засгийн газраас
сургалтыг байнга хийдэг шаардлагаа тайлбарлахдаа “сургалтад хамрагдсан
ажилтнууд байнга солигддог, нийгмийн хамгааллын нийгмийн ажилтнуудын
хувьд сургалтад хамрагдсан ажилтнуудын 70 хүртэл хувь нь солигдсон” гэв.
Байнгын хорооны дарга З.Энхболд “Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам,
Монгол банкныхан ийм зардлыг ихээр гаргадаг. Хэрвээ ажилтнууд чинь
ажилдаа тэнцэхгүй байвал халаад шаардлагатай хүмүүсийг авах хэрэгтэй”
хэмээсэн байна.

Б.Мандах
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж