
“Нисдэг тэрэгний сүүдэр л тусах
Нэрлэшгүйн сүмбэр Их Богд
Сэнсний үзүүр шүргэн алдам
Сэтгэшгүйн өндөр монгол оргил” гэсэн бахархлын бадаг өөрийн эрхгүй төрж байсан сан. Л.Болд сайд бол хотод төрсөн боловч угтаа энэ их сүмбэр хайрхны “нуган” хүү билээ. Түүний аав Сономын Лувсанвандан Их богдын бэлд мэндэлсэн Монголын эрдэм билгийн сүмбэр оргил-бичгийн их сартваахь хүмүүн гэдгийг олон түмэн мэднэ. Лувсанвандан гуай цагтаа Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Соёлын яамны орлогч сайдаар ажиллаж, соёл гэгээрлийн олон сайхан үйл хэрэг эхлүүлж байсан ч хөшингө үзэлтнүүдийн жад мэт харцанд өртөж, хэлмэгдлийн сүүдэрт жиндэсхийж л явсан гэдэг.
Гэгээрлийн сайдын хүү Л.Болд 100 жилийн настай Батлан хамгаалах яамыг эдүгээ тэргүүлж байна. Анх эл суудалд очиход нь “Үйлдвэрчний эвлэлийн мэргэжилтэй хүн Батлан хамгаалахын сайд болно гэж юу байсан юм” гэж бараг л батлан хамгаалах салбар сүйрчих аятай юм ярьсан “эвэр хошуутнууд” олон байв. Гэвч, өндөр боловсролтой, гүн бодолтой эл эрхмийг сайдаар ирсэнээс хойш Монгол Улсын Зэвсэгт хүчин гадаад харилцаагаа тэлж, дотоод ааг чадал нь өдрөөс өдөрт нэмэгдэж, нэг ёсондоо цэцэглэн мандаж байна. Үүний жишээг холоос хайлгүй ганц хоёрыг улиран буй оны баримт түшин өгүүлэх нь зөв байх. Тэрээр төрийн түшээгийн хувьд “Зэвсэгт хүчний хуульд нэмэлт оруулах тухай”, “Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай”, “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” зэрэг хуулиудыг парлементын ангийнхантайгаа элбэн батлалцав.
Ноднин хавар Л.Болд сайдтай хамт дайн байлдаантай Афганистан улсад очиж дарийн утаа үнэрлээд ирэхдээ түүнийг би “Орчин цагийн Зэв, Сүбээдэй” хэмээн битүүхэн дүгнэсэн билээ. Өнөө цагт зэр зэвсгийн хүчээр бус ухаанаар, олон улсын тавцан дахь нэр хүндээр жанжлах болсон эрин үе. Монголын энхийг сахиулагчид өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт үүрэг гүйцэтгэхэд Болд сайдын оруулсан хувь нэмэр үлэмж их ээ. Батлан хамгаалахын сайд НАТО-гийн төв штабт анх удаа айлчилж, Монгол Улс Афганистаны ард түмний эрх чөлөөний төлөө НАТО-гийн ажиллагаанд цэргээ хандивласан 45 дахь орон болсныг албан ёсоор үзэглээд ирсэн. Дэлхийн тэргүүлэгч хөгжилтэй гүрнүүдтэй эн тэнцүү зиндаанд харьцаж, хүн төрөлхтөний сайн сайхныг сахин хамгаалахад бид ч дутахгүй шүү гэдгээ сайд улсаа төлөөлж батлаад ирэв. Нэг хэсэг армийн амьдрал улсын төсвийн аранга мэт байсан үе бий. Тэгвэл одоо зэвсэгт хүчин энхийг дэмжихээс гадна барилга байшин барьж улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах болов. Баянхонгор, Баян-Өлгий аймагт барилга-инженерийн анги байгуулсанаар Монголын Зэвсэгт хүчин бүтээн байгуулагч болж эхэлж байгаа юм. Л.Болд сайд цаашид ч барилгын цэргийн ангиуд байгуулна гэж төлөвлөж байгаа юм билээ. Тэрээр Германд дээд сургууль төгсч ирээд барилгын салбарт ажиллаж байсан нь бүтээн байгуулагч байхын амтыг залуудаа амссаных гэж хэлж болох юм.
