Өвөлжилт хүндэрсэн сумдад өвс тэжээл хуваарилна

Хуучирсан мэдээ: 2010.12.28-нд нийтлэгдсэн

Өвөлжилт хүндэрсэн сумдад өвс тэжээл хуваарилна

Завхан аймгийн Баянтэс, Тэс, Баянхайрхан, Асгат, Түдэвтэй, Нөмрөг сумдад өвөлжилтэй хүндрэх төлөвтэй байгаа талаар өмнө нь бид мэдээлж байсан билээ. Аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дээд ахмад Ю.Бямбадорж өвөлжилт хүндэрсэн сумдын талаар тодруулахад “Ерөнхийдөө аймгийн хойд тал буюу Баянтэс, Тэс, Баянхайрхан, Асгат, Түдэвтэй, Нөмрөг сумдад өвөлжилтэй хүндрэх төлөвтэй байна. Баянтэс сумын нийт нутаг дэвсгэр бүхэлдээ цасан бүрхүүлтэй байна гэж хэлж болно. Тус сумын нийт нутгийн 40 хувь нь 60 см-ээс дээш, 60 хувь нь 40-50 см-ийн зузаан цастай байна. Мөн Асгат сум мөн адил хэмжээнд байна. Түдэвтэй сумын зүүн хойд хэсгээр цасны зузаан 40 см хүрч байна” гэв. Аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг цагийн байдал, өвөлжилт хүндэрсэн газруудад зааг тогтоох, тухайн газар нутагт хичнээн хэмжээний хүн, мал байгаа, өвс тэжээлийн нөөцийн хангалт, хуваарилалтыг гаргаад байгаа аж. Одоогоор улсын хэмжээний зам даваа цасанд боогдсон тохиолдол гараагүй байгаа гэнэ.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж