1991 оны арваннэгдүгээр сарын 9: Шамиль Басаевын толгойлсон дайчид Минеральные Водын нисэх буудалд Ту-154 онгоцыг барьцаалаад Туркт буулгасан байна. Тэд Туркийн эрх баригчдад нь бууж өгсөний дараа хэвлэлийн бага хурал хийлгэн Чеченийн тухай мэдэгдэл хийжээ. Дараа нь Туркийн эрх баригчид Басаевыг Чеченьд нь буцаажээ.
1995 оны зургадугаар сарын 14: Шамиль Басаевын толгойлсон Чеченийн салан тусгаарлагчид Ставрополийн хязгаарын Буденновск хотын эмнэлэгт 2000 хүнийг барьцаанд авлаа. Тэд Оросын эрх баригчдаас Жохар Дудаевтай хэлэлцээрт орон цэргээ Чечениэс гаргахыг шаардав. Барьцааны хүмүүсийг чөлөөлөх бүтэлгүй оролдлогынхоо дараа Москва террористуудыг барьцааны хүмүүсийн хамт чөлөөтөй нэвтрэхийг зөвшөөрсөн юм. Басаевын дайчид дараа нь барьцааны хүмүүсийг суллахаар амласан байлаа. Нийтдээ 100 гаруй хүн амиа алдсан ба Басаевын дайчид Чеченьд буцан очсон юм. Үүний дараа Оросын цэргийг Чечениэс татжээ.
1996 оны нэгдүгээр сарын 9: Дагестаны Кизляр хотын эмнэлэгт 3000 орчим хүнийг Салман Радуев, Кункар-Паши Исрапилов нарын удирдсан Чеченийн салан тусгаалагчид барьцаалав. Хэлэлцээрийн дараа барьцааны ихэнх хүмүүсийг чөлөөлсөн ба террористууд барьцааны 100 орчим хүнтэйгээр Чеченийн зүг ухарчээ. Удалгүй тэднийг Оросын цэрэг зогсоон байлдаж долоо хоног тулалдсан юм. Радуев зугтаж чадсан байв. Ная гаруй хүн үрэгджээ.
1996 оны нэгдүгээр сарын 16: “Шамилийн ач нар” бүлэглэлийн гурван турк, хоёр чечень хүн Хар тэнгист “Аврасия” паром хөлгийг барьцаалан “хэрэв Оросын арми Кизлярын орчим явуулж байгаа тусгай ажиллагааг зогсоохгүй бол уг даром хөлгийг дэлбэлэнэ” гэж занал хийж байв. Бүлэглэлийн лидерүүд хоёр хоног хэлэлцээр хийгээд Туркийн эрх баригчдад бууж өгчээ. Мөн тэдэнд хэвлэлийн бага хурал хийлгэх боломжийг өгсөн байлаа.
1996 оны арваннэгдүгээр сарын 16: Дагестаны Каспийск хотын цэргийн албан хаагчдын амьдардаг есөн давхар байранд шөнийн дэлбэрэлт боллоо. Байшингийн хэсэг нурж 70 орчим хүн үрэгджээ. Хүчнийхэн гэмт хэрэгтнүүд хилчдээс өшөө аван үүнийг хийсэн гэж үзэв. Дагестанд “аллага” гэсэн хэргээр уг хэрэгт эрүү үүсгэсэн байлаа.
1999 оны гуравдугаар сарын 19:
Хойд Осетийн зах дээр болсон дэлбэрэлтийн улмаас 53 хүн үрэгдэж, 80 хүн шархаджээ. Оросын эрх баригчид энэ хэргийг араб гаралтай хээрийн дарга нар Абу Умар ба Абу аль-Валид зохион байгуулсан гэж үзлээ. Террористуудын нэг нь бүх насаар хоригдох ялаар шийтгүүлж, өөр хоёр хүнд нь 23 жил хоригдох ял өгсөн байна.
1999 оны наймдугаар сарын 17: Басаев, Хаттаб хоёрын удирдсан 400 орчим дайчид Дагестаны Ботлихскийн районд нэвтэрч хэд хэдэн тосгоны эзлэв. Тусгай ажиллагаа эхэлснийг тэд зарласан ба үргэлжлэл нь Дагестаны Новолакскийн районд тэр жилийн есдүгээр сард нэвтэрсэн хэрэг болжээ. Эдгээр хэрэг явдлаас Чеченийн хоёр дахь дайн эхэлсэн гэдэг.
1999 оны наймдугаар сарын 26: Оросын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Владимир Путин мэдэгдэл хийж Дагестанаас Чеченийн салан тусгаарлагчдыг хөөх ажиллагаа амжилттай дууссан гэж зарлав. Байлдааны ажиллагааны явцад 73 хүн үрэгдэж, 259 хүн шархаджээ.
