
IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны жин жингийн шилдэг 16 бөхчүүдийн оролцдог “World Masters” тэмцээн нэгдүгээр сарын 15, 16-нд Азербайжаны Баку хотноо болно. 2011 оны жүдо бөхийн анхны олон улсын чанартай томоохон тэмцээн болох шилдгүүдийн халз тулаанд манай улсаас Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа тэргүүтэй зургаан жүдоч тэмцээнд оролцох эрхтэй болоод байна. Эрэгтэйчүүдийн 66 кг-д дэлхийн чансааг манлайлж буй Х.Цагаанбаатар, мөн 66 кг-ын жинд тавдугаарт бичигдсэн С.Мияарагчаа нараас гадна Г.Болдбаатар /эрэгтэй, 60 кг/, С.Ням-Очир /эрэгтэй, 73 кг/, М.Бундмаа /эмэгтэй, 52 кг/, Ц.Мөнхзаяа /эмэгтэй, 63 кг/ нар Хятадад болсон гран-при тэмцээний дараачаар шинэчлэгдэн гарсан чансааны жагсаалтад жингийнхээ ангилалд шилдэг 16-д багтаад байна. Түүнчлэн 60 кг-д Д.Төмөрхүлэг, -100 кг-д Б.Тэмүүлэн нар чансаагаараа 17 дугаар байрт, харин эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг 18 дугаар байрт эрэмбэлэгдсэн бөгөөд өмнө нь байгаа тамирчдаас ямар нэг шалтгаанаар тэмцээнд оролцохгүй тохиолдолд манай жүдочид шилдэг 16-гийн халз тулаанд зодоглох боломжтой.
Бакугийн “World Masters”-т зодоглох жүдочид:
Г.Болдбаатар /эрэгтэй, 60 кг/
Х.Цагаанбаатар /эрэгтэй, 66 кг/
С.Мияарагчаа /эрэгтэй, 66 кг/
С.Ням-Очир /эрэгтэй, 73 кг/
М.Бундмаа /эмэгтэй, 52 кг/
Ц.Мөнхзаяа /эмэгтэй, 63 кг/
Дашрамд сонирхуулахад, “World Masters” тэмцээнд дагах барилдаан хийхгүй, шууд хасагдах журмаар үргэлжилнэ. Тэмцээний шагналын сан 200 мянган ам.доллар бөгөөд аваргын алтан медалийг 6000, мөнгө, хүрэл медалийг 4000 ба 2000 ам.доллар дагалдах ажээ.
С.Цэлмэг