Түүний урилгаар дэлхийн их наймын нэг Германы Холбооны батлан хамгаалахын сайд К.Гүтенберг, Туркийн Үндэсний батлан хамгаалахын сайд Вежди Гөнүл нар Монголд айлчилсан нь энхийн үйлсэд даян дэлхийн хүчирхэг гүрнүүдтэй хөл зэрэгцэхийн удлага боллоо. Португалын нийслэл Лиссабон хотноо болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад Монгол Улсаа анх удаа төлөөлж Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, Батлан хамгаалахын сайд Л.Болд нар оролцсон нь түүхэн чухал үйл явдал юм. Зэвсэгт хүчний зэвсэглэл, техник ч өнгөрсөн онд шинэчлэгдэж сайжирсан нь сайдын гэрээ хэлцэл, албан ёсны айлчлалын нааштай үр дүн гэхээс аргагүй. Батлан хамгаалах салбар агаарын довтолгооноос хамгаалах “Печора-2М” загварын зенит пуужингийн цогцолбор, орчин үеийн хуягт техниктэй болж, гадаадын улс орнуудын буцалтгүй тусламжаар 100 гаруй автотехникээр парк шинэчлэл хийжээ. Улс орны ирээдүйн хөгжил хойч үедээ өвлүүлсэн боловсролоос шалтгаалдаг болсон өнөө цагт БХИС-ийн харьяанд “Тэмүжин-Өрлөг” дунд боловсролын цэргийн лицей сургууль байгуулсан нь түмний өхөөрийг татахаас гадна Монгол цэргийн залгамж халаа болж буй хэрэг билээ. ОХУ-ын Омскийн кадетын сургуулийн сонсогч нар ч түүний л хөөцөлдлөгөөр эрдэм өвөрлөхөөр одсон.
Батлан хамгаалах салбарын 2011 оны төсвийг анх удаа гурван оронтой тоо буюу 103 тэрбум төгрөгт хүргэн батлуулсан нь сайд Л.Болдын Монголын Зэвсэгт хүчний төлөө цохилсон зүрхний халуун лугшилтын хэмжүүр билээ. Бусад улс орны батлан хамгаалахын төсөвтэй харьцуулахад чигчий хурууны хумсан толионд ч хүрэхгүй өчүүхэн төсвөө батлуулахын тулд албан тушаалаа өгөхөд бэлэн байгаагаа ч хэвлэл мэдээллээр мэдэгдээд авсан. Энэ бол төрийн сайдаас гарсан иргэний эр зориг. Цэргийн албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд тэрээр өөрийн хүчин чармайлтаа дайчлан ажиллаж байна. Үүний тод жишээ нь, 126 айлын албан тушаалын орон сууцыг ашиглалтад оруулсанаар олон офицер, ахлагчид байрныхаа түлхүүрийг баяртайгаар хүлээн авсан явдал билээ. Оны босгон дээр гэхэд дайнд оролцсон 40 ахмад дайчинд байрны түлхүүр, алд цэнхэр хадгийн хамт гардуулж тэдний нулимстай баярыг хуваалцсан. Иргэн, цэргийн харилцааны хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан хоёр иргэн, цэргийн хоёр албан хаагчид Батлан хамгаалах салбарын “Эх орны төлөө” дээд шагналыг анх удаа бий болгон олгосон нь сайшаалтай, нүдээ олсон “урмын ташуур” байлаа гэж олон түмэн ам сайтай байна.
Чөлөөлөх дайны 65 жилийг эх орон даяар тэмдэглэж, Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах иж бүрэн арга хэмжээг Архангай, Булган, Сүхбаатар, Дорноговь, Өвөрхангай, Баянхонгор аймгуудад амжилттай зохион байгуулсан нь энхийн энэ цагт цэрэг, зэвсэг техникийн бэлэн байдлаа шалгасан армийн удирдагч хүний алсын хараа гэлтэй. Алс хол хүний нутагт алба хаагаад ирсэн дайчдад зориулж “Багабаян” амралтыг түшиглэн “Цэргийн албан хаагчдын нөхөн сэргээх цогцолбор”-ын барилгын ажлыг эхлүүлж, хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлээд байгаа. “Наран тив”-д алба хаагаад ирсэн “цэнхэр дуулгатнууд”-ад “Африкт энхийн төлөө” шинэ медаль энгэрт нь зүүж өгөхөд баярын мишээл дайчдын царайд дүүрэн гэрэлтсэн билээ. УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болдын нэр дээрхи бүх ажил амжилттай холбогддог нь шинэ цагийн шнэчлэгдсэн зэвсэгт хүчний удирдагч гэдгийг нь нотолдог юм. Тэрээр ирэх он жилийг “Зэвсэгт хүчний шинэчлэлийн шийдвэрлэх жил” хэмээн тодорхойлоод байгаа. Энэ нь ч амьдрал дээр ажил хэрэг болон биелэх учиртай билээ.