1999 оны наймдугаар сарын 31: Москвагийн төвийн Манежийн талбай дахь “Охотны ряд” худалдааны төвийн тоглоомын салонд тэсрэх төхөөрөмж дэлбэрлээ. Нэг хүн амиа алдаж, 40 хүн шархаджээ. Үүнээс 10 жилийн дараа энэ хэргийг зохион байгуулсан гэх хүн 25 жилээр хоригдох ял авсан байна. Гүйцэтгэгч гэх хүнийг 15 жилийн хорих ялаар шийтгэжээ.
1999 оны есдүгээр сарын 4: Дагестаны Буйнакск хотод тэсрэх төхөөрөмжтөй ачааны машин орон сууцны байрны дэргэд дэлбэрэн 64 хүн үрэгдсний 23 нь хүүхдүүд байжээ. Хүчнийхэн Чеченийн салан тусгаарлагчидтай холбоотой хэт даврагчид Москва, Буйнакск, Волгодон хотуудад цуврал дэлбэрэлт үйлдсэн гэж үздэг. Энэ дэлбэрэлтийн дараа хүчнийхэн бас нэг тэсрэх төхөөрөмжтөй ачааны машиныг олоод аюулгүй болгож чадсан аж.
1999 оны есдүгээр сарын 5: Басаев, Хаттаб хоёрын удирдсан 2000 орчим зэвсэгт дайчид Дагестаны Новолакск районд довтолсон байна. Оросын Батлан хамгаалахын сайд булаан эзлэгчидээс Дагестаныг чөлөөлсөн гэж есдүгээр сарын 15-нд зарлатал тулалдаан үргэлжилжээ.
1999 оны есдүгээр сарын 8-9: Москвагийн зүүн өмнө хэсгийн Гурьяновагийн гудамжны есөн давхар орон сууцны байрыг шөнө дундад хоёр секунд дутуу байхад дэлбэлэв. 100 гаруй хүн үрэгдэн 260 хүн хэлмэгдсэн байв. Олон сууцтай байрны хоёр орц бүрэн нурсан ба хажуугийн байранд гэмтэл үүссэн байлаа. Хэд хоногийн дараа саперууд хоёр байшинг буулгажээ. Мөрдөн байцаалтын явцад тротил ба гексоген гэх тэсрэх бодисуудын үлдэгдэл олсон байна.
1999 оны есдүгээр сарын 13: Москвагийн Каширийн гудамжы олон сууц байшинд дэлбэрэлт болов. 118 хүн амиа алджээ. Уг байрны подволд гексогентай шуудай хураасан нь дараа нь тогтоогдсон байна. Энэ аллагын дараа Москва болон Оросын бусад хотуудад аюулгүй байдлын эрчимтэй арга хэмжээ аван бүх байрнуудын подвал болон чердакт шалгалт хийсэн байна. Хэдэн сарын турш байрны хүмүүс өөрсдийн байшиндаа жижүүрийн ажлыг зохион байгуулан бүтэн хоногийн эргүүл хийж байжээ.
1999 оны есдүгээр сарын 16: Ростов мужийн Волгодонск хотын есөн давхар сууцны дэргэд тэсрэх бодис ачсан ачааны машин дэлбэрэв. 18 хүн үрэгдэж, 200 гаруй хүн шархаджээ. Мөрдөн байцаалтаар дэлбэрсэн машины эзэн мэдэгдэхдээ машиныг нь худалдан авсан хүмүүс машинд нь төмс ачсан гээд машиныг тэр байрны дэргэд тавиад шнө харж байхыг гуйсан гэжээ.
2000 оны наймдугаар сарын 8: Москвагийн төвийн метроны “Пушкинская” станцад орох хонгилын замд дэлбэрэлт үйлдэгдэж 13 хүн амиа алдсан ба 90 гаруй хүн шархаджээ. Тэсрэх бодисийг цүнхэнд хийн худалдааны мухлагийн дэргэд орхисон байлаа. 350-800 граммын тротилийн хүчтэй тэнцэх дэлбэрэх төхөөрөмжид хадаас болон винт хийсэн нь хохирогчдын тоог ихэсгэсэн юм.
2001 оны гуравдугаар сарын 15: Москвагийн “Внуковын нисэх” компанийн Стамбулаас Москвагийн чиглэлд нисч байсан Ту-154 онгоцыг чеченьчүүд барьцаалан Саудын Арабад буулгав. 160 зорчигч багийн 12 гишүүн барьцаанд байлаа. Дараагийн өдөр нь саудын тусгай ангийнхан онгоцыг дайран чөлөөлөх үеэр нэг террорист ба энгийн хоёр хүн амиа алджээ.
