
Иргэн бүрт олгож буй эх орны хувь хишгийн мөнгөний хэмжээ ирэх оны нэгдүгээр сараас 21 мянган төгрөг болон нэмэгдэж байгаа. Хэдийгээр улс төрийн намуудын амлалтаас үүдэлтэй ч халамжийн хэлбэрт хэдийнэ шилжсэн 805 тэрбум төгрөгийг бэлнээр тараахын эсрэг байр суурьтай хүмүүс цөөнгүй байна. Тэдний төлөөлөл болсон “NBS” телевиз, МҮЭ-ийн холбоо, Ажил олгогч эздийн холбооноос хамтран иргэдэд түгээх мөнгийг бэлнээр олгох бус ваучер маягаар өгөхийг санал болголоо. Өмнө нь энэ талаар манай “news.mn” сайт болон “Ардын эрх”сонинд “Иргэний зориг” намын хэрэг эрхлэх газрын дарга Г.Ганбат бичиж нийтлүүлж байсан билээ. Яг түүний бичсэнчлэн ваучерийг үндэсний үйлдвэрлэлийг дэмжихэд зориулах саналыг дээрх хоёр байгууллагаас гаргаж байгаа юм. Ингэхдээ ваучераар архи тамхи худалдан авахыг хязгаарласан байх бөгөөд ингэснээр иргэд эл мөнгийг амьжиргаандаа зориулж, бодит дэмжлэг болно гэж санаачлагч байгууллагууд үзэж байна. Гагцхүү энэ санаачлагыг зориг гарган дэвшүүлж, хэрэгжүүлэх нь Засгийн газрын хэрэг болохоор сайд дарга нарт тэр хэрийн улстөрийн зориг байгаа гэдэгт итгэж байгаагаа ваучер санаачлагчид хэлж байлаа. Халамжийн мөнгийг бэлнээр тарааснаар бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд зогсохгүй хятад руу, тухайлбал Эрээн хотын наймаачдад хөрөнгө оруулалт болоод өнгөрнө гэдгийг ч мөн онцлон сануулж байлаа.
Д.Цээнэ