
Сангийн яам өнөөдөр 2010 онд хийж гүйцэтгэсэн ажлуудаа дүгнэсэн байна. Улиран одож буй энэ жил Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг батлуулсан бөгөөд ингэснээр гүйцэтгэх засаглалын байгууллагын үүрэг, хариуцлага өндөрсөж, төсвийг тогтвортой байлгах, төсвийг боловсруулах, төсвийн тусгай шаардлагад суурилсан эрх зүйн шинэ орчин бүрдэж байгаа гэнэ. Монгол Улс ОУВС-гийн Стэнд-бай хөтөлбөрийг Ази, Номхон далайн бүс нутагт амжилттай хэрэгжүүлсэн анхны орон болсон байна. 2010 оны урьдчилсан гүйцэтгэлээр хөнгөлөлттэй зээлийн 251.7 сая ам.долларын 17 төсөл, буцалтгүй тусламжийн 180.6 сая ам.долларын 15 төсөл, нийтдээ 432.3 сая ам.долларын хөгжлийн албан ёсны тусламжийн 32 төрлийн гэрээ, хэлэлцээрийг байгуулжээ. Түүнчлэн ОХУ-ын Москва хотноо 2010 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гарын үсэг зурсан “Оросын Холбооны Улсын өмнө Монгол Улсын хүлээх санхүүгийн үүргийг зохицуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг Засгийн газар баталлаа. Энэхүү хэлэлцээрт зааснаар манай улсын өр болох 174.2 сая ам.долларын 97.8 хувийг хүчингүй болгож, үлдэх 3.8 сая ам.долларыг манай тал хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос эхлэн 30 хоногийн дотор нэг удаагийн мөнгөн төлбөрөөр Оросын талд өрийг төлснөөр их өрийн үлдэгдэл бүрэн цайруулах юм байна. Үүний дүнд Монгол Улс гадаад улсад хугацаа хэтэрсэн өргүй боллоо хэмээн тус яамныхан 2010 онд хийсэн ажилдаа сэтгэл хангалуун байгаагаа нуухгүй байна.
Ж.ГЭГЭЭ