2001 оны гуравдугаар сарын 24: Тэсрэх төхөөрөмжтөй машинууд Минеральные Воды ба Ессентуки хотуудад зэрэг дэлбэрэв. Мөн энэ өдөр Карачеево-Черкесид тэсрэх бодистой машиныг аюулгүй болгох үеэр тэр нь бас дэлбэрсэн юм. Нийтдээ 28 хүн үрэгдэж 150 гаруй хүн шархаджээ.
2001 оны дөрөвдүгээр сарын 23: Туркийн Стамбул хотын таван одтой буудалд туркийн чеченьчүүд 120 хүнийг барьцаанд авав. Тэд дэлхийн олон нийтийг Чеченьд болж байгаа хэрэг явдалд анхаарлыг нь хандуулах зорилгоор хийсэн гэж мэдээлсэн юм. Тэд удалгүй хүүхэд, эмэгтэйчүүдийг чөлөөлсөн ба хэдэн цагийн дараа барьцааны бүх хүмүүсийг суллаад өөрсдөө бууж өгсөн байна.
200 оны долдугаар сарын 31: Ставрополь-Невиномысск хотуудын хооронд явж байсан автобусыг нэг хүн барьцаалан өөр нэг автобусийг барьцаалсан хэргээр шийтгэгдсэн чеченьчүүдийг чөлөөлөхийг шаардлаа. Автоусанд 50 зорчигч явж байв. Тусгай ангийнхан террористыг буудан хөнөөгөөд барьцааны хүмүүсийг сулласан юм.
2001 оны арваннэгдүгээр сарын 10: Владикавказын захад дэлбэрэлт болох үеэр тэнд 20 мянга орчим хүн байсан ба таван хүн үрэгдэн 60 гаруй нь шархаджээ. Эхлээд хийн сав дэлбэрсэн гэж байсан боловч мөрдөлтийн явцад террор хийгдсэн болох нь тогтоогдсон юм.
2002 оны тавдугаар сарын 9: Дагестаны Каспийск хотын төвд ялалтын баяр тэмдэглэж байх үеэр бөмбөг дэлбэрч 43 хүн амиа алдав. Хохирогчдын ихэнх нь цэргийн үлээвэр хөгжмийн хамтлагийнхан байлаа. Уг хотод Оросын хилийн цэргийнхэн их байдаг. Аллага хийгдсэн ч тэр өдөр ялалтын баярын ёслолын буудлага уг хотод хийгдсэн байна.
2002 оны аравдугаар сарын 23: Москвагийн Дубровк дахь Театрын төвд 800 хүнийг Чеченийн салан тусгаарлагчид барьцаалав. Хорт хий тавин барьцааны хүмүүсийг чөлөөлөх үеэр бүх террористууд нийт 41 хүн мөн барьцааны 129 хүн амь үрэгдсэн байна. Эмч нарын мэдэхгүй хорт хийн хэрэглэсний улмаас тэд тухайд нь тусламж цаг авалгүйгээр амиа алдсан юм.
2002 оны арванхоёрдугаар сарын 27: Тэсрэх бодистой хоёр ачааны машин Чеченийн Засгийн газрын цогцолборыг мөргөн орж ирээд дэлбэрэх үеэр 83 хүн үрэгдэж, 200 гаруй хүн шархаджээ. Байр бүрэн нурсан ба дэлбэрэлтийн хариуцлагыг Шамиль Басаев өөртөө авсан байна. Өөрийгөө тусгаарлан зарласан Чеченийн Ерөнхийлөгч Аслан Масхадов мэдэгдэл хийж харицлагыг Оросын эрх баригчдад тулгаж байв.
2003 оны зургадугаар сарын 5: Моздок хотын нисэх баазын нисгэгчдийг зөөж байсан автобусны дэргэд амиа золиослогч эмэгтэй дэлбэрэлт үйлдэн 19 хүний аминд хүрэв. 12 нисгэгч шархадсан байлаа.
2003 оны долдугаар сарын 5: Москвагийн Тушинийн нисэх буудалд болж байсан “Крылья” гэх рок наадмын үеэр амиа золиослогч хоёр эмэгтэй дэлбэрэлт үйлдсэний улмаас 16 хүн амиа алдав. Наадмын 40 мянган үзэгчдийн ихэнх нь аллага болсоныг мэдэхгүй хөгжим сонсон амарч байжээ.
2003 оны наймдугаар сарын 1: Моздокийн цэргийн эмнэлгийг амиа золиослогчийн тэсрэх төхөөрөмжтөй ачааны машин дайран орж, дэлбэлсний улмаас 50 хүн үрэгдэн ная гаруй хүн шархадсан юм. Москва энэ хэрэгт Басаевыг холбон сэжиглэж байв.
2003 оны есдүгээр сарын 3: Кисловодск-Минеральные Воды хотуудын цахилгаан галт тэрэгний вагонууд дор хоёр бөмбөг дэлбэрч зургаан зорчигч амиа алдсан байв. Үүнээс гурван сарын дараа тэнд дахин дэлбэрэлт хийгдэх үеэр 42 хүн алагдан 100 гаруй хүн шархаджээ.
2003 оны арванхоёрдугаар сарын 9: Москвагийн төвийн “Националь” зочид буудалд амиа золиослогч бөмбөг дэлбэлж, зургаан хүний аминд хүрэв. Арав гаруй хүн шархаджээ. Мэргэжлийн хүмүүс тэсрэх төхөөрөмж байж болох нэгэн ууртай зүйлийг тэндээс илрүүлээд дэлбэлэн устгасан байна.
2004 оны хоёрдугаар сарын 6: Москвагийн “Автозаводская” станцаас “Павелецкийн” станцын чиглэлд явж байсан метроны галт тэргэнд дэлбэрэлт болж 39 хүн алагдсан байна. 134 хүн шархаджээ.
2004 оны тавдугаар сарын 9: Грозный хотын төв цэнгэлдэхэд Ялалтын баяр тэмдэглэж байх үеэр аллага үйлдэгдэн Чеченийн Ерөнхийлөгч Ахмад Кадыров, тус улсын Төрийн зөвлөлийн дарга Хусейн Исаев нар ба өөр таван хүн алдагдсан байна. Үүний хариуцлагыг Басаев өөртөө авчээ.
2004 оны зургадугаар сарын 22: Чеченьчүүд Ингушетийн Назрань хот болон бусад суурингуудад өргөн цар хүрээтэй довтолгоо хийн төрийн байгууллагад халдлаа. Энэ үеэр 90 гаруй хүн үрэгдэн 100 гаруй хүн шархадсан байлаа.
2004 оны наймдугаар сарын 24: Москвагаас ниссэн хоёр Ту-154 онгоц зэрэг сүйрсэн юм. 89 зорчигч ба нисэх багийнхан бүгд үрэгдсэн байлаа. Оросын хүчнийхэн онгоцны сэгээс тэсрэх бодис гексогений ул мөрийг олж, уг ослуудыг террор гэж үзжээ.
2004 оны наймдугаар сарын 31: Москвагийн метроны “Рижская” станцын дэргэд дэлбэрэлт болсоны улмаас 11 хүн үрэгдэн 40 гаруй хүн шархаджээ. Амиа золиослогч уг хэргийг үйлдсэн байж магадгүй гэж эрх баригчид үзэв.
2004 оны есдүгээр сарын 1: Хойд Осетийн Беслан хотын нэгдүгээр дунд сургуулийн сурагч, эцэг, эхчүүд, багш нар зэрэг 1200 хүнийг чеченийн дайчид барьцаалан Оросын цэргийг Чечениэс гаргахыг шаардсан байна. Гурав хоногийн турш барьцааны хүмүүсийг тэсрэх төхөөрөмж тавьсан спорт зааланд барьж байв. Тэднийг дайран чөлөөлөх үеэр 334 хүн үрэгдсний 186 нь хүүхэд байлаа.
2007 оны наймдугаар сарын 13: “Невский экспресс” хурдан галт тэрэг замаас гарч 60 гаруй хүн нэрвэгдсэн байна. Азаар хүний амь үрэгдээгүй билээ. Хожим 2010 оны эхээр энэ хэрэгт сэжиглэгдсэн хоёр ингуш хүнийг шүүх зөвтгөсөн ч бусад зүйл ангиар эрүү үүсгэн ялласан юм.
2009 оны арваннэгдүгээр сарын 27: “Невский экспресс” хурдан галт тэрэг замаас гарах үеэр 28 хүн амиа алдан 90 гаруй нь бэртэл авсан байв. Хорлон сүйтгэгчдийн ажиллагаа гэж үзсэн байна. Гэхдээ техникийн гэмтэл гэсэн хувилбарыг ч ярьж байлаа.
2010 оны гуравдугаар сарын 29: Москвагийн метроны “Лубянка” ба “Парк культуры” станцуудад амиа золиослогч хоёр эмэгтэй тэсрэх төхөөрөмжийг дэлбэлэн 40 хүний аминд хүрлээ. Жар гаруй хүн шархадсан байв.